Мьянмар улсын ерөнхийлөгч У Тейн Сейн манай улсад төрийн айлчлал эхэллээ. Ерөнхийлөгч У Тейн Сейнийг, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсоор урьсан аж. Уг айлчлал Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Уг түүхэн айлчлал Монгол, Мьянмарын найрсаг харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Айлчлалын үеэр Мьянмар Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаар төлөвлөжээ. Яриа хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, тэр дундаа уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол Улсын ардчилсан шилжилтийн туршлагааас хуваалцах, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор зэхэж байна. Мөн хоёр талын харилцааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа гэнэ. Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хоорондох дипломат харилцааг 1956 онд анх тогтоожээ.
Б.БУД