Орчин үеийн дэвшилтэт технологийн нэг “3D” хэвлэгчээр тоглоом, бэлэг дурсгалын зүйлс, жижиг хэрэгслүүд, хувцас, гутал, ханын цаас гэх мэт олон төрлийн зүйл хэвлэдэг болсон. Тэгвэл Английн эрдэмтэд хүний арьсыг “3D”-гээр хэвлэх биотехнологийг бүтээхээр ажиллаж байна.
Хүний арьсыг “3D”-гээр хэвлэх итгэмээргүй туршилт таван жилийн дотор хийгдэх гэнэ. Уг биотехнологи нь арьсны амьд эсийг тусгай “3D” машиныг ашиглан хурдан хугацаанд ургуулан хэвлэх аж. Өөрөөр хэлбэл, арьсыг лабораторид ургуулах явцыг хурдасгах замаар тусгай машины тусламжтай хэвлэнэ гэсэн үг юм. Эрдэмтэд хэдийнэ хүний арьс, эд эрхтэнийг лабораторид ургуулдаг болсон билээ. Хэрэв “3D”-гээр арьс хэвлэх туршилт амжилттай болвол дараагийн удаа өөр эд эрхтэнүүдийг хэвлэх боломж бүрдэхийг үгүйсгэх аргагүй.
“3D”-гээр арьс хэвлэх ажилд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “L'Oreal”, биотехнологийн “Organovo” компаниуд хамтран ажиллаж байна. Энэ ажлын зардал нь урьдчилсан байдлаар нэг тэрбум ам.доллар гэнэ. Энэхүү биотехнологи биеллээ олвол арьс нөхүүлэх шаардлагатай олон мянган хүнд ач тусаа өгөх юм.
Хүн төрөлхтөн “3D” технологийн гайхамшгийг анх кинотеатрт мэдэрсэн билээ. Уг технологийн ачаар киног дотор нь орсон мэт бодитоор харж үзэх болсон юм. Өдгөө энэхүү бодит мэдрэмжийг зөвхөн кинотеарт биш гэртээ хүссэн хүн бүр мэдэрч, тоглох боломж бүрджээ.
Түүнчлэн Хятадын эмч нар “3D” технологийг ашиглан гурван сартай сиамын ихрийн мэс заслыг амжилттай хийсэн байна. Ихрийг салгах мэс ажиллагааг саяхан Шанхай хотын эмнэлэгт “3D” принтер ашиглан хийсэн юм. Хагалгаа таван цаг үргэлжилж гуяныхаа зөөлөн эдээр холбогдсон ихэр охидыг салгажээ.
Гэвч “3D” форматаар кино, дүрс бичлэг үзэх нь хүний эрүүл мэндэд хортой байж магадгүй гэнэ. Учир нь, гурван хэмжээст ертөнцийг нүдний өмнө хиймлээр үүсгэхэд нүд нэгэн зэрэг хоёр төрлийн үйлдэл хийх хэрэгтэй болдог аж. Өөрөөр хэлбэл, хүний баруун болон зүүн нүд нэг зэрэг хоёр өөр дүрс харж, маш хурдан боловсруулах шаардлага тулгардаг байна. Иймээс зарим хүнд толгой эргэх зэргээр бие нь тавгүйтэх шинж тэмдэг илэрдэг аж.
Б.АНХТУЯА