Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд энэ сарын дундуур Хятад улсад хоёр өдрийн айлчлал хийхээр төлөвлөжээ. Айлчлалын хугацааг хоёр улсын Засгийн газар нэг өдөр зарлах юм байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэх зорилт тавих аж. Мөн тус улсаас хөнгөлөлттэй нөхцөлөөр авах 500 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийн зориулалтыг тодорхой болгох гэнэ. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Монгол Улс, Хятад улсын харилцаа өргөжиж, ялангуяа эдийн засгийн салбарт хурдацтай хөгжиж буй аж. Олон салбарт энэ хөгжил эрчимжиж байгаа тул хоёр улсын хувьд харилцан ашигтай байх нөхцөл боломж бүрдүүлэхэд чиглэх юм байна.
Дашрамд сануулахад, Ерөнхий сайд Хятад улсад хийх айлчлалынхаа өмнө тус улсын онцгой бүс болох Хонконгд мөн айлчлах төлөвлөгөөтэй ажээ.
Г.Дарь