БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчооны хооронд “Хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах» хурал өчигдөр Улаанбаатар хотноо боллоо. ӨМӨЗО-ны Аялал жуучлалын товчооны орлогч дарга Ма Юншэн тэргүүтэй төлөөлөгчид тус хуралд оролцож уламжлал ёсоор хоёр талын хилийн бүс нутагт аялал жуулчлал хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, түүнийг арилгах арга замын талаар ярилцан протоколд гарын үсэг зурлаа. Хоёр орны төлөөлөгчид хөрөнгө оруулалт ба сурталчилгааны ажлыг идэвхжүүлж, аль аль талд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тухай хэлэлцжээ. Дээрх протоколд Монгол, БНХАУ, ОХУ-ыг оролцуулсан «Цайны зам» олон улсын төслийг энэ оны есдүгээр сард багтаан хэрэгжүүлэхээр заасан нь хөрш гурван улсыг хамарсан аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгоход ихээхэн ач холбогдолтой боллоо хэмээн БОАЖЯ үзлээ.
А.Зул