“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт чуулга уулзалт болж байна
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт зүүн бүсийн аймгуудын ИТХ-ын байгууллагуудын онол практикийн бага хурал, туршлага солилцох чуулга уулзалтыг өнөөдөр /2015.06.27/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд зохион байгуулж байна.
Чуулга уулзалтын нээлтэд УИХ-ын гишүүн М.Зоригт оролцлоо. Тэрээр хэлэхдээ, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэхэд УИХ-ын Тамгын газар болон Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна. Монгол Улсад нутгийн өөрөө удирдах байгууллага үйл ажиллагаагаа явуулаад 20 гаруй жил болж байгаа ч иргэд үйл ажиллагааных нь ач холбогдлын талаар төдийлөн мэдэхгүй байна. Орон нутгийн удирдлагууд болон төр засгийн гаргаж буй шийдвэрт иргэд хэр оролцоотой байна, тэр хэрээр шийдвэр, хууль, тогтоолыг хэрэгжүүлж, биелүүлэхэд дөхөм байдгийн жишээг Сүхбаатар аймгаас харж болно. Олон жишээ хэлж болно. Сумын иргэдийн хурлын ирц сайжирч, олон нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьсан шийдвэр гаргаж чаддаг болсон. Сүхбаатар аймгийн хөгжлийн төлөө нутгийн иргэдэд таалагдахгүй олон шийдвэр гарч байсан. Гэхдээ иргэдтэйгээ харилцан зөвшилцөж, бэлтгэл ажлаа сайтар хангасан учраас маргаан, зөрчил гараагүй. Мөн орон нутгийн иргэдийн санхүүжилт, оролцоотойгоор хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийсэн.
Манай аймгийн хувьд шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоо өндөр байдаг нь сүүлийн жилүүдэд ажил үйлс, амжилтаараа бусад аймгийг тэргүүлж байгаагийн нэг шалтгаан мөн. Энэ мэт сайн туршлагаа бусад аймагтай хуваалцах болно. Цаашид Монгол Улсын төр засгаас орон нутгийн жигд хөгжлийг хангах бодлого баримтлан хууль эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд анхаарч байна. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна, гэхдээ сайжрах хэрээр Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт өсөн нэмэгдэх юм гэлээ.
Мөн тэрээр, бүс нутгийг хөгжүүлэх боломж өргөн байгааг тэмдэглээд, “Зүүн бүсэд Оюутолгой, Тавантолгой шиг орд байхгүй ч бүс нутгийнхаа онцлогт тохирсон эдийн засгийн бүс байгуулан, хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, олон ажил хийж байна. Зүүн бүсийн хөгжилтэй холбоотой томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд төлөвлөгдөж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ч хамтран ажиллах сонирхолтой байгааг энд зориуд дурдан хэлье. Зүүн бүсийн ИТХ-ын байгууллагуудын чуулга уулзалтад оролцож буй Та бүхэн сайхан энергиэр цэнэглэгдэж, нутаг орнынхоо хөгжилд хувь нэмрээ оруулаарай хэмээн хүсье” гэв.
Үүний дараа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, тус төслийн үндэсний удирдагч Б.Болдбаатар танилцуулсан. 1992 оны Үндсэн хуульд ИТХ-ын байгууллагын чиг үүргийг шийдвэр гаргах түвшинд иргэдийн дуу хоолойг хүргэх хэмээн тодорхойлсон байдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд үндсэн чиг үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байгаагаас үүдэн 2012 онд УИХ төвлөрлийг үүсгээд байсан зарим нэг хууль зөрчсөн актыг хүчингүй болгох, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилласан. Үүний дагуу Та бүхэн нутгийн иргэдийн оролцоотойгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тулгамдаад буй асуудлуудаа шийдэх, хөгжилд түлхэц болох замаар шийдвэр гаргах эрхтэй болсон. Түүнчлэн Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль зэрэг олон хууль тогтоолууд гарч, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн, чиг үүргийг нарийн тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Энэхүү зохион байгуулалтын болон удирдлагын зарим механизмын өөрчлөлтийн хүрээнд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг УИХ-ын Тамгын газар хэрэгжүүлж байгаа. Төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилготой төслийн эхний шат 2013-2016 оны хооронд үргэлжилнэ. Эхний шатны үр дүнгээс шалтгаалан дараагийн шатны төсөл 2020 он хүртэл хэрэгжих юм.
Төслийн үр дүнд орон нутгийн үе үеийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулдаг сургалтын байнгын механизмтай болох, үүнд хэрэглэгдэх сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулан, тэдэнд зааж, сургаж байдаг сургагч багш нарын үндэсний сүлжээтэй болох зорилтыг тавьсан. Улсын хэмжээнд сонгогдон ажиллаж буй 8000 гаруй ИТХ-ын төлөөлөгчдийн 6500 гаруйг эхний шатны сургалтад хамруулсан. Хоёр дахь шатны сургалтын сэдвийг эхний шатанд оролцогчдын саналуудыг үндэслэн Орон нутгийн хурлын төлөөлөгчийн Манлайлал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт тооцох, Судалгаа хийх арга зүй, ИТХ-аас бусад байгууллагуудтай харилцах зэрэг сэдвээр явуулж байна. Улсын хэмжээнд дээрх сургалтуудыг явуулахаар бэлтгэгдсэн үндэсний 62 сургагч багш ажиллаж байгаа. Мөн сургалтын хооронд аймаг, сумдын ИТХ-ын сургагч багш нар харилцан туршлага солилцох зарчмаар ажиллаж байгаа нь ихээхэн үр дүнтэй болсон.
Төслийн хүрээнд өнгөрсөн онд 16 тэтгэлэг зарлан, мөн тооны ИТХ шалгарсан юм. Энэ чуулганд оролцож байгаа Хэнтий аймаг хэдэн хэдэн тэтгэлэгт төсөлд хамрагдсан байна. Энэ жил Орон нутгийн хөгжлийн санд хяналтыг хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зарлагдах 30 тэтгэлэгт төсөл хөтөлбөрт өмнөх оны тэтгэлэгт төсөлд хамрагдаагүй бусад аймгуудыг хамруулахаар төлөвлөөд байна.
Энэ удаагийн зүүн бүсийн онол практикийн бага хурал, туршлага солилцох чуулга уулзалт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдвээр явагдаж байна. Энэ сэдвээр өмнө нь төвийн бүс, хангайн бүсийн хэмжээнд чуулга уулзалт явагдсан. Эдгээрийн үр дүнг нэгтгээд, нийт оролцогчдын саналуудыг үндэслэн нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг ямар чиглэлээр сайжруулах шаардлагатай байгааг тодорхойлох юм. Мөн өнөөдөр Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно. Энэ үеэр нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинтой холбоотой бусад хуулийн төслүүдийн талаарх санал бодлоо мөн ярилцаарай. Чуулга уулзалтын арга хэмжээнд амжилт хүсье гэлээ.
Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн ИТХ болон Монголын баг сумдын үндэсний холбоо хамтран зохион байгуулагчаар оролцож буй тус арга хэмжээнд зүүн бүсийн гурван аймгийн ИТХ-ын 60 гаруй төлөөлөгчид оролцож байна.
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлж, эрх зүйн орчныг сайжруулах нь” сэдэвт зүүн бүсийн аймгуудын ИТХ-ын байгууллагуудын хамтарсан онол практикийн бага хурал, туршлага солилцох чуулга уулзалт үргэлжилж байна. Тус арга хэмжээний хүрээнд “Төсвийн хуулийн хэрэгжилт орон нутагт, орон нутгийн хөгжлийн сан”, "Баг сумдын хөгжилд нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг оролцоо”, “Иргэн төвтэй нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний шинэчлэлийн асуудал”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшил хөгжил, Швейцарь улсын жишээ” сэдвээр илтгэл танилцуулна. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.