ОХУ-ын Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотын зарим хэсэг их хэмжээний үерт автжээ. Хэдэн цаг үргэлжилсэн аадар борооны улмаас үерийн гамшиг үүссэн аж. Үерийн улмаас Сочид онц байдал зарлаж, олон улсын нисэх буудлыг хаажээ.
Үерийн усны түвшин хүний өвдгөөр татах хэмжээнд хүрсэн талаар “Reuters” агентлаг мэдээлэв. Гурван долоо хоногт орох хэмжээний бороо нэг цагийн дотор асгарснаас Хоста, Кудепста, Херота голууд үерлэсэн байна. Сочи хотын үерт өртсөн газраас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Сочи хотноо өнгөрсөн онд өвлийн Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан билээ.
Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Гүржид үер болж Тбилиси хотноо их хэмжээний эд материалын хохирол учруулж, 19 хүн амь үрэгдсэн юм.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА