Н.Батаа: Засгийн газраас гарах асуудал байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Н.Батаа: Засгийн газраас гарах асуудал байхгүй

Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Н.Батаа өчигдөр болсон тус намын ээлжит XI хурлын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Ардчилсан намын хорооны 132 гишүүнээс 110 нь хуралд оролцжээ. Тэд 2009 оны ажлын гүйцэтгэлээ дүгнэж Хяналтын дэд хороогоо шинэчилсэн байна. Тус хорооны даргаар Ц.Даваадоржийг томилжээ. Мөн тэргүүлэгчдээ шинэчилж баталсан аж. Өнгөрсөн жилийн гол амжилт гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч нийслэлийн есөн дүүргийн долоод ялсан явдал байжээ. Мөн нийслэлийн ИТХ-ын 20 суудлын 10-ыг авсан байна. С.Эрдэнэ дарга нийслэлийн Ардчилсан намын даргын ажлыг авсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хангалттай ажилласан гэж үзэж байгаа юм байна. Хурлаар Нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэд итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлыг хөндөж 110 гишүүний 43 нь уг асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн ч олонхи нь дэмжээгүй байна. Ротацийн сонгуулиар будилаан гарсан гурван дүүргийн гишүд жагссанаас болж хурлыг хаалттай хийсэн гэнэ.
Мэдээллийн дараа Н.Батаа дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Маргааш болох ҮЗХ-ны хуралаар ротацийн сонгуулийн маргаантай байгаа гурван дүүрэг, Дархан-Уул аймгийн асуудлыг яаж шийдэх вэ. Тэднээс ҮЗХ-нд шинээр оруулах гишүүдийг яах вэ?

-ҮЗХ маргааныг дангаараа авч шийдэхгүй. Намын Дотоод сонгуулийн хороо, Хяналтын ерөнхий хороо зэрэг бүтэц бий. Хяналтын ерөнхий хороог хэд хэдэн удаа хуралдуулах гээд чадаагүй. Маргаантай асуудлуудад лидерүүд нөлөөлсөн байдаг. Дотоод сонгуулийн хороо маргаантай асуудлыг шийдээд оруулж ирнэ. Хяналтын хороо энэ сарын 19-нд хуралдана.

-Ардчилсан нам Хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг ярих болов уу?

-Ямар асуудлыг ҮЗХ-гоор хэлэлцэхийг намын Гүйцэтгэх зөвлөл эцэслэж тогтооно. Одоогоор манай нам Засгийн газраас гарах асуудал байхгүй. Зүгээр санал солилцох гишүүд байхыг үгүйсгэхгүй.

-Намын удирдлагыг солих тухай асуудал хөндөх үү?

-Энэ тухай өчигдөр яриагүй. Ардчилсан нам Хамтарсан Засгийн газарт орох асуудлыг манай ҮЗХ-ны гишүүд олонхийн саналаар баталсан. С.Эрдэнэ бид бол эсрэг байсан. Ардчилсан нам Засгийн газарт ороогүй бол одоо гарч байгаа зөрчлүүдийг манай нам хянаад явж чадах байсан. Хамтарсан Засгийн газар Оюутолгойн гэрээг баталж, Тавантолгойг хөдөлгөөнд орууллаа. Сонгуулийн хууль зэрэг томоохон хуулиудыг хамтраад баталбал сайн байна. Гэвч Хамтарсан Засгийн газрын хийсэн ажил чамлалттай байгаа. МАХН-ын бэлнээр амласан 1,5 сая төгрөгийн асуудлыг ярьж байгаа болохоос биш Ардчилсан намын хувьцаа хэлбэрээр олгох нэг сая төгрөгийг огт ярихгүй байна. Энэ даалгаврыг манай ҮЗХ-ны гишүүд УИХ-ын гишүүддээ өгөх байх.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж