Өвөрхангай аймгийн төвд татварын итгэмжлэгдсэн үйлчилгээ явуулах эрх бүхий “Монголтакс ТИН” компани өнгөрсөн долоо хоногт салбараа нээлээ. Тус компани нийслэл болон Дархан-Уул, Төв, Хэнтий, Өмнөговь аймгуудад өөрийн салбартай бөгөөд үйлчлүүлэгчийнхээ татварын зардлыг хуулийн хүрээнд хэмнэх, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төлөөлөх, үйлчлүүлэгчийн санхүүг эрсдэлээс бүрэн хамгаалах баталгааг хангаж, харилцагчийн өмнө хүлээх хариуцлага, үйлчилгээний чанарыг дээшлүүлснээр нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой юм байна. Компанийнхан энэ он гарсаар Улаанбаатарын дөрвөн дүүргийн 12, Булган, Дархан-Уул, Төв, Хэнтий, Өмнөговь, Дорнод зэрэг аймгийн 27 ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 3670 сурагчдад татварын боловсрол олгох цуврал хичээл, татвар, нийгмийн даатгалын байцаагч нар хийгээд татвар төлөгчдөд “Санхүүгийн тайлан унших арга зүй”, “Орлогын албан татварын зөрүү”, “Татварын эрсдэл”, “Санхүүгийн шинжилгээ” зэрэг захиалгат сургалтуудыг хийжээ. Тэрчлэн сурагчдын татварын хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах зорилгоор “Тэмүүлэг хүү аз жаргалын эрэлд”, “Тэмүүлэл хүү татвартай танилцсан нь” “Тэмүүлэл хүү татвар төлөгч болсон нь” хэмээх цуврал комик ном гаргаж, хүүхэд багачуудыг багаас нь татвар төлөх төлөвшлийг бий болгох зорилгоор “Билгүүн Жавхлан хоёр татвартай танилцсан нь” хүүхэлдэйн кино бүтээжээ. Мөн татвар төлөгчдөд зориулсан “Хөтөч” гарын авлагыг хэвлүүлж “Нягтлан бодогч оюутан” клубийг эрхлэн 150 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, нягтлан бодогч нарт зориулсан нэгдсэн портал сайт ажиллуулж байгаа аж.
А.Зул