Сагсчид сайн үйлсийн аянд нэгдэв

Хуучирсан мэдээ: 2015.06.28-нд нийтлэгдсэн

Сагсчид сайн үйлсийн аянд нэгдэв

-Тоглолтоос нийт 1 сая 160 мянган төгрөг цугларсан бөгөөд залуучуудын шигшээ багийн төлөөлөл ах, дүүсийн ээжид өглөө-

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII наадам БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сарын 3-14-ны өдрүүдэд болох билээ. Тус наадамд оролцох сагсан бөмбөгийн Залуучуудын шигшээ баг Үндэсний шигшээ багтай халз тоглолтыг хийлээ. Энэхүү тоглолт өнгөрөгч пүрэв гаригт (VI.25) Спортын төв ордонд болсон юм. Тоглолт 117:111 онооны харьцаагаар Үндэсний шигшээ багийн хожлоор өндөрлөсөн байна.

Тоглолтын билетийн үнэ 3000 төгрөг байсан бөгөөд уг тоглолтоос олсон бүх орлогыг Монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлээд буй ах, дүүс болох А.Цэрэнтогтох, А.Амарболд нарын эмчилгээний зардалд хандивласан байна. Тоглолтоос нийт 1 сая 160 мянган төгрөг цугларсан бөгөөд МҮСБХ-ны төлөөлөл, Дэлхийн наадмыг зорих залуучуудын шигшээ багийн тамирчид ах, дүүсийн хэвтэн эмчлүүлж буй эмнэлэг дээр очин ээжид нь орлогыг гардуулан өгчээ.

Хэдий олон улсын тэмцээнд уралдаанд оролцох зэрэгт өөрсдөө санхүүгийн бэрхшээлтэй байдаг ч Сайн үйлсийн аянд нэгдэн шилдэг тоглолтоор үзэгчдээ баясгасан Үндэсний шигшээ багийн тамирчид, Залуучуудын шигшээ багийн тамирчид, Дасгалжуулагч О.Баярцогт, С.Тулга, А.Алтан-Очир, Ж.Отгондарь,Ч.Ижилболд, шүүгч Д.Энхсайхан, Д.Отгонбаатар, А.Даваадорж, Ц.Баттөгс, Б.Нямхорол, MNBA SPORTS суваг болон Спортын төв ордныг зорин ирж сагсан бөмбөгийг дэмжсэн үнэнч хөгжөөн дэмжигчдээ МҮСБХ болон ах дүүсийн гэр бүлийн өмнөөс талархал илэрхийлье!

Мөн ах, дүүс болох А.Цэрэнтогтох, А.Амарболд нартаа олон мянган сагсан бөмбөгчид, дэмжигчдийнхээ өмнөөс хурдан эдгэхийг хүсэн ерөөе!

Дүүгээ галын аюулаас аварч чадсан ч өөрийн биеийн 80 хувь түлэгдсэн А.Цэрэнтогтохын биеийн байдал хүнд байгаа ба эмчилгээний зардалд 350 сая төгрөг хэрэгтэй болоод байгаа юм.

Хэрвээ та ах, дүү хоёрт туслах бол Хаан банкны 5018042275 Мягмарын Дэлгэрмаа гэсэн дансанд хандив өргөх боломжтой ба 95955055 дугаарын утсаар ар гэрийнхэнтэй нь холбогдох боломжтой юм байна.

Ч.БОЛОР

 

Монгол улсын үндэсний шигшээ Vs Монгол улсын Залуучуудын шигшээ 117:111

Posted by Mongolian National Basketball Association on Thursday, June 25, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж