“Хуучин феодал ба лам нарын гайг мөн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улсын ихэнх хуучин хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн, ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосон хоцроход тулжээ” Д.Нацагдрорж “Хуучин хүү”.
Одоо цаг ба оюуны хоосрол
“Мунхгийн зовлон мөнхийн харанхуй байдаг” гэж дээрхийн гэгээнтэн XIV далай лам айлдсан нь бий. Гэрлийн хурдаар хувьсан өөрчлөгдөж буй дэлхий утасгүй хавтгай болохын хэрээр сошиал ертөнцийн соёлын довтолгоо Монголд ч хүчтэй өрнөж байна. Фейсбүүк, твиттер гээд цахим ертөнцтэй амьдралаа холбосон дэлхийн том хувьсалтай хөл зэрэгцэн алхахаа сайрхах монголчууд “Chanel” үнэртүүлж, “LV” барьж, швейцарь цаг зүүж, герман машин уналаа гээд хөгжсөнгүй, сэтгэлгээний хувьд асар том доройтолд орсныг өнгөрөгч ням гаригт болсон Хаан тодруулах ёслол харуулав.
Энэ ёслолыг зохион байгуулахад 16 сая төгрөг болсныг И.Мөнхсаруул дуулгасан бол С1 телевизийн мэдээнд хамгийн багадаа 80 сая төгрөг зарцуулсан талаар дурдсан юм. “Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү” уг нь бидэнд хамаагүй. Гэвч,асуудлын гол нь мухар сүсэгт сохроор итгэсэн шашны фанатуудыг ашиглан нийгмийн тархийг угаах оролдлого сүүлийн үед маш нарийн зохион байгуулалттай, асар том санхүүжилттэй, бодлогын “хэрэгсэл” болж хувирсанд байгаа юм. Өнгөн дээрээ хувь хүний эрхийн асуудал ч гэлээ үнэндээ энэ сэдэв манай нийгмийн хамгийн эмзэг цэг болжээ. Шашны фанатууд хэт олшрох нь улс орны хөгжил, муугаар бодох юм бол үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, тэднийг ашиглан шашны террор хийхгүй гэсэн баталгаа байхгүй билээ.
Төрийн сайдаас эхлээд түмний дунд өөрийгөө бөө, удган, лам хуварга, бариач засалч хэмээн нэрлэж, бусдын айдас, итгэл үнэмшлийг ашиглан амь нас, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөнд нь халдах явдал ч бараг хэвийн үзэгдэл болох шинжтэй.
Галзуу хүнд галзуурсан гэж хэлж болдоггүй гэгчээр солиотнуудыг өдөөж, дөгөөж байгаа нь ч бидний буруу. Иргэд мунхаг харанхуй, ядуу зүдүү байх нь ард түмнийг цагаан цаас гэж боддог хэдэн улстөрчдөд ашигтай биз. Ид шид, далдын хүч, чөтгөр шулам, бөө удганд итгэх итгэл нийгэмд өндөр байгаа нь төр засгаас нийгмээ соён гэгээрүүлэхэд анхаарах цаг болсны нэг илрэл ч биз. Хаан тодруулах ёслол бол монголчуудын нэг хэсгийнх нь толь. Толинд туссан дүр маань ийм л гунигтай бас эмнэгэлтэй харагдаж байна. Илэрч харагдсан “өвчтөн” нь И.Мөнхсаруул болохоос биш, тэрхүү үйл ажиллагааг зохион байгуулсан, сурталчилсан, оролцсон бүгд асуудалтай гэдгийг бид нүдээрээ харлаа. Мөнгө хүчтэй, монголчууд бид юуг даган дууриаж байгаагаа бодох цаг болсон байна.
Үнэндээ эмчид очихоосоо илүү ламд мөргөдөг, өнчин ядуусыг хооллохоосоо илүү суварга бүтээдэг, цагдаад хандахаасаа илүү бөөд очдог хүмүүс олон байгаа. Зүй нь өвдсөн бол эмчид, хулгайд юмаа алдсан бол цагдаад хандах ёстой юм. Түүнээс бөө, удган, лам хуваргууд өвчин зовлонг нь эмчлээд өгчихдөг байсан бол энэ олон эмнэлгийн үүдэнд тэр олон хүн дугаарлах шаардлага байхгүй юм. Өнгөрсөн жил өдөржин бөөлүүлчихээд орой харих замдаа машинтайгаа нүхэнд унаж амь насаа алдсан эмгэнэлтэй явдал нэгэн гэр бүлд тохиолдсоныг хэвлэлээр хүртэл мэдээлж байсан билээ. Бидний мунхаг харанхуй байдал өнөөдөр хэн нэгний мөнгө олох, баяжих, бүр улс төрийн зорилготой арга хэмжээ болон хувирчихжээ гэхэд буруудахгүй биз. “Зуд болоход нохой зоолдог, зовлон болоход лам баяждаг” гэсэн үг ч байдаг. Монголчуудын сохор сүсгийг ашиглан Оросын “Зөн билгийн тулаан”-ы оролцогчид чамгүй мөнгө хийгээд буцсан талаарх мэдээ ч үе, үе сонсогддог билээ. Тэр тусмаа тэдэнд үзүүлэхээр манай төр засгийн томчууд сая, сая төгрөгөө бариад дугаарлан зогссон гэх. Зарим нэг сайд хүн хартай уулзахдаа өдөр судар хардаг гэсэн инээдтэй мэдээ ч дуулдаж байв. Ийм төр засагтай улс мөнхийн харанхуйд автахаас яахав.
Брэнд өмссөн “ядуу” монгол
Хаан тодруулах ёслол Тавантолгойн хэрүүлийг түр мартагнуулав. Сошиал ертөнцөөр хэн “хаан” байсан бэ гэсэн бүхэл бүтэн хэлэлцүүлэг өрнөв. Хэн хааныг тодруулах, хэн хаанаар тодрох нь инээдэм биш. Тэгээд ч энэ бол зохион байгуулалттай үйл ажиллаага гэдэг нь тодорхой байсан юм. Дээд боловсролын дипломтой хүний тоогоороо Монгол нэгдүгээрт бичигддэг. Дээд боловсролын дипломгүй хүн бол хүн биш болсон. Гурван сая хүн амтай Монгол Улсад 130 орчим их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаас нь дүгнэвэл монголчууд шиг “гэгээрсэн” бичиг, номд нэвтэрсэн улс цөөхөн. Гэвч, “XXI зууны эхний Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал” гэсэн судалгааны дүн өөрийг хэлж байна. Уг судалгааг харахад орчин үеийн монголчуудын 75 орчим хувь нь бөө, удган, лам хуваргаас тусламж, дэмжлэг авч байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Уг судалгаанд Монголд 20-иод төрлийн 300 гаруй шашны байгууллага үйл ажиллагаа явуулж, эдгээр шашны байгууллагаас 80 нь буддын, 270 нь христийн, 11 нь бөө мөргөлийн чиглэлээр зөвшөөрөл авсныг өгүүлжээ.
Сүүлийн таван жилд Монголын төр баялаг тойрч талцаж хэрэлдсэнээс бус монгол хүнийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухаанаа хөгжүүлэх талаар дорвитой бодлого хэрэгжүүлсэнгүй. Тэр хэрээр ч брэнд өмссөн тархины тураалтай хүмүүс нийгэмд олширч байна. Татвар битгий төл гэж байгаа С.Жавхлангийн үйлдэл оюуны санааны хоосролын нэг илрэл шүү дээ. Дэлхий сөнөнө гэж итгүүлээд номоо шахчихсан авгай хаана байна. Түүнтэй хэн хариуцлага тооцсон бэ. Түүний үгэнд доктор хүртэл үнэмшсэн гэхээр Монголын боловсролын системд доголдол байна гэсэн үг. Монголдоо нэртэй бизнесмэн, улстөрчид олны өмнө Осгонбаяр ламд алгадуулаад сууж байсан тохиолдол бий. Бумба тахиад баяжина, зоос шэйрлээд мөнгөжинө гэсэн ойлголттой “сэхээнтнүүд” ч олон. Аливаа зүйл хэм хэмжээнээсээ халиад ирэхээс асуудал дагуулдаг. Өнөөдөр “хаан, заанаа” тодруулах ч яах вэ. Инээдэм, ханиадам болоод өнгөрдөг юм байгаа биз. Харин монголчууд хаа хүрэх вэ гэдгээ тодорхойлох цаг болчихсон юм биш үү?
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ