Балба дахь хүний бөөрний наймаа

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Балба дахь хүний бөөрний наймаа

Балба дахь хүний бөөрний наймаа

Анагаах ухаан хөгжиж, хүнд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийсээр багагүй хугацаа өнгөрлөө. Сайны хажуугаар саар гэгчээр хүнд өвчнөөр өвдсөн хүмүүст шинэ амьдрал бэлэглэх энэхүү ололтын нөгөө талд хүний эд эрхтний наймаа цэцэглэн хөгжиж, дэлхийг хэрсэн сүлжээ болтлоо өргөжөөд байна. Энэ тухай CNN “Эрх чөлөө” төслийнхөө хүрээнд цуврал нийтлэл хүргэж буйн нэг болох Балба улс дахь хүний бөөрний хулгайн тухай нийтлэлийг сийрүүлэн хүргэе.

Балбын нийслэл Катманду хотын гудамжинд эмчилгээндээ хандив гуйсан хүмүүсийн дүрх төрх түгээмэл болжээ. Энэ хот ядуу тарчиг амьдралтай ахимаг насны хүн ам ихтэй, эрүүл мэндийн даатгалын систем нь хүндээ хүрч үйлчилж чаддаггүй, өвчлөл өндөртэй гээд дэлхийн буурай хөгжилтэй орнуудаас ялгарах онцын зүйлгүй. Хүний эд эрхтэн наймаалдаг хар зах дээр хамгийн эрэлттэй эрхтэн нь бөөр байдаг аж. “Global Financial Integrity” байгууллагын тайланд дурьдсанаар энэ хар зах дээр жилдээ 7000 гаруй бөөр худалдаалагддаг. Хууль бус эд эрхтний наймаанаас жилдээ 514 саяас нэг тэрбум ам.долларын ашиг олдог гэжээ. Тус улсад хүний эд эрхтний наймаа хууль бусаар маш хурдацтайгаар цэцэглэн хөгжиж буй гэдгээрээ онцлог.

Бид Катманду хотын гудамжинд хүүгийнхээ бөөрний эмчилгээнд мөнгө олохоор гуйлга гуйж буй хосуудтай уулзлаа. Жит Махатур Магар болон түүний эхнэр хүүгийнхээ эмчилгээнд хадгаламжинд байсан бүх мөнгөө зарцуулжээ. Ингээд мөнгөгүй болж, хүүгийнхээ эмчилгээнд зарцуулах мөнгийг олохын тулд гудамжинд гарч гуйлга гуйж суугаа аж. Хүүгийн аав “Би хэзээ ч хэн нэгэн өөр хүн бөөрний дутагдал гэх энэ өвчнөөр битгий өвдөөсэй гэж бурхандаа залбирдаг” хэмээн хэлж байлаа. Гэвч түүний залбирлыг бурхан сонссонгүй юу дэлхий дээр хэдэн сая хүн энэ өвчнөөр шаналж байна.

Бөөрний төвд очих үед өвчтөнүүд тусгай аппаратаар цусаа цэвэршүүлэх эмчилгээ хийлгэж байв. Нэг өвчтний цусыг цэвэршүүлэхэд дөрвөн цаг шаардлагатай байдаг байна. Өвчтөн долоо хоногт дор хаяж гурван удаа энэ эмчилгээнд орсноор бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхгүйгээр амьд явах боломжтой аж. Харамсалтай нь энэ эмчилгээний зардлыг төлж дийлэх боломжтой хүмүүс ховор. Эхэндээ байгаа бүхнээ шавхан долоо хоног бүр эмчилгээндээ ордог, сүүлдээ санхүүгийн хүнд байдалд орсноор ихэнх хүмүүст гудамжинд гарч гуйлга гуйх зам л үлддэг байна.

БАЛБЫН “БӨӨРНИЙ БАНК”

Бид Кадмандугаас холгүйхэн орших Кавре дүүргийг зорьлоо. Эрх баригчид болон хүний эрхийн төлөө тэмцэгчид энэ дүүргийг Балба дахь хүний эд эрхтний наймааны хар захын төв гэж хэлсэн юм. Сүүлийн таван жилийн хугацаанд 300 гаруй хүн энэ дүүрэгт хууль бусаар бөөрөө хулгайлуулж хохирогч болсон тухай Хүний эрхийг хамгаалах байгууллагад мэдээлэл бүртгэгджээ. Гэхдээ бодит тоо үүнээс хавьгүй их гэж Катмандуд үйл ажиллагаагаа явуулдаг хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагынхан мэдэгдсэн юм. Хүний бөөрийг авдаг гэмт бүлэглэл нь санхүүжилт сайтай, зохион байгуулалт өндөртэй, ядуу боловсролгүй хүмүүсийг элсүүлсэн том сүлжээ байдаг байна. Сүлжээнд элсүүлсэн хүмүүс өөрсдийн тосгоныхон болон таньдаг мэддэг хүмүүсээ хуурч авчирч, бөөрийг нь авахг, зарим тохиолдолд айлган сүрдүүлж, ганц нэгээрээ явж байхад нь халдлага хийн ухаан алдуулаад бөөрийг нь авсны дараа гудамжинд гаргаад орхих тохиолдолд ч байдаг байна.

Хүний эрхийг хамгаалах форумын захирал, хүний эрхийн хуульч Ражендра Гимире “Эд эрхтний наймааны хохирогчдын тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа нь сэтгэл түгшээж байна. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь ард иргэдийн мэдлэг мэдээлэлгүй, ядуу байгаатай шууд холбоотой” гэлээ. Тус дүүргийг бөөрний донор хайсан хүмүүс олноор зорин ирж, хар зах дээр нь эгээтэй л гурил будаа авч байгаа юм шиг хүний бөөрийг наймаалцдаг байна. Тийм ч учраас энэ дүүргийг Балбын “Бөөрний банк” гэж нэрлэжээ.

“МАХ БУЦААД Л УРГАЧИХНА”

Навараж Парияр бол бөөрөө алдсан олон хохирогчдын нэг. Тэр Кавречуудын нийтлэг амьдралын хэв маягаар хоёр үнээнийхээ сүүг нь зарж, улирлын чанартай ажил олдсон үед нь хийн амьдралаа залгуулдаг нэгэн. Тэрбээр ядуу бас боловсролгүй. 2000 онд тэрээр барилгын ажил олж хийхээр хот оржээ. Түүний ажиллаж байсан газрын ахлагч нь түүнд нэгэн санал тавьсан байна. Хэрвээ түүнтэй хамт эмч дээр очоод биенээсээ хэсэг мах тасалж авахыг зөвшөөрвөл түүнд 30 мянган ам.доллар өгье гэжээ. Тэгээд мах дорхноо л буцаад ургачихна шүү дээ гэж түүнийг ятгасан байна. Парияр ч “Хэрвээ авахуулсан мах маань эргээд ургачих юм бол яагаад 30 мянган доллараар зарчихаж яагаад болохгүй гэж” хэмээн боджээ. Ингээд ахлагчийнхаа үгэнд орж, Энэтхэгийн өмнөд муж дахь Ченнай эмнэлгийг зорьжээ. Түүнд шинэ хувцас авч өгч, сайхан хоол ундаар дайлж байсан байна. Эмнэлэгт очихдоо түүнд хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч, түүний биеэс авах махыг өгөх хүнийг түүний эгч гэж хэлэхийг даалгасан байна. Түүнийг эмнэлэг байхад эмч энэ тухай ч лавлаж, тэрээр зааж өгсний дагуу төрсөн эгчийгээ гэж хэлжээ. Гэхдээ тэр эмчийн ярианаас kidney гэх үгийг хэд хэдэн удаа сонссон ч энэ нь бөөр /Балбад бөөрийг Mirgaula гэж хэлдэг байна/ гэх утгатай гэж огт мэдээгүй. Тэр нутгийн хэлийг мэдэхгүй байсан учраас эмч болон ахлагчийн ярьж байгаа яриаг огтхон ч ойлгохгүй байсан гэжээ. Ингээд хагалгаа хийсний дараа түүнд 20 мянга Балба рупий /ойролцоогоор 2500 орчим ам.доллар/ өгөөд гэрт нь буцааж, хэсэг хугацааны дараа бусад мөнгийг нь өгнө гэж амлажээ.

Гэвч түүнээс хойш дахиж түүнд мөнгө илгээсэн ч үгүй, тэр хүнтэйгээ ч дахиж уулзаж чадаагүй байна. Ингээд хэсэг хугацааны дараа эмчид очиж үзүүлээд өөрийнхөө бөөрийг алга болсон гэдгийг мэджээ. Одоо түүний биеийн байдал өдрөөс өдөрт муудсаар байнгын өвчин шаналгаатай байдаг болжээ. Тэрээр “Хэрвээ би үхчихвэл миний хоёр хүүхдийг Засгийн газраас харж хандана гэж л найдаж байна. Би хэзээ үхэхээ мэдэхгүй, өнөөдөр маргааш ч байж мэднэ” хэмээн ярьлаа. Түүний ярьсан энэ түүх бидний Кавред сонссон олон түүхтэй адил байлаа. Энэ дүүргийн ядуурал, эдийн засгийн байдал нь яагаад ийм олон хүн бөөрний наймааны хохирогчид болсны гол шалтгаан байлаа.

Ядуу, эрүүл мэндийн наад захын мэдлэггүй бөөрөө хаанаа байдгийг ч бараг мэдэхгүй эдгээр олон хүмүүсийг хүний эд эрхтний наймаачид амархан тархийг нь угааж, залилан эд эрхтнийг нь авдаг байна. Орон нутгийн эмнэлэг, цагдаагийн албан хаагчдаас энэ сүлжээнд нэгдсэн хүмүүс маш их бий нь тэдэнтэй тэмцэхэд ихээхэн саад учруулдаг аж. Тэр бүү хэл гаалийн алба, иргэний бүртгэл, дипломат консулын ажилтнууд ч уг сүлжээнд багтсан байх магадлалтай хэмээн Хүний эрхийн төлөө тэмцэгч төрийн бус байгууллагынхан онцолжээ.

Н.ЦЭНДСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж