Тавдугаар сарын 19-ний өдөр Их тэнгэрт болсон бизнес саммитын үеэр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Тавантолгойн төслийг буцаан татахаа хэлснээс ердөө тав хоногийн дараа УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газар төслөө эргүүлэн татаж байгааг Пүрэв гаригийн чуулганы хуралдаанд дуулгав. Үүнээс өмнө гишүүд Тавантолгойг УИХ-аар хэзээ оруулж ирэх вэ гэсэн асуултыг түүнд олонтаа тавьсан боловч “Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг мэднэ” гэсэн үгээр ам тагласаар ирсэн билээ.
Таван жил ярьсан Тавантолгойн төслийг энэ удаад С.Баярцогт хариуцахаар болж байна. УИХ-ын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газар шинэ хувилбартаа тусгахаар болсон бөгөөд гол тохиролцоо зөвхөн төмөр зам дээр л “51” хувь гэсэн хувилбар дээр явагдсан бололтой. Энэ талаар ч “Уул уурхайн экспортын хамгийн ашигтай уг зам УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүлэглэлийн гарт хэдийнэ орсныг хүлээн зөвшөөрч буулт хийжээ” гэж нийтлэлч Л.Болормаа Тавантолгойн шинэ гэрээний хувирбарыг дүгнэн бичсэн билээ.
Тавантолгойн шинэ гэрээг Засгийн газар хаврын чуулганаас өмнө амжиж өргөн барьж амжихгүй, амжлаа гэхэд чуулганы хуралдаанаар хэлэлцэх хугацаа байхгүй болсон. Тиймээс зөвхөн Тавантолгойг хэлэлцэх ээлжит бус чуулганы хуралдааныг зарлаж магадгүйг улстөрчид амаар батлах болсон юм.
Нүүрс овор ихтэй, ашгийнх нь хагасаас илүү нь тээвэрлэлтийн зардал шингэдэг. Тэр утгаараа хөрөнгө оруулагчтай хийх Тарифын хэлэлцээрээс Тавантолгой цаашдаа явах үгүй нь шийдэгдэнэ гэж хэлж болно.
Гэхдээ үүний өмнө Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд Засгийн газраас барихаар төлөвлөсөн “Шинэ төмөр зам” төслөөр баригдах бүх чиглэлийн төмөр замын 51 хувийг төр буюу “Монголын төмөр зам” төрийн өмчит /төрийн гэхээсээ төмөр замын бүлэглэлүүдийн өмч гэвэл зохилтой/ компани эзэмших УИХ-ын тогтоолын төслийг батлахаар тохиролцсон байна.
Эндээс хэд хэдэн асуулт тавигдаж байгаа юм. Нэгдүгээрт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын 51 хувийг “Монголын төмөр зам” компанийн мэдэлд үлдээхийг хөрөнгө оруулагчид хүлээж авах уу? Л.Эрдэнчимэг, А.Гансүх нарын гаргасан дүгнэлтийг Засгийн газар Тавантолгойн гэрээний шинэ хувилбартаа тусгаж, 51 хувийг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид өгснөөр Монголын Засгийн газар “Чингис” бондоос зарцуулсан 200 сая ам.долларыг хөрөнгө оруулагчдаас гаргуулж чадахгүй болно гэсэн үг. Дээр нь уг төмөр зам барихад нийтдээ нэг тэрбум 200 сая доллар хэрэгтэй гэвэл Түүний 51 хувийг Монголын Засгийн газар гаргана. Өөрөөр хэлбэл, 600 сая долларыг Монголын Засгийн газар гаргах бөгөөд одоогоор манай улсад ийм хэмжээний хөрөнгө гаргах боломж байхгүй. Тиймээс энэ мөнгөнд Засгийн газар баталгаа гаргаж, хөрөнгө оруулагчаас “зээлнэ” гэж ойлгох хэрэгтэй. “Монголын төмөр зам”-д тэр бүү хэл Монголын Засгийн газарт итгэж зээл олгох арилжааны банк дэлхийд байхгүй биз.
Хэрэв дээрх асуудлаар хөрөнгө оруулагчидтай тохиролцож чадвал дараагийн нэг асуудал Тарифын хэлэлцээр. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн чухал хэлэлцээр гэж хэлж болно. Учир нь, төмөр зам зардал өндөртэй. Барих, ашиглах зардал ихтэй, ганцхан дээгүүр нь тээвэрлэх бараанаас ашиг олно. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нүүрсний зам гэж хэлэхэд буруудахгүй. Нүүрс овор ихтэй, ашгийнх нь хагасаас илүү нь тээвэрлэлтийн зардал шингэдэг. Тэр утгаараа хөрөнгө оруулагчтай хийх Тарифын хэлэлцээрээс Тавантолгой цаашдаа явах үгүй нь шийдэгдэнэ гэж хэлж болно.
Хоёр дахь асуулт нь, “Монголын төмөр зам” компани 51 хувийг эзэмшсэн тохиолдолд “Чингис бонд”-оос гаргасан 200 сая ам.долларын зарцуулалтад аудит хийх үү?. Энэ боломжгүй гэсэн үг. Чухам үүний төлөө өнгөрсөн хоёр сар Монголын улстөрчид зодолсон юм шүү дээ. Засгийн газраас анх тендер зарлахдаа долоон шаардлага тавьсаны нэг нь төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан 200 сая ам.долларыг хөрөнгө оруулагчдаас гаргуулж авах. Гэхдээ хөрөнгө оруулагчдын зүгээс олон улсын аудитын дүгнэлтээр дээрх мөнгийг буцаан өгнө гэсэн тохиролцоонд хүрсэн юм.
Гурав дахь асуулт нь, Тавантолгой төслийн хүрээнд зүүн чиглэлийн 1300 км орчим төмөр замын бүтээн байгуулалтыг хий гэсэн Монголын Засгийн газрын шахааг хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрөх үү? Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бол Монголын эдийн засагт хамгийн чухал зам. Гуравдагч хөршүүдэд баялгаа хүргэх хөл гэж хэлж болно. Харин зүүн чиглэлийн Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав хүрэх 1300 км шинэ төмөр зам бол дараагийн асуудал. Үүний 51 хувийг “Монголын төмөр зам” эзэмшинэ гэвэл Монголын Засгийн газарт дор хаяж гурван тэрбум доллар хэрэгтэй болно. 1300 километр төмөр зам барихад ойролцоогоор 6-7 тэрбум ам.доллар шаардлагатай юм.
Төмөр замын бодлогод нийт 5600 гаруй км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар болсон бөгөөд “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд баригдах бүх замын 51 хувийг “Монголын төмөр зам” эзэмшинэ гэсэн УИХ-ын тогтоолын төсөл удахгүй гарах бололтой. Энэ тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд Монгол Улсын төмөр замтай болно гэсэн том мөрөөдөл зангууны үлгэр болж замхарч магадгүй байна. Учир нь “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 киломерт төмөр зам барих гэж зургаан жилээ, 200 сая ам.доллараа салхинд хийсгэчихсэн хүмүүс шүү дээ, монголчууд бид чинь.
Ж.НЯМСҮРЭН