Үндэсний их баяр наадам эхлэхэд 14 хоног үлдлээ. Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бүтээлч ажил энд тэнд хийгдсээр байна. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил олны анхааралд байсаар ирсэн. Учир нь цэнгэлдэхэд хиймэл зүлэг тавьсан нь бөхчүүдэд халтай юм гэдэг шүүмжлэл гарсан. Гэвч энэ нь бөхчүүдэд ямар ч халгүй болохыг баяр наадмыг зохион байгуулах хорооноос шалгаж дүгнэлт хийсэн байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 8,000 метр квадрат талбайд хиймэл зүлэг бүрэн суулгаж дууссан байна. Энэ нь Олон улсын стандартад нийцсэн Монголд анх удаа оруулж ирж байгаа, Фифагийн II зэрэглэлийн, чанар сайтай зүлэг гэдгийг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа хэллээ. Тус ажлыг гүйцэтгэхэд 1,2 тэрбум төгрөг зарцуулжээ. Хэдийгээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг нийслэл, 51 хувийг компани эзэмшдэг ч энэ удаад компанийн зүгээс 100 хувь өөрсдийн хөрөнгөөр зүлэгжүүлэлтийн ажлыг хийсэн байна. Ингэснээр Төв цэнгэлдэх хүрээлэнг зөвхөн Үндэсний их баяр наадмаар бус бусад үед хөл бөмбөг, хөнгөн атлатекийн зэрэг спортын тэмцээн, уралдаан явуулах боломжтой болж байгаа гэлээ.
Энэ зун хур бороо бага байгаа тул Хүй долоо худагийн зүлэгний ургалт тааруухан, тоосжилт ихтэй байгаа аж. Тиймээс байнгын усалгааг хийж байна. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар RAILBUS-ийг Амгалангаас Хүй долоон худаг чиглэлээр иргэдэд үйлчилсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн, цаг хугацаа хэмнэсэн зохицуулалт болсон. Тиймээс энэ жилийн баяр наадмаар дээрх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа аж Ингэхдээ Амгалангаас найман өртөө явж Давааны өртөөд очих бөгөөд тус өртөөнөөс Хүй долоон худаг хүртэл 1,5 км замд нийтийн тээврийн том автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөн цахилгаан хөдөлгүүртэй Экобус Хүй долоон худаг доторх үйлчилгээний талбайд иргэдэд үйлчлэх юм байна.
ТҮҮХТ ОЙ СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМЫН ТҮНХЭЛ ТОСГОНООС ЭХЭЛНЭ (VII.4-6)
Энэ мэтчилэн баярын наадмын бэлтгэл ажил хийгдсээр байна. Харин баяр наадмын үеэр орон нутгийг зорих иргэдийн тоо ихэсдэг. Төрөлх аймаг, сумын ой гээд нутгаа зорих иргэд эртнээс бэлтгэлээ базаадаг билээ. Ингээд аймгуудын баяр наадмын хуваарийг танилцуулж байна.
Энэ жилийн хувьд Увс аймгийн түүхт 90 жилийн тохиож байгаа бөгөөд энэхүү Улаангом хотноо долоодугаар сарын 22-25-ны өдрүүдэд болно. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин суманд Өндөр гэгээний 380 жилийн даншиг наадам болох юм. Түүнчлэн олон сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тодруулбал, Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал сум, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Цэнгэл сум, Баянхонгор аймгийн Баянлиг, Богд сум, Булган аймгийн Баян-Агт сум, Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумдын 90 жилийн ой тохиож байна.
Ингээд аймгуудын баяр наадмын хуваарийг танилцуулж байна.
Архангай аймаг: Арын сайхан хангай нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.
- Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ой (VII.15-17)
Баян-Өлгий аймаг: Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.
- Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа.
Баянхонгор аймаг: Хонгор нутгийнхны наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно.
- Баянлиг, Богд сумд 90 жилийн ой. (VII.29- VIII.01)
Булган аймаг: Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 9-10-ны өдрүүдэд болно.
- Сайхан суманд 4 түмэн адууны баяртай. (VII.18-19)
- Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой (VII.29-31)
Говь-Алтай аймаг: 2013 онд 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Алтай нутгийнхан энэ жилийн баяр наадмаа долоодугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй байна.
Говьсүмбэр аймаг: Тус аймаг баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тус аймагт энэ жил ой нь тохиож байгаа сум байхгүй.
Дархан-Уул аймаг: Ирэх жил 55 жилийн ойгоо тэмдэглэх Дархан-Уул аймгийнхан баяр наадмаа долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд хийнэ.
Дорноговь аймаг: Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болох бол Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долоодугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Дорнод аймаг: Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-нд болно. Харин сумдын түүхт ой баярууд олон байна.
- Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ой (VII.15-17)
- Хөлөнбуйр сум 60 жилийн ой (VII.15-17)
Дундговь аймаг: Дуу хуурын өлгий Дундговь нутгийн зон олон долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд наадна.
- Баянжаргалан сум түүхт 90 жилийн ой. (VII.23-25)
- Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохионо.
Завхан аймаг: Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн хувьд аймагт ойтой сум байхгүй юм.
Орхон аймаг: 2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэх Орхончууд долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадна.
Өвөрхангай аймаг: Тус аймгийнхан долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэнэ. Түүнчлэн Хархорин суманд долоодугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн даншиг наадам болох юм.
Өмнөговь аймаг: Өмнийн говийнхон долоодугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадна.
Сүхбаатар аймаг: Тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд долоодугаар сарын 17-19-ний өдрүүдэд тэмдэглэх аж. Түүнчлэн энэ жил тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон. (VII.25-26)
Сэлэнгэ аймаг: Сэлэнгэ аймгийн наадам долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд болно.
- Мандал сумын Түнхэл тосгоны 50 жилийн ой. (VII.4-6)
Төв аймаг: Төв аймгийн наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд болно.
Увс аймаг: Тус аймгийн түүхт 90 жилийн ой долоодугаар сарын 22-25-ны өдрүүдэд болно.
- Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт 90 жилийн ой (VII.18-19)
Ховд аймаг: Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.
- Буянт сум 90 жилийн ой. (IX.04-6)
- Чандмань сум 90 жилийн ой (VII.25-26)
Хөвсгөл аймаг: Хөвсгөлийнхөн долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадмаа хийхээр болжээ.
- Төмөрбулаг сум 90 жилийн ой. (VII.19-20)
- Цагааннуур сум 30 жилийн ой. (VII.10-11)
Хэнтий аймаг Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дадал сумд 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд ойн наадмууд долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд тохиох юм.
Ч.БОЛОР