Мухар сүсэг, сохор итгэл

Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

Мухар сүсэг, сохор итгэл

Мухар сүсэг, сохор итгэл

Хэдэн өдрийн өмнөөс зар түгээсэн “Их хаанаа хүндэтгэн залах ёслол” өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “ёслол төгөлдөр” болж, ETV телевизээр шууд дамжууллаа. Эзэн Чингис хаанаа залах уг ёслолын арга хэмжээ эгээтэй л Үндэсний их баяр наадмаас дутахааргүй болов. Тэнд 99 уртын дууч дуулж, хаан, хатдын хувцастай урлагийн их цэнгүүн болов. Тэнгэр цэвэрлэж, Хаан тодруулагч хэмээн өөрийгөө өргөмжилсэн И.Мөнхсаруул гэгч хоёр цаг шахмын хугацаанд нэг ч удаа цаас ширтэлгүй, ээрч мууралгүй шинээр тодруулах Эзэн чингис хаанаа магтан дуулж, шүлэглэн найраглав. Ямар их мөнгө, ямар их цаг зав, ямар их тэнэглэл вэ?

Үндэсний их баяр наадмаа хүртэл гуйж түүхдээ тулаад байгаа цэнгэлдэхийг бүтэн өдөр түрээслэн, 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй урлагийн тоглолт найруулан, түүнийгээ телевизээр төлбөртэйгөөр шууд дамжуулсан гээд тооцвол багагүй хөрөнгө зарцуулсан нь илт. Ийм их хөрөнгийг И.Мөнхсаруул гэгч эмэгтэй гаргаж, энэ бүгдийг ганцаараа зохион байгуулсан гэвэл эндүүрэл болно. Түүний ард томоохон санхүүжүүлэгч, ивээн тэтгэгч байгаа нь ойлгомжтой байлаа. Магадгүй шинээр тодрохоор биеэ бэлтгэж суугаа “хаан Чингис” ч өөрөө ивээн тэтгэсэн юм билүү, хэн мэдлээ.  Дээдчүүл нь толгой тойрон хэрэлдээд, доодчуул нь хаан тодруулах ёслол үйлдээд Монгол Улс маань хаашаа явж байгааг хэлэхэд үнэхээр хэцүү.

Монголчууд бид өнөөдөр үнэтэй машин хөлөглөн, брэндээр гоёж, твиттер, фэйсбүүкд өдөржин “тэнэж”, түүнийгээ хөгжил гэж эндүүрсээр ирснийг энэ үйл явдал харуулав. Үнэндээ өчигдөр болсон мухар сүсэг гэгдэх арга хэмжээ, түүнд итгэж цэнгэлдэхэд сүсэглэн мөргөж суугаа хүмүүсийг хараад сэтгэлгээний хувьд монголчууд бид хойшоо хэдэнтээ ухарсан мэт санагдав.

Хоёр жилийн өмнө Хөвсгөл аймагт нэгэн бүсгүй бурханаар бөөлжиж тухайн үед ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж олныг шуугиулж байлаа. Том, жижиг бурханыг амаар бөөлжин төрүүлж байгаа нь тэнгэрийн даалгавар гэсэн тэрхүү инээдэм, ханиадамд цөөнгүй хүн итгэж л байсан. Эцэстээ 20 мянган төгрөгөөр худалдаж авсан шошготой бурхан төрүүлсэн нь тогтоогдож улмаар өнөөх ид шидтэй бүсгүй сэтгэцийн өөрчлөлттэй болох нь тогтоогдож шүүхээс ял аваад өнгөрсөн юм. Үнэн худал бөө удганууд ч элдэв ёс жаяг нэрийн дор олны толгойг угаах болсоор удаж байгаа. Мухар сүсгээс болж цөөнгүй хүний амь нас хохирсон тохиолдол бий. Сахиусыг нь буулгаж байгаа нэрийдлээр 20 настай охиныг эсгийнд ороож хөлийг нь буцалж байгаа усанд дүрж, амьдаар нь чаначихсан хэргийг эргэн сануулъя. Тухайн үед охин аврал эрж орилсон ч “Сахиус нь бууж байна” хэмээн өнөөх бөө зандран ар гэрийнхнийг нь ойртуулаагүй гэдэг. Мөн дөрвөн настай охиныг Г.Маралмаа гэгч бөө болон буухдаа “эхийнх нь бузар шингэсэн байна” гэж зодсоор амь насыг нь хохироосон болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байна. Үнэндээ ядуу буурай оронд шашны элдэв төрөл суурьшиж, оршин тогтнох нь хялбар байдаг гэлцдэг. Энэ жишиг Монгол Улсыг тойролгүй өнөөдөр зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 372 сүм хийд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж, монголчууд арав гаруй төрлийн шашинд итгэж, толгойгоо угаалгаж байна.

Энэ мэт тэнгэрийн даалгавар, бурхны захиасыг биелүүлэгчдэд итгэн сүсэглэж суугаа бид сэтгэлгээний хувьд хүй нэгдлийн үе рүүгээ асар хурдтайгаар ухран гүйж яваа мэт сэтгэдэл олон хүнд төрсөн биз.

Ямартай ч өөрийгөө Их эзэн Чингис хааны эрдмийн багш, бичгийн шадар түшмэл нь байсан гэж өргөмжлөөд байгаа И.Мөнхсаруул арга хэмжээний үеэр

Хоног хойшиллоо гээд
Хорсч занаад хэрэггүй ээ
гэсэн зүхээд байгаа ч юм уу, занаад байгаа ч юм уу шүлэглэж дуулсаар бууж одсон. Энэ бүхэн монголчууд мухар сүсгээс болж хэдийнэ сохорчихжээ гэсэн ганцхан дүгнэлт хийхэд хүргэж байна.

Ж.ЭРХЭС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж