Сүхбаатар аймгийн "Шарга-Бороо-2", Хэнтийн "Хэнтий-Бороо-1", Дорнодын "Онон Бороо-1", Дорноговийн "Шанд-Бороо-1" экспедицүүд өнгөрсөн тавдугаар сарын 30-нд цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулсан талаар Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв. "Шарга-Бороо-2" экспедиц Баруун-Урт сумаас 20-30 км-т Баянгол, Шаргын говь гэдэг газраас 10 пуужин хөөргөж үүлэнд 30 грамм реагент оруулж, 3000 триллион ширхэг борооны дуслын зохиомол цөм үүсгэсэн байна. Үүний дүнд Онгон, Асгат сумын нутагт 10 мм, аймгийн төвд 6.5 мм бороо оржээ. Энэ нь сард ордог олон жилийн тунадасны ихэнх хэсгийг эзэлж байгаа аж. Мөн Дарьганга, Баяндэлгэр, Сүхбаатар зэрэг сумын нутгаар дунджаар 4.8 мм бороо оржээ. Харин "Онон-Бороо-1" экспедиц Баянтүмэн сумын Цайдмын хөндий, Булган сумын Хүйсийн ар гэдэг газраас зургаан пуужин хөөргөн, үүлэнд 18 грамм реагент оруулсан аж. Ингэснээр Матад, Халхгол сумдын цаг уурын өртөөн дээр 3-6 мм бороо орсон байна.
Мөн Дорноговь аймгийн "Шанд-Бороо-1", "Шанд-Бороо-2" экспедицүүд Зүүнбаянгийн Хар уул, Хамрын хийд, Алтанширээ сумын Долоодын говь, Дэлгэрэх сумын Задгайтын гол, Цагаанхад баг, Чандмань, Мэлхийт, Зараа баг зэрэг газраас нийт 52 пуужин хөөргөснөөр ихэнх нутгаар бороо орсон байна. Мөн нутгийн малчнаас авсан аман мэдээгээр улсын хилийн дагуу их хэмжээний бороо орж үерийн ус урссан хэмээн ярьжээ.
А.Зул