Европт гэдэсний савханцар E. coli нянгийн эх үүсвэрийг Германы эрх баригчид оллоо гэж Associated Press мэдээлээд өргөст хэмх, улаан лооль, салатны навч биш соёолуулж байсан шош, вандуйнаас дэгдсэн гэжээ. Доод Саксонийн Хөдөө аж ахуйн сайд Герт Линдеманн энэ талаар хэлсэн байв. Гамбург ба Ганновер хоёрын хооронд байдаг Ильцен районы нэг фермээс нянгийн эх сурвалжийг олжээ. Уг ферм нь төмс, улаан манжин, брокколи, вандуй шош зэрэг 18 төрлийн ногоо тарьдаг байсан гэнэ.
Нян усаар дамжин ногоонд наалдсан байж болох талтай бөгөөд шошийн төрлийн ногоог соёолуулахын тулд 38 градусын ууртай торхонд үрийг нь хадгалдаг байсан нь нян үржих таатай орчин болжээ. Ногоочин ногооны үрийг гадаадаас авдаг байсан аж. Үүнээс гадна уг фермийн хоёр ажилчин E.coli нянгийн халдвар авсан байжээ. Тэднийг эмнэлэгт хэвтүүлж фермийг хаагаад байгаа гэнэ.