түвшинд “юм” дуугарч чадна
Монголын Үндэсний Боловсрол суваг телевизээс бэлтгэн хүргэж байгаа “Кино код” шоу нэвтрүүлэг ард түмний сонголтоор түүхэн жанрын кино хийхээр болсон. Сэдэв сонголтоор “Манжийн дарлалын эсрэг тэмцэгч-шилийн сайн эрсийн” тухай кино хийхээр болсон. Тэгвэл энэ сэдвийн хүрээнд Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Гүрбазар болон Төрийн соёрхолт зохиолч Б.Догмид нарын ярилцлагыг хүргэе.
Ш.Гүрбазар: Монголын кино урлагийн, алтан үе ч гэж ярьдаг, тэр хүмүүсийн сайхан бүтээлүүд үлдлээ. Тэр үеийн хүмүүсийн агуу чанар нь юу вэ гэвэл өөрийнхөө мэддэг, өөрийнхөө хийдэг зүйлийг л хийсэн. Зүгээр сууж байгаа нь, зүгээр байж байгаа нь тэр чигээрээ монгол хүн юм. Тэр нь өнөөдөр бараг үзмэр мэт болж байгаа юм. Тэгэхээр монгол байх, монгол сэтгэлгээгээр амьдрах гэдэг маань судлагдахуун болчлоо. Бид үнэхээр монгол хүн л юм бол, монголоор сэтгье гэвэл маш олон юмыг буцааж харахаас өөр замгүй. Миний хувьд 50 гаруй насалсан хүний хувьд хүссэн хүсээгүй монгол сэтгэлгээ маань яваад байна. Энэ бол өөрт минь байгаа үнэт зүйлс юм.
Монголчууд монгол сэтгэлгээтэй, монгол драмтай, монгол найруулгатай кино хийх ёстой. Чухам юу нь монгол байна вэ гэдгийг гаднаас нь харна, юуг дуугарч байна вэ гэдгийг шүүмжлжлтэйгаар харна. Зүгээр мориныхоо нуруун дээр тамхиа татаад сууж байгаа зураг дэлхийд хамгийн сонгодог зурагт орж байна. Тайлбар нь: Өвгөнийхөө бодож байгааг морь нь бас давхар бодоод байнаа гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Гэтэл манай яруу найрагчийн хэлдгээр “Хот маань хорин нэгэн оноосоо холдчоод байна” гэдэг маань хөгжиж дэвш гээд байгаа юмуу, эсвэл хуучнаасаа салаад гэж байгаа юмуу. Тэгэхээр энэ сэтгэлгээг залуучууддаа суулгах зайлшгүй хэрэгтэй. Харин бид чаддаг мэддэг юм байвал хэлэх ёстой. Хөдөөнийхөн бол хотод 20, 30 жил амьдраад хотжиж чадахгүй. Ханын үүднээс салхи сэнгэнэвэл сэтгэл сэргэчээд л яваа гэдэг шиг л байна шүү дээ. Монголын кинонд ийм зүйл үнэхээр дутаж байгаа юу гэвэл дутаж байгаа. Аливаа үндэстний оюуных нь соёлоос их зүйл хамаарч байна. Одоо Цэргийн эцэг гэдэг кино юмуу, Хүний хувь заяа гэдэг кино байна. Тэр бол яг орос кино тиймүү? Одоо шинэ оросуудын хийж байгаа “тас” орос кино бас байнаа. Яг л тэр үеийн оросын дотоод сэтгэлийг харуулж байна. Тэхээр бид өөрсдийгөө хоцорсон гэж бодолгүйгээр яг л тэр үеийн монгол сэтгэлгээг гаргах ёстой. Дайрах ёстой. Бид энүүгээрээ л “моодорхож”, энүүгээрээ л үлдэнэ.
Б.Догмид: Дуучин Жавхлан хуучны юм яриад амьтны инээд хүргээд байна гээд байна. Тэр Жавхлангийн буруу биш шүү дээ. Ярьж байж л мэдэх ёстой. Тэрэн шиг Гүрээ ах бид хоёрын яриаг хүмүүс гайхаж магадгүй юм. Амьдрал дээр заавал гаанс ороогоод байхдаа гол нь биш, уран бүтээл дээрээ заавал тусгаж оруулах ёстой.
Ш.Гүрбазар: Кинонд зан заншлынхаа талаар оруулж өгсөнөөр дараагийн үедээ өвлүүлж өгч байгаа юм. Тэгж байж л ингэж гал түлдэг юм байна, ингэж тамхиа ороодог юм байна гэх мэтчилэн үр хойчид минь үлдэх юм. Тоглолт ч мөн адил монгол драм байх ёстой. Жишээ нь:Ардын жүжигчин Дамдин гуай амьд ахуй цагтаа надад ингэж ярьж байсан юм. “За Гүрбазараа би чамд нэг нууц хэлье. Чи намайг кинонд хэрхэн тоглодогийг боддоо гэлээ” Би бодлоо. Зүгээр л нэг өвгөн. Их энгийн, сайхан монгол өвгөн байдаг. “Цагааны Цэгмид гуйн кинонд тоглож байгааг боддоо” гэсэн. “Дандаа хүчтэй тоглолт гаргадаг. Тэгсэн хэрнээ хүмүүсийн зүрхэнд ирдэг. Тэгэхээр Цагааны Цэгмидийн тэр хүчтэй драм, миний энгийн хоёрын дундаас, энэ хоёрын учрыг олсон гурав дахь хүн монголын киноны ОД болноо” гэсэн. Монгол киноны гурав дахь жүжигчинг төрүүлье гэвэл, Дамдин гуайн энгийн тоглолт, Цагааны Цэгмидийн хүчтэй тоглолт хоёрын дундаас дүгнэлт хийгээд, судлаад чадаж байгаа аавын хүү байх юм бол тэр монгол жүжигчин” болно. Ингээд бодохоор өвгөдөөсөө сурахаас өөр замгүй.
Б.Догмид: Бидний кинон дээрээс үзсэн монгол ардын намын түүх худлаа байсан юм байна. Бид кинон дээрээ үнэн түүхийг, үнэнийг өгүүлэх ёстой. Мэдээгүй зүйлийг мэдүүлэх, мартагдсан зүйлүүдийг ил гаргаж тавих ёстой. Үүний нэг жишээ нь: Адмирал кино юм. Ёстой л үзээгүй юмаа үзэж, мэдээгүй юмаа мэдэж, дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэсэн гэдэгтэй утга нэг болсон.
Ш.Гүрбазар: Бид хүн дууриагаад хүнд тоогдоно гэж байхгүй. Өөрийнхөөрөө л байх ёстой. Бидэнд бусдаас ялгагдах зүйл юу байна. Бид уртын дуу дуулж, хөөмийлж байна. Гэтэл хип хопыг хараад “Аан өнөөх л дуураймал хүмүүс” гэх жишээний. Гэтэл бидэнд өв уламжлал гэж байна. Тийм болохоор энэ кино төслөөр хийгдэх кино монгол байгаасай гэж хүсэж байгаа юм. Тиймээс ч бид үзэгчдээс санал авсан. Үзэгчдийн олонхийн саналаар “Шилийн сайн эр”-ийн талаар кино хийгээчээ гэсэн санал тэргүүлсэн. Тэгэхээр үзэгчид маань монгол зан заншлаа хүсээд байнаа гэж ойлгож байгаа юм. Адал явдалт ч юмуу, хип хоп киног хүсээгүй байнаа гэдэг нь энэ санал асуулгаар харагдаж байна. Тэгэхээр “Шилийн сайн эр”-ийн амьдарлыг бид бүрэн гүйцэт өнгийж чадаагүй байгаа. Яахав энэ киногоор бид маш олон зүйлийн талаар дуугарч болно. Их түүхийг, зан заншлыг хэлж болно. Монголын эрэмгий, зоримог, тэр их хүч чадал, тэр монгол ухаан, байгаль, хүн хоёрын зохилдолгоо, тэр нарийн шижлжлэх ухааныг гаргаж чадвал тэр сайн кино болж болно. Мал хөөдөг хүнээс арай өөрөөс сэтгээд, Хөх чоноос, Цахиур Төмөрөөс арай өөрөөр гаргах хэрэгтэй. Гол нь энэ төслийг “юм” болгох л хэрэгтэй. Олон хүнийг хамруулаад, зохиол нь зохиол шиг зохиол байгаад, сайн зохиолыг дагаад сайн жүжигчид гарч ирж чадвал “Кино код” нэвтрүүлэг нэг том алхмыг хийнээ гэсэн үг юм. Энэ бол “Үр дүн”.
Б.Догмид: Тэгэхээр “Шилийн сайн эр”-ийн тухай сэтгэлгээ бол жинхэнэ монгол сэтгэлгээ юм.
Ш.Гүрбазар: Бид Чингис гээд яриад л байдаг. Чингисийн талаар судлаад ирэхээр монголын тэр хүчирхэг гүрний нэг том зүйл бол “Эр хүн цэрэг. Бэр хүн цэргийн зохион байгуулалттай” байсан гэдэг. Хэдэн зуунаас уламжлан ирсэн тэр л морины хурд ч гэдэг юм уу, тэр бүх зүйл “Шилийн сайн эр”-д хадгалагдаж явсан. Хөндлөн гулд давхиж яваа нь тусгаар тогтнол байж. Бид яах аргагүй цаг хугацааны явцад мартагнасан тал бий. Гэхдээ бид сайн зохиол гаргаад, сайн залуучууд найруулаад, сайн жүжигчид амилуулж чадвал эргээд монгол сэтэхүй дэлхийн түвшинд “юм” дуугарч чадах юм. Надад урилга ирсээн. Би уран бүтээлчийн хувьд их баяртай байгаа. Ингэж их хүч хөдөлмөр гарч байгаа болохоор нэг зүйлийн үзүүрт хүрч мэдэх юм. Монголд 39-н төрлийн уншлагын хэл байдаг. Гэтэл тэрний ганцхан хэсэг нь “Цогт тайж” кинон дээр гардаг. Зохиол нь хүссэн хүсээгүй шүлэглэсэн байдлаар хэлүүлээд байна. Яг тэрэн шиг зохиол нь өөрөө тоглох аргыг ч, бүхнийг заагаад өгнө. 21-р зуунд тэмцлийг дуугарах ёстой. Бидэнд айх юм байхгүй гэж бодож байна.
Б.Догмид: Монголыг баларуулдаж байгаа ганц юм бол архи.
Ш.Гүрбазар: Шилийн эрийн амьдрал гэхээр нүүдлийн ахуй, соёлын дээд илрэл, байгальтайгаа зохицох төгс хэлбэр юм.
Б.Догмид: Монголчууд монголоороо явбал хол явна. Эцэст нь хэлэхэд кино код нэвтрүүлэг олон хүнд юм бодогдуулж, олон уран бүтээлчдэд сэргээш болсоон гэж бодож байна. үүний үр дүнд олон сайхан кинонууд бий болох байхаа гэж бодож байна.
Ш.Гүрбазар: Миний нэгэн шүлэгт:
Шулуун сэтгэлээ тахийлган
Чулуу няслаад яах юм бэ
Цолмон од шиг цололзийдоо
Эр хүн байна даа би
Оргилд нь нэг гаръя даа.
Тэрэн шиг бид монгол киноны тухай ярьж байна гэдэг нэг овоо толгой дээр гарч байгаа гэсэн үг юм. Монголчууд бид монгол кино хийж, кино код дууссаны дараа монголынхоо агаараар амьсгалъя гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд монголоо гэсэн сэтгэлтэй байхад хүн өөдлөнө дөө. Түүхээ, өвгөдөө, монголоо одоо л бид 21-ээр зуунд ил гаргаж тавих ёстой. Монгол хүн мандтугай гэж хэлье дээ.
Жанна.