Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Монголд тавтай морил

News агентлагийн тоймч Л.Нарантөгс

Япон улсаас сурвалжилж байна.

Танайд юу хийх боломжтой вэ? Хууль эрх зүйн орчин чинь ямар вэ, та бүхэн чөлөөтэй бизнес эрхлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж чинь хэр бол. Танай иргэдийн худалдан авах чадвар хэр вэ? Бидний ноу хау орсон бүтээгдэхүүнийг хэрхэн хүлээж авах вэ? Танайх ашигт малтмалаас гадна юугаараа ялгарах онцлогтой юм… Бид хөрөнгө оруулалт хийснээрээ юу хожиж, та нар юутай үлдэхийг хэлээд өгөөч!

Бидний тухай Хубилай, сумочдоос маань цааш хэтрэхгүй мэдлэгтэй японы бизнесмэнүүд ийн асууж байна. Тэдний олонх нь бидний талаар тодорхой төсөөлөлгүй. Харин манай бизнесийнхэн тэдэнд төдийлөн сайн мэдээлэл өгч чадахгүй байгааг нуух хэрэггүй.

Гэхдээ харилцан биедээ ашигтай ажиллахаар Монгол-Японы бизнес эрхлэгчид, компаниуд өргөтгөсөн уулзалт хийж, биенээ судалж буй юм.

Ямартай ч тэдэнд бид ямар боломж олгож, юуг санал болгож буйгаа Монгол-Японы төр, бизнесийн хамтарсан уулзалтын үеэр илэрхийллээ. Монголын талаас МҮХАҮТ, Японы талаас ЖЕТРО-ийн аж үйлдвэр, бизнесийн хөгжлийг дэмжих газар хоёр талын бизнесийнхнийг багцлан уулзуулсан уулзалтаар бидэнд хамтарч ажиллах ямар боломж буйг харилцан санал солилцов.

Тэдэнд өгөх хамгийн анхны мессэж бол ердөө “Манай зах зээл, эрх зүйн орчны тухай” байв.

Тиймээс ч төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, цаашид хамтран ажиллах боломжийн талаар Аж үйлдвэрийн яамны ТНБД Д.Нямхүү танилцуулсан. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний бүтцийг авч үзвэл, 2014 оны байдлаар ДНБ-ний 30.2 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлж байна. Харин боловсруулах үйлдвэрлэлийн салбар ДНБ-ний 10.6 хувийг бүрдүүлж байна гэсэн статистик тоо баримт бийг Японы бизнесийнхэн ихэд гайхан хүлээн авч буй харагдана лээ.

Гэхдээ бид тэдэнд дуулгах таатай мэдээ бий. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл өсч, 2014 оны эцэст 12.2 их наяд төгрөг болж энэ нь өмнөх оныхоос 17.1 хувиар өссөн нь тэдний анхаарлыг татсан тоо байв.

Тиймээс ч “Манай улс 2014 оны байдлаар дэлхийн нийт 131 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 11.01 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 5.8 тэрбум ам.доллар, импорт 5.2 тэрбум ам.доллар хүрч гадаад худалдааны тэнцэл 537.9 сая ам. долларын ашигтай гарсан. Гадаад худалдааны нийт эргэлтийн 3.6 хувийг, экспортын 0.4 хувийг, импортын 7 хувийг Япон улстай хийсэн худалдаа эзэлж байна” гэдгийг Д.Нямхүү онцолсон.

Тэгвэл технологи, машин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж буй япончуудад Монгол улсад, махны, ноос, ноолуурын, чацарганы, арьс, шир, оёмол үйлдвэрлэлийн, аялал жуулчлалын, уул, уурхай дагасан үйлчилгээний, мэдээлэл холбооны өндөр технологи, инновацийн кластерүүдийг хөгжүүлэх боломжтой гэж үзэн аж үйлдвэрийн паркуудыг байгуулахаар ажиллаж буйгаа танилцуулж, хамтрахыг санал болгосон.

Японы хөрөнгө оруулагчдад санал болгож буй нэг онцлог нь Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ. Энэхүү хэлэлцээгээр,

-Хоёр орны хооронд худалдаалж буй бараанд ногдуулж байгаа тарифыг хөнгөлж, чөлөөлнө.

-Монголын түүхий эдийг татварын хөнгөлөлттэй нөхцлөөр Япон Улс руу импортлох боломжтой.

-Хөрөнгө оруулагч болон хувь хүн хооронд байгуулсан лицензийн гэрээний хувьд лицензийн гэрээнд төлбөр ногдуулахгүй, мөн гэрээнд хугацаа заахгүй байх хөнгөлөлт үзүүлнэ.

-Худалдааны шугамаар богино болон урт хугацаагаар гэрээний үндсэн дээр ажиллах хүч авах боломж зэрэг давуу талуудыг бий болгоно.

Европын холбооны улсуудын зах зээлд 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг “0” тарифаар нийлүүлэх боломжинд хамрагдана.

Мөн дэлхийн томоохон зах зээл болох БНХАУ, ОХУ-тай худалдаа эрхлэх газар зүйн, эдийн засгийн, болон улс төрийн таатай орчин бүрдсэн.

Хөдөө аж ахуй болон уул уурхайн түүхий эд материалын хувьд арвин нөөцтэй ба түүнд түшиглэн боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах, ашиглах, хөрөнгө оруулах боломж бүрдсэн. Эдгээр түүхий эдүүдийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргах тохиолдолд НӨАТ зэрэг татварын хөнгөлөлт чөлөөлөлтүүд үзүүлэх боломжтой. Нэмүү өртгийн албан татварын тухай хуулиар уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргах тохиолдолд НӨАТ төлдөггүй ба бидний УИХ-д өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсанаар арьс шир, ноос, ноолууран эцсийн бүтээгдэхүүн экспортлох тохиолдолд мөн тэг /0/ хувийн НӨАТ-тай байхаар зохицуулалт орж байгаа зэргийг дурдаад, “Welcome to Mongolia” гэдгийг манай тал санал болгож байна.

Энэхүү уулзалтын үеэр японы тал ямар байр суурьтай байгааг Японы хувийн “Жетро-ийн аж үйлдвэр, бизнесийн хөгжлийг дэмжих газрын захирал Ж.Иший “Хоёр улсын хувийн хэвшлийг хооронд нь уулзуулж, санал солилцуулна гэдэг бол чухал асуудал. Өнөөдөр Японы томоохон корпорациуд төдийгүй, Японы эдийн засгийг нуруундаа үүрч яваа жижиг, дунд үйлдвэрийнхэн их хэмжээгээр оролцож байна. Хоёр улсын эдийн засагт жижиг дунд үйлдвэрийн нөлөө их учраас тэднийг хооронд нь холбох ажлыг хийх нь чухал. Нөгөө талаар маш чухал нэг асуудал нь япон хэлээр бүх мэдээллийг авах боломж. Энэ боломжийг нээж өгвөл худалдаа, хөрөнгө оруулалт тэлэхэд их нэмэртэй. Үүнийг хийхийг бидний зүгээс хүсч байна” гэдгийг онцолж байна. Тэдний хүсч буй гол асуудал нь хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин. Гэхдээ түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд эрх зүйн орчныг сайжруулах томоохон алхам болсон гэдгийг тэд хэлж, таатайгаар хүлээж авч байна.

Япончуудын хамгийн түрүүнд сонирхож, хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаа салбар гэвэл ашигт малтмалын салбар. Гэхдээ тэд ганцхан түүхий эд импортлох бус боловсруулах салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна. Дээр нь үүнээс дутахааргүй салбар байгаа нь хөдөө аж ахуйн салбар. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулаад Японд нийлүүлэх. Гэвч бидэнд нэг дулимаг асуудал байгаа нь тээвэрлэл. Далайд гарцгүй учраас хоёр хөршийнхөө аль нэгээр нь дамжуулж Япон руу тээвэрлэх болдог учраас бэрхшээлтэй асуудал гарч байжээ. Тиймээс ложистикийг хөгжүүлэх нь бидний зайлшгүй хийх ёстой асуудал болж байна. Дараагийн ээлжинд Японы технологийн дэвшлийг нэвтрүүлэхийг бидэнд санал болгож байна. Харин Японы хөрөнгө оруулагч нартай уулзахад хэлж буй ганцхан зүйл нь “тодорхой мэдээлэл хомс байна” гэх хариулт.

Манай бизнесийнхэн ч тэдэнд өөрсдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, уйгагүй оролдож байж хөрөнгө оруулалтыг татна гэдгээ сайн ойлгожээ. Тиймээс ч цөөхөн монголчууд 120 сая япончуудтай маш олон уулзалт хийж, өөрсдийгөө танилцуулж байж хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжтой болно гэдгийг онцолж байна. Энэ удаагийн уулзалтаар олон арван салбарт хамтран ажиллаж санал гаргаж буй бөгөөд үүнээс ердөө ганц нь бүтэхэд л түүнийг дагасан ажлын байр, мөнгө, техник, технологи орж ирэх юм.

Таатай мэдээлэл гэвэл Японы дунд, дундаас дээш орлоготой хүмүүст зориулсан сүлжээ дэлгүүрээр эхний ээлжинд таван сая иений бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд бичигт гарын үсэг зурлаа. Ирэх жилээс энэ гэрээний дагуу таван сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлж эхэлнэ. Гэх мэтчилэн тэднээс хөрөнгө босгох, таатай нөхцлөөр хамтран ажиллах сонирхол бидэнд байна. Харин тэдэнд бидэнд итгэж хөрөнгө оруулах, хамтран ажиллах хүслийг төрүүлэхүйц мэдээлэл хомс аж.

Тиймээс ч бид гадны хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийг бий болгохын тулд дөрвөн уулынхаа хэлэлдээд суух бус гадаадад зөв мэдээллээ цэгцтэйгээр түгээж, тэдэнд өөрсдийгөө сурталчилах нь нэн тэргүүнд хийх ажил болжээ.

Дэлхийн талыг эзэлсэн гэж бид өвгөдөө дурсан цээжээ дэлддэг ч өнөөгийн бидний талаар тэд төдийлөн мэдэхгүй байна. Монголд хөрөнгө оруулалт хийхийг уриалах нэг өөр хэрэг. Харин яагаад хөрөнгө оруулах ёстой, ямар таатай боломж буйг ойлгуулж, мэдээлэл түгээх нь өөр ажил юмсанж.

Зүгээр мөнгө гуйх бус зөвөөр ойлгуулбал Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадны бизнесмэнүүд цөөнгүй байна гэдгийг энэ удаагийн уулзалт харуулж байна.

Дахиад хэлэхэд тэд биднээс бодит мэдээлэл, зөв харилцааг л нэхэж байна. Тиймээс ч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Чи итгээд л орсон бол үүдээ хаа” гэж хэлсэн нь аливаад сэтгэлийн хөөрлөөр бус нарийн тооцоо, бодит дүн, нягт нямбайгаар ханддаг япончуудын анхаарлыг татсан нэгэн мессэж болж чадав. Эхний ээлжинд бид япончуудад бүрэн дүүрэн мэдээлэл өгч чадаагүй ч ямар боломж, бололцоо, нөөц байгаагаа мэдэгдээд авлаа.

Л.НАРАНТӨГС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж