“Бөхчүүд ёс зүйтэй байх ёстой”

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

“Бөхчүүд ёс зүйтэй байх ёстой”

-Бөхчүүд ялангуяа хоёр Дархан аваргыг муудалцахаас болгоомжилж засуулуудын энгэрт камер байрлуулах гэнэ-

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хүчит бөхийн барилдаанд хоёр дархан аваргын хэн нь зүүний жигүүрийг манлайлж барилдах асуудлаар хаалттай хуралдлаа. Хорооны гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуулинд зааснаар энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй үзсэн аж. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Батзоригоос тодрууллаа.

-Баяр наадам болоход аравхан хоног үлдээд байна. Хоёрдархан аваргын хэн нь зүүнийг магнайлах вэ гэсэн маргаан иргэдийг талцуулах болсон. Наадмын комисс ямар шийдвэр гаргав?

-Хуралдаанаас Үндсэний их баяр наадмын тухай хуулиа баримтална. Өөрөөр хэлбэл, амжилтаар нь эрэмбэлэх нь зүйтэй гэж үзсэн. Үнэндээ сошиал ертөнц, хэвлэлээр энэ сэдвийг томруулаад байгаа болохоос хэн нэг нь хоёр манай салбар хороонд хандсан зүйл алга. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж хоёр аваргад Дархан аварга цол нөхөн олгосон. Ингэхдээ 08 үнэмлэхийг А.Сүхбат, 09 үнэмлэхийг Г.Өсөхбаярт олгосон байдаг. Өнгөрсөн жил А.Сүхбат зүүний манлай, Г.Өсөхбаяр барууны манлайд гарсан. Үндэсний их баяр наадмын тухай хуульд Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрмийн 3.5-д бүртгүүлсэн бөхчүүдийг цол болон амжилтаар нь эрэмбэлнэ гэж заасан байдаг. Тиймээс хэн, хэн барилдах, хэнийг яаж эрэмбэлэх вэ гэсэн жагсаалтыг Монголын Үндэсний бөхийн холбоо хуульд заасны дагуу гаргах ёстой. Тиймээс энэ дүрмээрээ л явна хэрэгтэй гэж үзсэн. Барилдаан болохоос долоо хоногийн өмнө бөхчүүдээ бүртгэж дуусаад эрэмбэлэх юм. Одоо маргалдаад байгаа хоёр дархан аварга барилдах эсэх нь тодорхой болоогүй байна шүү дээ.

-Тэгэхээр хуулийн дагуу эрэмбэлэх ёстой гэлээ. Тэгэхээр зарлиг гардсан үнэмлэхний дугаараар юм уу, эсвэл амжилтаар нь эрэмбэлэх ёстой юу. Үүнд тодорхой хариулт өгөөч?

-Шадар сайдаар ахлуулсан Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, хуулийн дагуу амжилтаар эрэмбэлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Хэн нэгэн бөх хуулиа үл хүндэтгэсэн ёс зүйгүй байдал гаргавал бид хуулийн дагуу шийдвэрээ гаргана.

-Үндэсний бөхийн холбооноос гаргасан шийдвэрийг хоёр Дархан аварга хүлээн зөвшөөрөхгүй, өнгөрсөн жилийнх шиг маргаан гаргавал яах вэ?

-Төрийн наадамд бөхчүүд ёс зүйтэй байх хэрэгтэй. Ямар нэгэн маргаан гарахаас сэргийлж салбар хорооны гишүүд засуулууд энгэрийн камертай ажиллана.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж