Хятадын санаачлагаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг “АДБХОБ” (AIIB) санхүүжүүлэгч 57 орон нэгдэн үүсгэн байгуулж байгааг баталсан гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /VI.29/ болж байна. Бээжинд болж буй ёслолын ажиллагаанд Австрали улс хамгийн эхэнд баримт бичигт гарын үсэг зурлаа хэмээн “AFP” мэдээлэв.
АДБХОБанк нь ирэх оноос үйл ажиллагаа явуулж эхлэх бөгөөд олон тэрбум ам.долларын сантай байгуулагдаж буй юм. Тус банкийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай өрсөлдөхүйц хэмжээнд гаргаж ирэхээр санаачлагчид зорьж байна. Харин АНУ болон түүний холбоотон Япон зэрэг орнууд АДБХОБанкинд нэгдэхээс татгалзжээ. Түүнчлэн АНУ-ын зүгээс холбоотнуудаа АДБХОБанкинд нэгдэхийн эсрэг ятгасан боловч Их Британи, Франц, Герман зэрэг орнууд санхүүжүүлэгч орноор гарын үсэг зурж байна.
100 тэрбум ам.долларын капиталын нөөцтэй байгуулагдах АДБХОБанкинд санаачлагч Хятад улс 30 тэрбум орчим ам.долларыг гаргасан байна.
АДБХОБанкийг байгуулсан нь бүс нутаг дахь Хятадын нөлөөлөл нэмэгдэж, геополитик, эдийн засгийн ашиг сонирхол өргөжиж буйн том баталгаа болж байна хэмээн ажиглагчид дүгнэжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse