&#34Хэн нэгнийг хорьж айлгах, хардаж сэрдэх байгууллагын тоо цөөдөөгүй&#34

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

&#34Хэн нэгнийг хорьж айлгах, хардаж сэрдэх байгууллагын тоо цөөдөөгүй&#34

УИX-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

 

-Сүүлийн үед Оюу толгой, Таван толгойн асуудал их яригдаж байна. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг УИХ хууль санаачлагчдад буцаачихлаа. Эдгээр ордын талаарх асуудлыг та хэрхэн харж байгаа вэ?

 

-Энэ бүх асуудал Засгийн газрын өөрийнх нь шийдэх нэн тэргүүний зүйл гэдгийг хэлэх нь зөв болов уу. Шийдлийн Засгийн газар шийдэхийн төлөө л байх ёстой. Бүх талынхаа ашиг сонирхлыг тусгаад явбал эдгээр томоохон төслүүдийг хөдөлгөх бүрэн боломжтой. Засгийн газраас энэ үүргээ хэрэгжүүлэхийг хүлээж байгаа. Гэтэл асуудлуудаа Их хурал руу хэрүүлийн алим шиг шидчихээд өөрсдөө гадна талд нь гарчихсан хараад байна. Их хурал буянаараа бол гэсэн шиг асуудалд хандаж болохгүй ээ.

 

Энэ нь өөрөө буруу жишиг. Их хурал нь Засгийн газартаа хяналт тавиад явна гэдэг том зарчим ярьсан. Өнөөдөр энэ зарчим харагдахгүй байна. Маш их харамсч байна. Засгийн газар бүх асуудлуудаа шийдээд явах, зөв хувилбараа гаргах хангалттай боломж бий. Оюу толгойн гэрээний хувьд юу байгуулаад ирсэн нь одоо болтол тодорхойгүй байна.

 

Хоёр гурван талын эсэргүүцсэн мэдэгдэл явж байгаа. Яг цаана нь юу явааг мэдэхгүй юм. Таван толгойн ажлын хэсэг нь дүгнэлтээ оруулж ирээгүй хүлээгдсээр л. Гацууртын орд бол эцсийн бүлэгт ард түмний асуудал байхгүй юу. Соёлын түүх дурсгал гээд маш олон эмзэг асуудал байгааг иргэдийнх нь санаа оноог сонсоод шийдээд явах боломж Засгийн газарт бий. Үүнийгээ Их хуралд харуулчих л даа.

 

-Эдийн засаг сэргэх нөхцөл хэр байна. Энэтхэгийн Ерөнхий сайдын амласан нэг тэрбум ам.долларын зээлийн шугам, Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөө гээд ам.долларын ханшийг сулруурах нөхцөл их гарсан ч буцаад 1920 төгрөг хүрэх гэж байна…

 

-Ханшийн хэлбэлзлийн цаана ард түмэн, компаниуд бизнесээ алдах томоохон хор уршиг хүлээж байдаг. Урьдчилан таах боломжгүй нехцөл гэдэг бол бизнест хамгийн хортой л доо. Манай эдийн засаг сургаар явдаг эмзэг байдалд хүрчихсэн гэдэг нь эндээс харагдаж байна. Оюу толгой шийдэгдпээ гээд сэтгэл хөөрлийн байдлаар хэлчихсэн чинь валютын ханшид шууд нөлөөлсөн. Ажил нь урагшлахгүй болохоор валютын ханш эргээд бодит байдалдаа оччихож байна. Бид суурь асуудлуудаа шийдэж чадаагүй байгааг харуулж байгаа нэг хэлбэр нь энэ.

 

-Шийдлийн Засгийн газар асуудлуудаа шийдээд явах боломжтой гэдгийг та хэллээ. Засгийн газар ажил хийх гэхээр гишүүд тээг тавиад байгаа юм биш үү?

 

-Гишүүд Их хурал дээр өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэх эрхтэй. Энэ Засгийн газрыг анх байгуулагдахад бүх нам хамтарч засаг барина гэдэг бол учир дутагдалтай гэдгийг би хэлж байсан. Өөрөөр хэлбэл парламентын нэр хүнд, парламентын үүрэг роль багасч байгаа юм. Одоо нэг талд нь Засгийн газар нөгөө талд нь хувь гишүүд гээд хуваагдчихсан. Тэгэхээр Засгийн газарт тавих хяналт сулардаг.

 

Үүнээс болоод Засгийн газарт ажил урагшлахаа байчихсан. Парламентад суудалтай бүх намууд хамтарч байгаад хачин сайхан Засгийн газар байгуулна гэсэн. Үүнийгээ Засгийн газар харуулаад явах ёстой. Өөр арга алга. Ганц нэг гишүүд асуудал болгон дээр цөөнх болоод явах нь тодорхой шүү дээ. Гэхдээ Засгийн газрын гишүүд хэлэлцэж байгаа асуудлууд дээрээ манлайлаад явахад ямар ч асуудал байхгүй. Одоо нэг зүйл ажиглагдаж байна.

 

-Тэр нь юу гэж?

 

-Засгийн газар хүсвэл бүх асуудлууд нь явж байна. Хүсэхгүй бол таг зогсч байна. Их хурал руу бүх болохгүй зүйлээ чихээд байгаа боловч Засгийн газар өөрөө нэгдмэл байж чадаж байгаа юм уу. Асуудлуудаа шийдээд явах хүсэл зорилго байгаа юм уу гэдгийг асуух хэрэгтэй. Үүнд би эргэлзэж байгаа.

 

-Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэдийн аюулгүй байдал ихээр хөндөгдөж байна Ноднин АНУ-д нэг охин буудуулж амиа алдсан бол саяхан Малайзад Номин-Эрдэнэ гэж бүсгүйг дөрвөн удаа буудлаа. Та Малайзад очоод Ш.Алтантуяа агсны талаар мэдээлэл хийсэн гээд үргэлжилж хүний эрхийн асуудал үргэлжилж байна…

 

-1990 онд гадаадад байгаа монгол иргэдийн тоо 100 гаруй байсан. Тэгвэл өнөөдөр жил бүр зорчиж байгаа иргэдийн тоо хэдэн зуун мянгаар тоологдож байна. Байнга гадаадад амьдарч байгаа иргэд гэхэд 200 гаруй мянга болсон. Энэ тоог дагаад иргэдэд тохиолдож буй асуудлуудын тоо нэмэгдэх нь гарцаагүй.

 

Би Гадаад харилцааны сайд байхдаа гадаад яам бол дарга нарын яам биш ээ. Монгол Улсын иргэн бүрийн яам байх ёстой гэсэн зарчим баримталсан. Нэг талаас иргэний оролцоог хангах нөгөө талаас эрх ашгийг нь хамгаалах ёстой гэж үздэг. Тийм ч учраас гадаад дипломатуудын газруудыг хуулийн мэргэжлийн болон хүний эрхийг хамгаалах талаар хөөцөлддөг тийм албан хаагчдаар бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байлаа. Тэр ч утгаараа энэ тал дээр нэлээд ахиц гарсан. Сая Малайзад очиж хурал дээр үг хэлэхдээ мартагдах шахаад байсан Ш.Алтантуяагийн хэргийг сөхөж тавьсан. Энэ нь Малайзынханд хүнд тусч байна лээ. Монгол Улс  ч гэсэн иргэнээ ямар ч цаг хугацаа өнгөрсөн мартдаггүй юм байна. Нэхэл хатуу юм байна. Монгол гэдэг чинь айхтар улс юм байна гэдэг дохио очсон байна лээ. Малайзад 600-700 иргэн сурч  байна. Тэгвэл тэр улсад зорчиж байгаа иргэдийн тоо бүр илүү байдаг тул асуудалд холбогдох магадлалын хувь өндөр болчихож байгаа юм.

 

Малайз аюулгүй байдлын  талаараа бэхжиж чадаагүй улс. Гэтэл тэнд манай дипломат газар байдаггүй. Дипломатын газартай болох ёстой гэдэг асуудлыг олон  жил тавьсан. Монгол Улс зоосны нүхээр харж энд эдийн засгийн боломж байгаа юм чинь төлөөлөгчийн газар байгуулчихъя гэдэг. Энэ нь зөв. Гэхдээ эцсийн бүлэгт иргэдийн эрх ашгийг  хамгаалдаг, төр нь тэдэнтэй ойр байдаг, зөвлөгөө өгч  хамгаалдаг ийм газруудыг нэн тэргүүнд байгуулах ёстой. Малайзад консулын газар байгуулах асуудлыг гадаад, яам оруулж ирж Их хурлаар шийдүүлэх байх гэж найдаж байна. Гэх мэтчилэнгээр  манай улс БНСУ, БНХАУ-д төлөөлөгчийн газрынхаа тоог нэмж байгаа.

 

-Гадаадад байгааг иргэдийн эрхийн тал дээр ийм асуудал байгаа юм байна. Тэгвэл манайд байгаа иргэдийн эрх хэр зөрчигдөж  байна вэ?

 

-Янз бүрийн хэлбэрээр иргэдийн эрх зөрчигдөж байна. Хуулиараа гэхэд иргэн бүр газар өмчлөх эрхтэй гээд заачихсан. Биднийг засаг авч байхад нийт иргэдийн долоон хувь нь газраа өмчилсөн байсан бол одоо 12 хувь болчихсон. Цаана нь иргэдийн 80 гаруй хувийнх нь эрх зөрчигдсөн хэвээр байгаа Энэ мэтчилэнгээр асуудал үргэлжилнэ. Эх орондоо айдасгүй, итгэлтэй, үр хүүхэд нь аюулгүй орчинд амьдардаг, нийгмийн хамгаалал нь найдвартай байхаас эхлээд маш олон эрхүүд зөрчигдсөн хэвээрээ байгаа нь үнэн. Бизнес эрхлэгчдэд бүх талын дарамт шахалт ирдэг. Ажил хийж байгаа хүн бүрт тодорхой дарамтууд ирсээр байна. Энэ бүгдэд эерэг хандлага бий болгох гэж байнгын ажиллагаатай парламент байдаг.

 

-Өнөөдөр Монгол Улсад ногоон малгайтны арми бий болчихлоо гэдэг зүйлийг Н.Алтанхуяг гишүүн хэлж байна. Энэ нь АТГ л даа. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль болон холбогдох хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн ч чуулганы хуралдаанаар хэлэлцсэнгүй. ҮАБЗ зөвлөмж гаргах ёстой байтал хуулийн төслийг хойшлуулах шийдвэр гарган Их хуралд өгсөн ч гэдэг юм уу асуудлууд нэлээд байна…

 

-Анх АТГ-ыг байгуулах санаачилга гарахад дэмжиж байсан хүний нэг нь би. Энэ хэрэгтэй байгууллага. Цаашдаа ч байна. АТГ-ыгтатан буулгах гэсэн юм байхгүй. Авлигатай тэмцэх зорилготой намын хувьд ямар асуудлыг дэмжсэн гэхээр АТГ-ыг бүх талаар нь дэмжье.

 

Эрх мэдлийг нь нэмэгдүүлж өгье гэсэн юм. Бид авлига гэж нийтийг хамарсан ойлголт болсон хүнд өвчнийг анагаахыг л хүссэн. Гэтэл хуулийн өөрчлөлтүүдийг харахаар одоогийн байгаа цагдаагийн газраас 10 дахин том, нэг арга барилтай цагдаагийн газрыг байгуулах гэж байна. Тэртээ тэргүй төрд олон 10 жил явчихсан, Үндсэн хуулиар тогтоосон олон 10 байгууллага бий. Энэ бүгдээс ялгаатай ажиллаж, нийгэмд байгаа энэ өвчин эмгэгийг таньж оношлох зорилготой оюуны чадамжтай байгууллага бий болгохыг зорьсон.

 

Хэн нэгнийг барьж хорин айлгаж, хардаж сэрдэх хамгийн амархан. Хууль хүчний байгууллага олон жил үүнийг хийж ирсэн. Ийм байгууллагын тоо цөөдөөгүй. Байгууллагын тоогоор болдог бол дахиад 10 ийм байгууллагатай болж болно. Тэглээ гээд асуудал цэгцрэхгүй. Авлига гэдэг чинь өндөр хэмжээний зүйл байсан байхгүй юу. Тиймээс үүний эсрэг өндөр мэдлэг боловсролтой хүмүүсээр эгнээгээ бэхжүүлсэн байгууллага тэмцэхээс өөр замгүй болсон.

 

Одоо бол цагдаа нь тагнуултайгаа өрсөлдөөд, АТГ нь бизнесмэн, албан тушаалтнуудыг хорьж цагддаг хэлбэр рүү орчихлоо. Энэ нь учир дутагдалтай гэдгийг гишүүд ярьдаг. Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хууль санаачлах эрх нь гишүүдэд байна. Энэ талаар ярьж зөв шийдлийг олох нь чухал.

 

Авлигатай тэмцэхгүй, авлигыг мөнхжүүлье гэсэн сэтгэлтэй хүн нэг ч байхгүй. Учир зүйгээ олоод зөв шийдэл гаргаад явах боломжтой гэж хардаг. Гэхдээ хувь гишүүн хууль санаачилж, хуулийг нь хэлэлцсэний төлөө, хуулийг дэмжсэний төлөө элдвээр цоллож хариуцлага хүлээлгэн, нэр төрд нь халддаг байж болохгүй. Аль ч улс орны авлигатай тэмцэх зүйл дээр нэг дутагдал ажиглагддаг.

 

Тодорхой улс төрийн болон бизнесийн бүлэглэл тэр байгууллагад нөлөөллөө тогтоож өрсөлдөгчөө дарах хэрэгсэл болчихоод байна. За яахав ингэж болно. Гэсэн ч энэ чинь мөнхийн зүйл биш. Маргааш нөгөө тал нь яг ингэж хариу барина. Энэ тэмцэлд улс хохирч үлддэг. Ингэж тоглож болохгүй. Энэ нь Монголын хувьд дэндүү үнэтэй тоглоом байх болно.

 

-АТГ таныг шалгаж байгаа гэсэн юу болсон бэ?

 

-Миний хувьд 1990 онд жагсаал цуглаан байгуулсан гээд анх цагдаад шалгуулж эхэлсэн. Түүнээс хойш төр, хувийн ажил аль алийг нь хийж байхдаа байнга шалгуулдаг байсан. Гэхдээ нэг байгууллага биш нэлээд олон байгууллагаар шалгуулж ирсэн. Ялангуяа сайд болсноосоо хойш бүр ч их шалгуулсан. Над шиг их шалгуулсан хүн бараг байхгүй дээ.

 

Хамгийн хэр ам багатай батлан хамгаалах салбар гэхэд л дуусахгүй хэл амтай байлаа. Мэдээж цаана нь тодорхой улс төрийн зорилго байгаа. Би нэг зүйлийг л гайхдаг юм. Тодорхой хугацаанд хүнийг шалгаад дуусдаг байх ёстой. Буруутай бол буруутай гээд арга хэмжээг нь авдаг байх хэрэгтэй. Асуудал байхгүй бол уучлалт гуйгаад дуусгах хэрэгтэй. Гэтэл үүнийгээ дуусгалгүй үргэлжлүүлээд яваад байдагт эмзэглэдэг.

 

-АТГ тэгээд таныг шалгаж дууссан юм уу. Хэрэв дууссан бол ямар шийдвэр гарсан юм бол?

 

-Дууссан байлгүй дээ. Жил гаруйн хугацаанд таг чиг л байна. Миний хувьд нууж хаагаад байх юм байхгүй. Хийсэн буруу зөрүү зүйл ч алга. Би цагдаа, тагнуул, аудит гээд шалгаж болох бүх газарт шалгуулсан. Эд нар чинь шалгалт явуулахдаа зүгээр шалгахгүй бараг л төрснөөс хойших бүх зүйлийг шалгасан.

 

-АТГ-ын эсрэг байр суурь илэрхийлээд эхлэнгүүт шалгалт явуулаад байдаг юм биш үү. Барьж хорьж байгаад л баахан шалгадаг гэсэн?

 

-Уг нь буруу л даа. Энэ чинь улс төр болж харагддаг байхгүй юу. УИХ-ын гишүүн үгээ хэлэх эрхтэй. Үг хэлэнгүүт дараа долоо хоногт нь эрүүгийн хэрэг нээгээд асуудлаа хурцатгаад эхэлж байгаа нь маш буруу. Иймэрхүү зүйл олон хүн дээр гардаг бололтой юм билээ. Энэ бол зөв гарц биш. Эргээд авлигатай тэмцэхэд хор болчихоод байгаа юм.

 

-Зайсангийн иргэдийн газрын асуудал хэд хоногийн өмнө сөхөгдөж байсан. Тойргийнхоо Зайсан орчмын иргэдийн газрыг яахаар болсон бэ?

 

-Зайсангийн ойр орчимд бүхэл бүтэн хот босчихсон. Тэр хот агаар дээр босоогүй. Төрөөс зөвшөөрөл авсан хүмүүс барилга орон сууц бариулсан. Гэтэл тэнд 20-30 жил амьдарч байгаа 600 гаруй өрх бий. Тэр хүмүүсийг нь хууль бус гэж шахаад байдаг хэрнээ дөнгөж нүүнгүүт нь тэнд байшин босчихдог. Барилга байшин барих болохоор зөвшөөрөл нь олддог хэрнээ иргэд удаан амьдарч ирсэн газраа амьдрах аргагүй болдог.

 

Үүн дээр л шударга ёс тогтоох хэрэгтэй гэсэн юм. Компани зөвшөөрөл аваад байшин барьж болсон юм чинь тэнд байгаа иргэд хууль ёсны дагуу амьдрах шаардлагатай. Дархан цаазтай газар юм чинь өмчлөх асуудал мөддөө шийдэгдэхгүй байх. Харин тэнд амьдарч байгаа айл нь хөөгдөж туугдахгүй амьдрах эрх нь нээгдэх ёстой. Амьдарч байсан газраа зарчихсан ганц нэг айл байдаг л байх. Түүнийгээ тусад нь шийдээд явах нь зөв.

 

-Болд гишүүн “Богд” гэдэг шинэ банктай боллоо гэсэн яриа гарч байна. “Богд” банкныхаа тухай ярихгүй юу?

 

-Аав, ээжийн байгуулсан “Бодь” гээд компани бий. Тодорхой хүмүүстэй хамтарч байгаад хамтын ажиллагаа зогссон. Банк санхүүгийн гэх мэт тодорхой хэдэн компаниа манай гэр бүлийнхэн өргөжүүлээд явж байна. Хамгийн гол нь хуулийнхаа хүрээнд явж байгаа бизнес шүү. Би үүнд оролцоод хутгалдаад байгаа юм алга. Гэр бүлийн гишүүний хувьд тодорхой хувиа эзэмшдэг. Монголын томоохон банк болон компанийг байгуулан амьдралынхаа тодорхой хугацааг зориулж ирсэн.

 

Хамтарч ажиллах боломжгүй болоод хоёр талдаа ойлголцоод хоёр тийшээ болсон. Хүн заримдаа бус байдаг юм билээ. ‘Бодь  нэртэй аав, ээжийн компани анх байсан болохоор "Бодь даатгал, “Бодь” цамхаг гээд цөөн хэсэг нь манай гэр бүлд ноогдсон. Гэтэл араас “Бодь” ‘гэдэг нэрийг ашиглуулахгүй гээд зарга үүсгэсэн. Үүнийг гайхаж байна. Хөрөнгөө хуваахад “Бодь" цамхгийг манай гэр бүл авсан.

 

Дараа нь өнөө нөхдүүд “Бодь" цамхаг баригдсан газрыг бид авна гээд маргаан үүсгэсэн. Компани өгөөд нэрийг нь өгөхгүй. Байшин өгөөд газрыг нь өгдөггүй ийм наймаа гэж байхгүй л дээ. Угаасаа гэрээгээр ч тийм зүйл байхгүй Тэд хүний ёсноос гадуур гэж өөрсдийгөө ойлгуулах гээд байгаа юм уу бүү мэд. Энэ мэтчилэн зүйл дээр жаахан: маргаан гарсан зүйл бий.Гэхдээ Монголд төр байна, хууль байна, хүний нийгэм байна даа учир зүйгээ олоод явчих байх гэж бодоод байгаа.

 

-Та бол 1992 оны ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцаж явсан хүний нэг. Одоо бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн. Үндсэн хуулийг өөрчлөх тал дээр өөрийн байр сууриа илэрхийлээч. МАН-ын зарим гишүүд Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцсэн байна лээ?

 

-Үндсэн хуулийг баталж байсан долоон гишүүн ажлын хэсэгт багтан ажиллаж байна. Одоо хоёр вариант байгаа. Нэгдүгээрт, 35 хувиас дээш хувьд нь өөрчлөлт оруулж шинэ Үндсэн хуультай болох. Хоёрдугаарт, аминд тулсан асуудлуудаа шийдээд явах. Энэ хоёр замын аль нэгээр нь шийднэ. Зарчмын хувьд ажлын хэсэгтэйгээ тохирохгүй байгаа зүйлүүд бий.

 

Тухайлбал, Үндсэн хуулийн ажлын хэсэг дээр сумын Засаг дарга нарыг шууд сонгуулиар сонгоно гэж байгаа. Үүнийг би эсэргүүцэж байгаа юм Учир нь томоохон аж ахуйн нэгж юм уу, цэргийн анги байгаа сум Тэр салбарын өмч болчихдог талтай. Нэг том уурхайтай сум байлаа гэхэд сумын иргэд хэн ч биш болдог. Уурхайнхан сумын хэсэг бүлэг хүмүүсийг нь худалдаж аваад уурхайн ажилчидтай нийлэн санал өгөөд сонгодог болно гэсэн үг.

 

Нэг үгээр хэлбэл уурхайн захирал хэнийг сонгоно тэр хүн сумын Засаг дарга болно гэсэн үг. Ухаандаа тэд тусдаа зэвсэгт хүчин байгуулах нь л дээ. Дараа нь Таван толгойг өмчлөөд энэ зөвхөн биднийх шүү гэх нь байна. Өмнө нь Оюу толгой, Таван толгой Өмнөговь аймгийн нутагт байгаа болохоор зөвхөн манай аймгийн иргэдэд хамаарна гэдэг зүйл явсан. Монгол Улсын бусад иргэд тэгэхээр яах юм. Тиймээс иймэрхүү процесс буруу гэж үзэж байгаа. Ард түмнийг хагалах нь удирдах нөхцөл бололцоог ойлгомжгүй болгодог.

 

Тиймээс иймэрхүү процесс буруу гэж үзэж байгаа. Ард түмнийг хагалах нь удирдах нөхцөл бололцоог ойлгомжгүй болгодог. Тиймээс ард түмэн пропорционалийг сонгож байна. Иргэн бүрийн өгсөн санал парламентад тусдаг байх ёстой. Олонх болсон иргэд нь хүн, цөөнх болсон иргэд хэн ч биш байдаг байж болохгүй. Үүний тулд нам гэж байгаа. Сүүлдээ нам нь хувьчлагдаад компани  шиг болчихсон тул иргэд намыг үзэн ядаж байна. Нам хэрэггүй, намгүй байя гээд нэг туйлаас нөгөө туйл руу яваад байгаа юм. Энэ чинь буруу.

 

-Тэгээд яах ёстой гэж харж байгаа юм?

 

-Чухамдаа ард түмэн төр хоёрыг холбодог тогтолцоог байхгүй болгох гэж байна. Иймэрхүү процессыг дэмжихгүй. Ер нь ойлгомжтой, зохион байгуулалттай байх ёстой. Засгийн газар нь ойлгомжгүй олон удаа огцордог, хуйвалдааны аргаар асуудлыг шийддэг гажуудал бий. Хууль, шүүх засаглал, Үндсэн хуулийн болон Үндсэн хуулийн бус байгууллагуудыг цэгцлээд явах боломжтой.

 

-2010 онд Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль гэж баталсан. Уг хуульд Үндсэн хуулийн ийм ийм заалтуудыг огт хөндөж болохгүй гэж заасан байна лээ. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эдгээр заалтууд зайлшгүй хөндөгдөх гэж байна гэх юм?

 

-Үндсэн хуулийг тийм заалтуудыг хөндөж болохгүй гэсэн зүйлийг бөрчлөх гээд байгаа юм байхгүй. Гэхдээ тэр хуулийг чинь Их хурал л баталсан. Хэрэв Их хурал зохих ирцээрээ өөрчлөх асуудал байгаа бол тэр эрх нь бий гэсэн үг. Үндсэн хууль өндөр ирцээр батлагддаг болохоор сайн шүүгдэж гарах байх.

 

-Үндсэн хуулийн яг ямар ямар тодорхой заалтууд дээр өөрчлөлт орж байгаа вэ. Ажлын хэсгээс мэдээлэл хийгээгүй болохоор таамаг төдий зүйлс яригдаад байна л даа?

 

-Ийм хардлага яриа хэрэггэй. Тэгж байж бид ийм заалтуудыг ингэж өөрчлөхийг иргэд хүсч байна. Үүнийг нь өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм байна гэдэг ойлгоц авна.

 

Миний итгэл үнэмшил юу гэхээр эхлээд бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн төсөл гаргана. Үүнийг олон нийт, Их хурал дэмжинэ гэж харж байгаа. Ийм төсөл гаргаж чадахгүй бол хэцүү л дээ.

 

-Сонгуулиас зургаан сарын өмнө Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой байдаг. Хаврын чуулганаар эдгээрийг хэлэлцэж амжихгүй нь. Намрын чуулганаар хэлэлцэхээр улс төр ороод олигтой хууль гарах уу?

 

-Сайн хууль гаргахын тулд хичээнэ. Энэ бол ардчилал. Хамтраад ойлголцоод гаргаж чадвал гарна. Гарч чадахгүй бол бол яахав дээ. Энэ ч гэсэн шийдвэр шүү дээ. Заавал өөрчлөхгүй бол болохгүй гэсэн зүйл байхгүй.

 

-Улс төрийн намуудын тухай хууль хаврын чуулганаар багтаад шийдвэрлэгдэх бололтой. Уг хуулийг төсөлтэй танилцав уу. Ямархуу чигийн хууль гарах нь вэ?

 

-Хуулийн төслийн явцтай танилцаад явж байгаа. Улс төрийн намуудын тухай хуульд би маш их найдаж байгаа.

 

Намуудыг хувьчлалаас гаргах хэрэгтэй байна. Компани байдлаар ажилладгийг болиулаад фракцгүй жинхэнэ намын гишүүдийн байгууллага болгож чадвал төр цэвэршинэ. Тэр хэрээр улс төр тогтвортой болно. Өнөөдрийг хүртэл явж  ирсэн энэ том асууллууд чинь алга болох юм. Улс төрийн намуудын тухай хууль бол Сонгуулийн тухай хуулиас ч илүү ач холбогдолтой хууль юм.

 

Э.ЭНХБОЛД

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж