Дэлхий нийтээр зургадугаар сарын 26-ны өдрийг хар тамхи, мансуулах бодистой тэмцэх өдөр болгон зарласан. Иймээс өнөөдөр Гааль, Цагдаа, эрүүл мэндийн яам тэргүүтэй холбогдох байгууллагууд хамтран “Чингис хаан” нисэх онгоцны буудалд “Мансууралгүй ирээдүй” өдөрлөгийг зохион байгуулсан юм.
Энэ үеэр хилээр нэвтрүүлж буй бараа таваарыг ямар шат дамжлагаар хэрхэн хянадаг талаар танилцуулав. Одоогоор Буянт Ухаа боомтод 142 хүний бүрэлдэхүүнтэй 48 газарт камер суурилуулан хяналт тавьдаг аж. 16 хяналтын цэг ажилладаг байна.
Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэдэг иргэдийн хувьд залгих зэргээр биедээ шингээдэг аж. Тиймээс гэдэс, хоол боловсруулах эрхтэн, биедээ нуусан мансууруулах бодисын төрлийн зүйлийг 100 хувь илрүүлэх төхөөрөмжийг суурилуулаад жил болжээ. Энэ хугацаанд мансууруулах бодистой холбоотой зөрчил одоогоор илрээгүй гэв. Ийм төхөөрөмж Монгол Улсын хэмжээнд Буянт Ухаа, Алтанбулаг, Замын Үүдийн боомтуудад байдаг аж.
Мөн ачаа тээшийг эцсийн шатны шалгалтад оруулахын өмнө эрэлч нохой ашигладаг. Одоогоор Буянт Ухаа боомтод дөрвөн эрэлч нохой ажиллаж байна. Харин улсын хэмжээнд 28 эрэлч нохой ажилладаг гэх мэдээллийг өглөө.
Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 1900 хүн улсын хэмжээнд бий гэх судалгааг гаргажээ. Гэхдээ нэг хэрэглэгчийн ард дор хаяж 10 хүн байдаг хэмээн СЭМҮТ-ийн эмч С.Мөнхтуяа мэдээлсэн. Тиймээс хар тамхи хэрэглэдэг иргэдийн нарийн судалгааг гаргах боломжгүй байгаа юм.
Б.ЗАЯА