Чингисийн хөшөөг төв талбайд зална

Хуучирсан мэдээ: 2015.06.27-нд нийтлэгдсэн

Чингисийн хөшөөг төв талбайд зална

УИХ-ын чуулганаар энэ асуудал хөндөгдлөө. ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, ОХУ-ын иргэн Даш Намдаковын “Чингис хаан” уран бүтээлийг Англи улсаас авчирч байгаа юм. Дэлхийд ганцхан гэх энэ хосгүй бүтээлийг 2012 оны Лондоны зуны Олимпын наадмаар байршуулсан байсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ.

Энэ хөшөөг Монголд байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр 3 сая еврогоор УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ худалдан авч эх орондоо авчирчээ. Эзэн богд Чингис хааны энэхүү хөшөө, баримлыг эх орондоо авч ирэх, Монголын ард түмний хүртээл болгохын тулд уг бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж хуулийн төслүүдийг боловсруулснаа Сангийн сайд Ж.Эрдэнэбат танцуулж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр болж байна.

Харин энэхүү хөшөөг хаана байрлуулах вэ гэсэн асуулт олны анхаарлыг татаж буй. Энэ талаар Засгийн газрын гишүүн С.Баярцогт “Гадаад, дотоодын олон хүн үзэж сонирхох, хотын өнгө жавхааг тодотгоход ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр Эзэн Чингис хааны талбайд байрлуулахаар төлөвлөж байгаа” гэсэн хариултыг өглөө.

Өмнө нь архитектурын шийдлийн хувьд, төв талбайн хойморьт Чингис хааны хөшөө, өмнө нь Д.Сүхбаатарын хөшөөг байрлуулсан нь зохицолдоогүй гэж шүүмжлэх хүмүүс бишгүй байсан билээ. Тиймээс ч хотын удирдлагууд хоёр жилийн өмнө Сүхбаатарын талбайг Чингис хааны талбай болгосон юм. Харин энэ удаад Сүхбаатарын хөшөөг нүүлгэж, Чингис хааны хөшөөг суурин дээр нь тавихаар болж буй бололтой.

Харин үүнийг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй бий. 1921 оны ардын хувьсгалын удирдагчдын нэг Д.Сүхбаатарыг одоо хэр нь МАН-ыг үүсгэн байгуулагч, гол удирдагч гэж тайлбарлаж, бусдыг нь харлуулах үзэл байсаар буй билээ.

Түүх өгүүлэхэд 1946 оны долдугаар сарын 8-нд буюу Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Сүхбаатарын хөшөөг байгуулах тухай МАХН-ын Сайд нарын зөвлөлийн II тогтоол гарсан юм. Энэхүү тогтоолын дагуу С.Чоймбол, Н.Жамбаа нарын найман барималч Сүхбаатарын морьтой хөшөөг урласан юм.

Харин Д.Сүхбаатарын хөшөөн дээр бичсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэдэг үгийг алтан ургийн сүүлчийн ноён гэгддэг, их бичгийн хүн Н.Наваан-Юндэн гуайн үг гэдээг.

Д.Сүхбаатарын хөшөөг хожим БХНАУ-д засварласан билээ. Ямартай ч ийнхүү Төв талбайд 70 орчим жил байсан жанжны хөшөөг тун удахгүй нүүлгэх шийдвэрийг гаргах бололтой.

Мэдээж хэрэг тэр үед МАН-аас эсэргүүцэх нь ойлгомжтой билээ.

Л.ХАЛИУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж