Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадам болоход ердөө арав гаруй хоногийн хугацаа үлдээд байна. Наадмын талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд хаана хандах, наамдын тасалбар болоод Цэнгэлдэх, Хүй долоон худаг орчимд зорчих автомашины зөвшөөрлийг хэрхэн авах талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Хуушуур худалдаалах зөвшөөрлийг олгож эхэлжээ
Хүй долоон худагт хуушуур худалдаалах зөвшөөрөл 200, хүнсний бараа худалдаалах 80 орчим, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур хийж зарах 500 орчим зөвшөөрлийг иргэдэд олгох гэнэ. Ингэхдээ аж нэгж байгууллага бус иргэдэд түлхүү олгох чиглэлийг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас дүүргийн удирдлагуудад өгчээ. Баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг өнгөрсөн зургаадугаар сарын 25-наас эхлэн дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтсүүдэд авч эхэлсэн. Иргэд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, халдварт өвчингүй болохыг гэрчлэх шинжилгээний хуудас, тогоочийн мэргэжлийн үнэмлэх, асар майхны зураг зэрэг бичиг баримтыг бүрдүүлэн харъяа дүүрэгтээ хандах хэрэгтэй аж. Мөн дүүргүүд тус бүрдээ ижил өнгийн асраар жигдрэх тул харъяа дүүрэгтээ хандсаны дараа сонголтоо хийх нь зүйтэй юм.
Наадмын тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн худалдаална
Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын ёслолын ажиллагаа, бөхийн барилдаан үзэх тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн худалдаалж эхэлнэ. Энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга М.Отгонбаяраас тодруулахад “Наадмын тасалбар авах гэсэн иргэд жил бүр хонон өнжин дугаарлаж, багагүй чирэгдэл учруулдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх үүднээс нэг хүнд дөрвөн ширхэгээс илүү тасалбар худалдаалахгүй байх шийдвэр гаргасан. Саравчтай хэсэгт суух тасалбар 24 мянган төгрөг, наран талдаа суух суудлын тасалбар 16 мянган төгрөг” гэлээ.
Харин автомашиныг зөвшөөрлийг хаанаас хэрхэн өгөх нь тодорхойгүй байгаа аж.
Д.ЖАРГАЛ