УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт :Төрөөс малчдын талаар баримтлах бодлого байхад дахиад Хөдөө аж ахуйн бодлого орж ирж байна. УИХ-аас өмнө баталсан бодлоготой яаж уялдаж байгаа вэ. Сум болгонд мал эмнэлэг үржлийн алба байгуулсан, ажил нь ямар байна. Дотоодынхоо төмс, хүнсний ногоог импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалах бодлого хэрэгтэй байна. Импортын ногоонд ногдуулах татварыг нэмээд өгвөл бодитой дэмжлэг болно. Энэ асуудлыг тус бодлогод ямар байдлаар шийдэхээр тусгав. Халх гол чөлөөт бүс байгуулах нь, хэдэн мянган га газрыг нь хагалах вэ. Эндээс хэдий хэмжээний ашиг олно гэж тооцсон бэ?.
Хүнс хөдөө аж ахуйн сайд Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь бусад хөтөлбөрүүдтэйгээ уялдаатай явна. Байнгын хорооноос даалгасны дагуу дээрх хөтөлбөрийг оруулж ирж байгаа. Тариаланчдаа дэмжихийн тулд тоног төхөөрөмжийг нь, технологийг нь шинэчлэхэд дэмжлэг үзүүлнэ. Чанарт тулгуурласан бодлого барина. Импортын төмс, хүнсний ногооноос дотоодынхоо ижил төрлийн бүтээгдэхүүнийг хамгаалахын тулд татварын зохицуулалт хийх, зоорь агуулахаар дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ.
Бодлогод хөдөө аж ахуйгаа бүсчилж хөгжүүлэхээр тусгасан. Түүнийг дагуулаад эхний ээлжинд хил орчимд чөлөөт бүс байгуулъя, эхнийх нь Халх гол бүс байна. Халх гол чөлөөт бүс нь 500 мянган га газрыг хамарна, газар тариаланд зориулсан бүс нь 49 мянган га газрыг хамаарна. Тэжээлийн ургамал тариад, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ.
Халх гол чөлөөт бүсийг байгуулснаар үйлдвэрээ зах зээлтэй холбож өгөх боломжтой болно гэсэн хариулт өглөө. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
УИХ-аар Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийн өмнө Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дуусган эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Г.ДАРЬ