Гадаадын хөрөнгө оруулалтын газар нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын “Мэйл Кёнгжэ” сонин, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зургадугаар сарын 8 буюу маргааш “Солонгос-Монголын бизнес форум”-ыг Улаанбаатар хотноо Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна. Тус бизнес форумын зорилго нь Монгол-Солонгосын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Бизнес форумын үеэр Монгол, Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагааны стратеги төлөвлөлт болон эрдэс баялгийн хөгжилд тулгуурласан Монголын эдийн засгийн хөгжлийн гарц гэсэн сэдвийн хүрээнд ярилцахаар төлөвлөөд байна. Уг арга хэмжээнд оролцохоор БНСУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Олон улын эдийн засгийн бодлого судалгааны хүрээлэн Солонгосын нүүрсний корпораци, “Лотте констракшн”, “Самсунг инженеринг”, Үндэсний ассамблей, “Дэсон” групп, “Кorea exim” банк, Коres, Баруун бүсийн эрчим хүчний корпораци, Taihan, Шинхан банк, SC чэйл банк, KDB, СүСонг Энжинеринг болон Сөүл Марин зэрэг компаниудын 40 орчим төлөөлөгч хүрэлцэн ирээд байгаа юм.
Монголын талаас “MCS” групп, “Mонголын Aлт” групп, “AПУ” ХХК, “НИК” ХХК, “Mobicom” групп, “Тавантолгой” ХХК, “Жаст групп”, “Monnis International” ХХК, “Номин Холдинг”, “Шунхлай” ХХК, “Таван богд” групп, “Чингис Индастриал” групп, Худалдаа хөгжлийн банк, “Туушин”, “МИАТ” болон бусад томоохон аж ахуйн нэгжийн 100 орчим төлөөлөгч оролцож хоёр орны эдийн засаг, тэр дундаа уул уурхай, эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны стратеги, төлөвлөлтийн тухай хэлэлцэх гэнэ.
Ж.ГЭГЭЭ