“Оюуны өмчийг дээдлэгч” өргөмжлөлийг банкуудад гардуулав

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

“Оюуны өмчийг дээдлэгч” өргөмжлөлийг банкуудад гардуулав

Оюуны өмчийн асуудал хурцаар тавигдах болсон өдгөөд нэгэн сонирхолтой өргөмжлөлийг банкны салбарынхан өнөөдөр хүртлээ. Голомт, Хас, Худалдаа хөгжлийн банкууд АНУ-ын Майкрософт корпорацитай хамтран ажиллаж, дэлхий нийтийн хэмжээнд хамгийн найдвартайд тооцогддог программ хангамж, дагалдах үйлчилгээг албан ёсны зөвшөөрөлтэйгээр ашиглах болсноо баталгаажуулав. Худалдаа хөгжлийн банк 2013 оноос, нөгөө хоёр банк нь өнгөрсөн оноос эхлэн Майкрософтын программ хангамжийг хэрэглэж байгаа бөгөөд ингэснээр харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг найдвартай хангаад зогсохгүй санхүүгийн талаарх бүхий л мэдээллийн нууцлалыг бүрэн хангана гэдгийг Майкрософт корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Б.Батбаяр онцоллоо. Харилцагчдын мэдээллийн аюулгүй байдал гэдэг банзны үйлчилгээний нэг гол үзүүлэлт. Гэтэл манай улсын хувьд мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл учруулах аюултай хуурамч программ хангамж газар авч нийт хэрэглээний 90 хувийг хамарсан байна. Ийм эрсдэлт нөхцөлд банкууд программ хангамжийнхаа аюулгүй байдлыг хангаж байгаа нь харилцагч, хэрэглэгчдэд ч эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг банкны захирлууд тодотгосон юм. Өргөмжлөлийг Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/, Монголын банкны холбоо, Майкрософт компаниас хамтран олгож бафйгаа бөгөөд Голомт банкны гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэ, Хасбанкны гүйцэтгэх захирал М.Болд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ нар өргөмжлөлийг гардан авсан юм.

Азийн 25 орныг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр жагсаахад манай улс банкны салбарын хөгжлийн индексээр гуравдугаарт жагссан гэдгийг Банкны холбооныхон тодотгож байсан бөгөөд арилжааны банкуудын дагаж мөрдөх найман зарчмын долдугаарт ил тод, хариуцлагатай байх зарчмыг тусгажээ. Банкны салбарын үйл ажиллагаа бол зөвхөн зээл, эдийн засаг, бизнес биш нийгэм, байгаль экологийн салбарт ч манлайлагч байя, бусдад зөв жишээ үзүүлэгч байхаар заасан байдгийг ч дурдлаа. Тиймээс программ хангамжийн найдвартай ажиллагааг хангахад банкууд манлайлснаар хожил нь эцсийн хэрэглэгчдэд очно гэсэн үг юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж