Хориг хэнд нь халтай вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

Хориг хэнд нь халтай вэ?

 

Сүүлийн хэд хоногт олон улсын анхаарлын төвд ороод буй нэг асуудал бол Европын холбоо болон ОХУ-ын харилцан хориг болоод байна.

 

 

Европын холбооны зүгээс энэ сарын 22-нд Европын ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг ирэх оны нэгдүгээр сар хүртэл сунгахаар шийдвэрлэсэн тухайгаа зарласан.

 

Үүний хариуд ОХУ Европын холбоо, АНУ, Норвеги, Канад, Австралиас орж ирэх үхрийн мах, гахайн мах, шувууны мах, загас, бяслаг, сүү, хүнсний ногоо, жимсгэний импортын эсрэг хоригоо бүтэн жилээр сунгалаа. Уг хоригийг сунгах зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 24-нд гарын үсэг зурсан юм.

 

Ийнхүү харилцан тавьсан хориг арга хэмжээ алт талд нь илүү хохиролтой байх талаар олон улсын хэвлэлүүд янз янзаар бичиж эхэллээ.

 

Германы "Deutsche Welle" сайтад ОХУ-ын ерөнхийлөгч Ерөнхийлөгч Владимр Путин хориг сунгасан зарлигт гарын үсэг зурсан мэдээлэл цацагдсан даруйд тус улсын хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч эхэлсэн тухай мэдээлжээ.

 

 

Уг мэдээлэлд дурьдсанаар өмнөх долоо хоногтой харьцуулахад тахианы мах 1.4 хувь, гахайн мах 0.9 хувь, хөлдүү загас 0.5 хувь, бяслаг +0.4 хувиар тус тус нэмэгдсэн хэмээн ОХУ-ын Статистикийн албанаас мэдээлсэн гэжээ. Мөн алимны жижиглэн худалдааны үнэ зуны улиралд өмнө нь хэзээ ч өсч байгаагүй ба энэ долоо хоногт 0,5 хувиар үнэ нь нэмэгдсэн байна.

 

Ийнхүү бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж эхэлсэн нь импортын хориг арга хэмжээг сунгасны үр дагавар маш хурдан зах зээлд нөлөөлж буйгийн илрэл юм.

 

Өнгөрсөн оны хоригоос хойш Оросын зарим бүс нутгуудад хоригт багтсан хүнсний бүтээгдэхүүний үнэ дээд амжилт тогтоон огцом нэмэгдэж байсан юм. Жишээ нь Алс Дорнодын Сахалин арал дээр тахианы махны үнэ 60 хувиар нэмэгдсэн бол Приторийн бүс нутагт загасны мах 40 хувиар нэмэгдэж байжээ.

 

 

Энэ жил ч энэ бүхэн давтагдаж, энэ оны сүүл гэхэд хоригт багтсан бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн таван жилд байгаагүй дээд амжилт тогтоон, огцом нэмэгдэх хандлагатай байна.

 

Хэдийгээр тус улс дотоодын ханган нийлүүлэгчиддээ найдвар тавьж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хөрөнгө мөнгө ихээр хаяж байгаа ч эдгээрийн үр дүн тийм ч хурдан хугацаанд гарч чадахгүй. тус улсын импортоор авдаг нийт бараа бүтээгдэхүүний 14,5 орчим хувийг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн эзэлж, 43 тэрбум ам.доллар зарцуулагддаг байна. Үүнээс хар жагсаалтад багтсан бүтээгдэхүүнүүдийн импортод 25 орчим тэрбум ам.доллар зарцуулагддаг байжээ. Тийм учраас ийм их хэмжээний импортыг дотоодын үйлдвэрлэгчид яаж ч хичээгээд нөхөх боломжгүй, иймд зах зээл дээр хоригт хамрагдсан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хомсдож, үнэ хүссэн хүсээгүй тэнгэрт хадна. Үүнээс шалтгаалж ОХУ-ын инфляфийн түвшин Төв банкны тооцоолж буйгаас өндөр гарна хэмээн мэдээлжээ.

 

Харин Австралийн эдийн засагчид Оросын хоригийг тун эмзэгээр хүлээн авч, Европын холбоог ОХУ-ын эсрэг хоригоо эргэж харахгүй бол хоригт хамрагдсан орнууд энэ хугацаанд 100 хүртэл тэрбум еврогийн хохирол амсах эрсдэлтэй байгааг онцоллоо.

 

Тэдний үзэж буйгаар Европын холбооны орнуудын тулгамдсан асуудал болоод буй ажилгүйдэл дээрх хоригоос үүдэн нэмэгдэж, ОХУ-д бараа бүтээгдэхүүнээ экспортлодог үйлдвэр аж ахуйн нэгжүүд цомхотгол хийх нөхцөл бүрдэх гэнэ.

 

Барууны хэвлэлээр цацагдаж буй олон янзын мэдээ мэдээллийг Оросын иргэд төдийлэн хүндээр тусгаж авахгүй байгаа бололтой. Харин ч хоригт багтсан бүтээгдэхүүний жагсаалтыг улам өргөжүүлж, Кока Кола, Пепси зэрэг ундаа ус, чихэр, шоколад зэргийг хар жагсаалтдаа нэмэх хүсэлтийг Ерөнхий сайддаа уламжилж байна.

 

Үүний хажуугаар Оросын сошиал сайтуудаар хоригт багтсан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж, үнийн хөөрөгдлийг дэвэргэхгүй дотоодын бүтээгдэхүүнээ өргөн хэрэглэхийг уриалсан уриалга гарч, олон хүний дэмжлэгийг хүлээгээд байна. "Оросын ард түмэн давс, талх, төмстэйгээ байхад өлсөж үхэхгүй", "Баруунд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнээс татгалзая" зэрэг олон уриалга гаргаж, барууныхны хориг Оросыг биш өөрсдийгөө хорлосон шийдвэр болж байна гэх мэт сэтгэгдлүүдийг ихээр бичиж байгаа ажээ.

 

Харин энэхүү харилцан хориг хэнд нь илүү хохирол авчирахыг ирэх жилийн эхний улирлын санхүүгийн мэдээллээс харах л үлдлээ.

 

Н.ЦЭНДСҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж