Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг одоогоос 10–н жилийн өмнө буюу 1995 онд Улсын Их Хурлаас баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, чөлөөт бүс байгуулах үндэслэл шаардлага, онцлог зарчим, угтвар нөхцөл, баримтлах шалгуур үзүүлэлтийг тодорхойлж өгснөөр чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэн гэж төрийнхөн үздэг. Улмаар 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль, 2002 онд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай, 2003 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиуд батлагдсан. Ийнхүү эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдээд 10 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд улсын төсвөөс нэлээд хөрөнгө зарцуулсан ч олигтой үр дүнд хүрч чадахгүй байна гэлээ.
Бодит ажил хийгдэхгүй, цаасан дээр чөлөөт бүс байгуулах ажил явагдсан нь эрх зүйн орчин, хувийн хэвшил төр хоёрын хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо байхгүйтэй холбон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг тайлбарлалаа.
Чөлөөт бүс нь улсын төсвөөр тэтгүүлдэг биш өөрөө өөрийгөө санхүүжүүлээд зогсохгүй улсын төсөвт хөрөнгө мөнгө төвлөрүүлдэг газар болгож өөрчлөх зарчмын үндсэн дээр эрх зүйн орчинг нь улс орны хөгжлийн өнөөгийн шаардлага, хэтийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох, гааль, хилийн шалган, хөдөлмөр эрхлэлтийн тусгай дэглэмийг хуулиар зохицуулж өгөх шаардлагатай гэж талууд харж байна. Мөн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийх хувийн хэвшилүүдийг төр өөртөө татах ёстой. Тэднийг авлигын үүд гэж харах биш, бүтээн байгуулагчид, улсын хөгжилд хувь нэмэр оруулагчид гэж харах хэрэгтэй гэж хөндлөнгийн шинжээчид зөвлөлөө. Мөн хувийн хэвшлийнхэнтэй төр хамтрахдаа хүнд сурталаар хандах биш, тэнднийг дэмжин ажиллах, зөвлөн туслах шаардлагатай гэдгийг ч сануулж байна.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД