Нийслэл, дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид улиралд 10 сая, 5 сая төгрөгийн урамшуулал тус бүр авдаг. Сар бүр цалин авдаггүй, дээр нь сонгуульд өрсөлдөхдөө их хэмжээний зардал гаргасныг нь тооцож, шархыг нь нөхөхийн тулд урамшуулал олгож, татвар төлөгчдийг холгодог гэх яриа ч бий. Гэхдээ Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас ИТХ-ын төлөөлөгчдөөр сонгогдсон 31 гишүүн урамшууллаасаа тодорхой хувийг дүүрэгтээ зориулах санаачлага гаргаж байсан ч одоо харин буцаад хэл ам дагуулах болжээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллыг хандив нэрээр хураан авсан нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэн, Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн байна.
Нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийг хураан авсан гэх маргаан өрнөж эхэлжээ.
Ийм гомдлыг анх жилийн өмнө Баянзүрх дүүргийн ИТХ-аас сонгогдсон төлөөлөгч Ш.Буянжаргал тавьж, шүүхэд хандаад ялагдал хүлээсэн бол өнөө жил Давж заалдах шатны шүүхэд хандсанаар түүний талд шийдвэр гарч, Засаг дарга Д.Пүрэвдавааг хууль зөрчсөн хэмээн үзжээ. Үүний дараагаас хандиваар цуглуулсан мөнгийг юунд зарцуулсан бэ гэдгийг АТГ нэгбүрчлэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Буянжаргалын хэлж байгаагаар бол хандивыг 2013 оны нэг, хоёрдугаар улиралд, 2014 оны гурав, дөрөвдүгээр улиралд, 2015 онд бүтэн дөрвөн улиралд хандив авахаар шийджээ.
Гэхдээ асуудлын гол нь Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас ИТХ-д сонгогдсон 31 гишүүн олонхиороо шийдэж, хандив цуглуулахаар болсон ч эцэстээ дүүргийнхээ Засаг даргыг хөөдөж эхэлсэн нь зарцуулалтыг нь тодорхой тайлагнаагүйтэй холбоотой байж мэдэх аж.
Г.ХОРОЛ