Авто худалдааны цогцолборын эхний ээлж өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад орно гэж байв. Гэвч үүнээс хойш найман сар өнгөрлөө. Энэ хугацаанд цогцолборын нээлт дөрвөн удаа хойшилжээ. Төлөвлөгөө ёсоор аль өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад орох байсан ч ажил удааширч, аравдугаар сар бус энэ оны гуравдугаар сар, дараа нь зургадугаар сар болж хойшилсон. Гэтэл өнөө зургадугаар сар нь өчигдрөөр дуусгавар боллоо. Цогцолборын сураг бас л гардаггүй ээ.
“Замаас болж хойшилсон гэв”
“Урт настай, удаан жаргалтай” цогцолборын ажил дуусах дөхөж байна уу хэмээн асуув. Сая нэг чихэнд чимэгтэй мэдээ сонсогдов. Уг нь цогцолборын ажил дуусчээ. Тэд эхний ээлжинд ашиглалтад оруулах 30 га газрынхаа тохижилт, асфальтан хучилт, зогсоолын талбайн ажил зэргийг бүрэн дуусгасан гэв. Гагцхүү цогцолбор руу явах замыг тавиагүй нь тушаа болсон хэмээн тайлбарлалаа.
Цогцолборын тохижилттой цуг эхлүүлэх байсан замын ажлыг одоо л эхэлжээ. 22-ын товчооноос Авто худалдааны цогцолбор хүртэлх 1.5 км урттай замын тендэрийн ажил саяхан дууссан байна. Ингээд гүйцэтгэгч компани ажлаа эхлүүлэх гэж байгаа гэх мэдээг хэлэв. Ямартай ч наадмаас өмнө замын ажлыг эхлүүлнэ гэв.
Хэрвээ энэ зам л баригдчихвал авто худалдааны цогцолборын эхний ээлж ашиглалтад ороход асуудалгүй хэмээн тайлбарлаж байна.
“Цогцолбор ямар байх вэ?”
Цогцолборын дөрвөн талбайд 6000 гаруй автомашины зогсоол, сэлбэг хэрэгслийн төв, банк санхүү, даатгал, даатгалын зуучлагч байгууллага, нотариат, Автотээврийн үндэсний төвийн салбар байрлана. Цогцолбор ашиглалтад орсон тохиолдолд иргэд тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, гаалиар орж ирсэн албан бүртгэл, тээврийн хэрэгслийн техникийн үзлэг зэргийг энд ирж хийлгэх юм. Эхний ээлжинд 6000 гаруй автомашины зогсоол байрлана.
Авто худалдааны цогцолбор нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 130 га талбайд байрлана. Авто худалдааны цогцолборын хувьд Нарантуул захаас долоо дахин том байх юм. Энд 11 мянга гаруй суудлын болон жийп, 1100 гаруй автобус, хүнд даацын автомашины худалдаа, сэлбэг хэрэгслийн 300 орчим павильон, үйлчлүүлэгчдийн 1500 орчим зогсоол, автомашины туршилтын талбай 4.4 га талбайд байрлана.
Б.ЗАЯА