ОХУ Барууны хүнсний бүтээгдэхүүний импортын эсрэг хоригоо бүтэн жилээр сунгажээ. Барууны хүнсний бүтээгдэхүүний импортын эсрэг хоригийг сунгах зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /IV.24/ гарын үсэг зуржээ. ОХУ өнгөрсөн наймдугаар сард Европын холбоо, АНУ, Канад, Норвеги, Австралийн үхэр, гахайн мах, загас, бяслаг, хүнсний ногоо, жимс, сүү, сүүн бүтээгдэхүүний импортын эсрэг хориг тавьсан юм.
Үүнээс өмнө Европын холбооны элчин сайд нарын уулзалтаар ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг ирэх оны нэгдүгээр сар хүртэл сунгахаар шийдвэрлэсэн юм. ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригийг зургаан сараар сунгах шийдвэрийг энэ долоо хоногт Европын холбооны гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалтаар баталгаажуулах аж. Европын холбоо Укрианы зөрчил мөргөлдөөний нөхцөл байдлыг ажиглахаар ОХУ-ын эсрэг хоригийг сунгаснаа тайлбарлажээ.
Сонирхолтой нь Европын холбоо ОХУ-ын эсрэг хоригоо сунгасныг зургадугаар сарын 22-нд танилцуулсан бөгөөд 1941 оны тэр өдөр нацист Герман ЗХУ-ын эсрэг дайралтаа эхлүүлсэн байжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse