Засгаа тогтвортой байлгаач, улстөрчид өө

Хуучирсан мэдээ: 2015.06.26-нд нийтлэгдсэн

Засгаа тогтвортой байлгаач, улстөрчид өө

2014 оны арванхоёрдугаар сарын 10-нд Шийдлийн Засгийн газрын сайдуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь томилсноос хойшхи долоон сарын хугацаанд Ч.Сайханбилэгийн танхимыг огцруулах тухай яриа  үе, үе улс төрийн хүрээний амны зугаа болсоор ирэв. УИХ-ын хаврын чуулганы нээлтээр  УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээг зурсан сайдуудыг огцруулна гэж анх энэ асуудлыг босгож ирсэн бол дараахан нь Оюутолгойн асуудлаар С.Ганбаатар, Г.Уянга нарын гишүүд Ч.Сайханбилэгийг огцруулах гарын үсэг цуглуулж байв.

Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд Ардчилсан нам засгаасаа Ардын намыг хөөхөөр болсон гэх шар, бор мэдээлэл хөвөрч, саарал ордонд дараагийн Ерөнхий сайдыг тодруулах комбинаци ч сэмхэн өрнөөд авсан билээ.

Ерөнхий сайдыг АНУ-д ажлын айлчлал хийх хойгуур Мягмар гаригт Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Засгийн газарт  хамтарч ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан  гэрээний биелэлтийг яаралтай дүгнэх даалгаврыг УИХ дахь бүлэгтээ өгсөн юм. Гэвч , “Энэ бол АН-ын ээлжит шоу. Сүүлийн үед АН-ын рейтинг унаж, МАН-ынх өсч байгаа. Тийм болохоор тус нам ингэж жижиг асуудлаар улстөржиж байна. МАН-ын сайд нар чадлаараа ажиллаж байна. МАН-д зургаан сайдын суудал өгчихөөд амыг нь таглана гэж бодсон бол эндүүрэл” болохыг өчигдөр МАН-ын генсек Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд хэлжээ.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар бол Ардын намгүйгээр алхам ч урагшилж чадахгүй. Энэ засгийн гол тулах цэг нь Ардын нам. Чухам иймээс л Ардын намыг засгаас хөөх нэрээр Ч.Сайханбилэгийн сандлыг булаах гэсэн Ардчилсан нам дахь бүлэглэлүүдийн санаархалд Ардын намын зүгээс өгсөн хариу энэ. Тэгээд ч улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл дангаараа дүгнэдэг байгууллага ч биш юм. Учир нь, засаг хэрхэн ажиллаж байгаад гагцхүү УИХ  дүн тавих эрхтэй. Түүнээс   Ардчилсан нам засаг барьж байгаа гээд  тус намын Гүйцэтгэх зөвлөл нь Монголын хууль тогтоох дээд байгууллагаас илүү эрх мэдэлтэй гэсэн үг биш юм.

Тавдугаар сарын дундуур 1879 төгрөг болж буурсан долларын ханш эргээд 1942 төгрөг болж өслөө. Долларын ханш өссөн шалтгаан  мөнөөх л гадаадын дотоодын хүчин зүйлсээс шалтгаалах болсон. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталснаар татварын өр болох 30 сая доллар улсын төсөвт орж ирсэн, Худалдаа хөгжлийн банк 500 сая долларыг олон улсын зах зээлээс олж ирснийг эс тооцвол гадаадын хөрөнгө оруулалт тэг хэвээр байна. Дээр нь улсын төсөв 378 орчим тэрбумын алдагдалтай байгаа. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ уналттай, нүүрсний боруулалт муу гээд  эдийн засгийн эрх ашгаа бодвол Засгийн газар тогтвортой байх учиртай.  Ялангуяа парламентын сонгууль болоход ганцхан жил үлдсэн, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд хэлэлцэх асуудал олон, УИХ-д сандал суудлын хэрүүлд зарцуулах цаг тун бага үлдсэн билээ. Бүрэн эрхийнхээ хугацааны дийлэнхийг ардаа үдсэн өнөөгийн парламентад ирэх намар, хойтон хаврын гээд хоёрхон  чуулган үлдээд байна. Гэтэл  хуулийн дагуу долдугаар сарын 1 гэхэд хаалтаа хийх ёстой энэ хаврын чуулганаар дөнгөж гурван хууль баталж, 21 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгааг Я.Содбаатар гишүүн шүүмжилсэн байсан. Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хуульд УИХ салхи ч оруулаагүй байгаа шүү дээ.

Хэлэлцэх асуудлынхаа талыг ч шийдвэрлэж чадаагүй хууль тогтоогчид өнгөрсөн гурван жилийн хугацааны дийлэнхийг засгаа унагаах, сайдуудыг огцруулах, төмөр зам, нүүрсний хэрүүлд зарцуулсан. Одоо үлдэж байгаа богинохон хугацаанд ядаж л засаг төрөөрөө оролдмооргүй байна.

“Хэрээ, хэрээнийхээ харыг гайхав” гэгчээр АН, МАН адилхан улстөржиж, парламентад сөрөг хүчингүй гэхнээ Ч.Сайханбилэгийн Засгийн газраас өргөн барьсан бодлого болгоныг УИХ унагааж байгаа. Хамгийн сүүлд гэхэд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг унагааснаар долларын ханш огцом өссөн юм. 

Улс төр талаасаа Шийдлийн засгийг огцруулах нь шинэ үзэгдэл биш. Гэвч, эдийн засаг талаас нь бодолцвол засаг огцорсноор Монгол Улс юу ч хожихгүй. 

 Арван есөн жилийн өмнөх алдаагаа Ардчилсан намынхан давтахгүй гэвэл Ардын намтай хамтарч эхлүүлсэн ажлаа дуусгах хэрэгтэй байна. 1996 оны сонгуулиар ардчилагчид 50 суудал авч одоогийн МАН буюу тэр үеийн МАХН цөөнх болж байсан тэр үед дөрвөн засаг солигдсон түүх бий. Тэрхүү  түүхээ давтах хүсэл Ардчилсан намд мэдээж байхгүй гэж бодож байна.

Наанаа Ардын намыг хөөж, туухаа илэрхийлэх болсон ч цаанаа бол Ардчилсан намынхан Ж.Мөнхбат генсекийн хэлснээр шоудаж буй нь үнэн ч байж болох талтай. Ардын намыг засгаас хөөлөө гэхэд дараа нь Ардчилсан нам засгаа байгуулж чадахгүйд хүрч болзошгүй учраас тэр юм.  АН-д өнөөдөр 35 кноп байгаа  бол МАН-д 26 кноп бий. Энэ бол хол зөрүү тоо биш.

“Шударга ёс” эсвэл, ИЗНН-ынхантай нийлээд засгаа байгуулаад явлаа гэж бодоход  хойтон жил хүрэлгүй шинэ засаг нь дахин унаж мэдэхээр байна.  Намынхаа гишүүнээс бүү хэл даргаасаа урваж чадах урваач, шарваач АН-д цөөнгүй бий гэдгийг Н.Алтанхуягийг огцруулах үеэр харсан биз. 

 Засагт хамтарч орохдоо иргэдэд амалсан эдийн засгийн хямралаас хамтдаа гаргана гэсэн эхний зорилгоо ядаж биелүүлэх хэрэгтэй байна. Ардын намынхан бол ачаагаа хамтдаа үүрье, хариуцлагаа хамтдаа хүлээе гэдгээ хэлэх болсон шүү дээ. Харин АН-ынхан л асуудлыг босгож, хөөрөгдөөд байгаа болохоос Ардын намыг хөөж чадахгүй гэсэн Ж.Мөнхбатыг хэлдэг үнэн.

“Ардчилсан нам юу ч хийгээгүй” гэсэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн үгээр үг хийж, Ардын намыг хээр хонуулахаар эмоцилоод байсан Ардчилсан намынхан арай ч бас засаг төрөө аваад хаячихгүйгээр шийдсэн бололтой. Саарал ордны зарим эх сурвалжийн хэлснээр засгаа тогтвортой байлгах, Тавантолгойн гэрээг Засгийн газар буцаан татсан тухай УИХ-ын дарга З.Энхболд өчигдрийн чуулганд дуулгасан ч ээлжит бус чуулганаар энэ гэрээг байгуулах эрхийг олгохоор болж хаваржин нүүрсний хэрүүл хийцгээсэн олонх доторх улс төрийн бүлэглэлүүд тохиролцоонд хүрсэн гэнэ. Мөн ирэх долоо хоногт Засгийн газар Гацууртын төслийг дахин УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа, хаврын чуулганы хаалтын өдөр бөөндөх хуулиуд дунд багтаад явчих байх гэдгийг барин тавин баталж хэлэх улстөрч байна.

Ч.Сайханбилэгийг Р.Амаржаргал, эсвэл З.Энхболдоор солилоо гээд эдийн засаг сэргэнэ гэж итгэхэд хэцүү. Өнөөдрийн эдийн засгийн хямралын эхлэл нь Монголын засаглалын хямралаас эхтэйг улстөрчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрөх болсон. Тэгээд ч УИХ-д угаасаа  улстөржих цаг, зав үлдсэн бил үү.

                                                                                                                                                                Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж