Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэх 7 сараас хэвлэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэх 7 сараас хэвлэгдэнэ

Жолооны үнэмлэх өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хэвлэгдэхгүй, зогссон. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвийн Мэдээлэл, технологийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Жолооны үнэмлэх хэзээнээс хэвлэгдэж эхлэх вэ?

-Жолооны үнэмлэх хэвлэлт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс зогссон. Одоог хүртэл хэвлэлтийн ажил хэвийн горимд шилжээгүй байна.

-Хэдий хэмжээний жолооны үнэмлэх хэвлэгдэхээр хүлээгдэж байна?

-20 мянга орчим иргэний жолооны үнэмлэхний захиалга хүлээлтэд байна. Гэхдээ жолооны үнэмлэх нь нэн шаардлагатай зургаан мянга орчим иргэнд түр жолооны үнэмлэх хэвлэж өгсөн. Энэхүү түр жолооны үнэмлэх нь ирэх есдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэй.

-Ямар учраас ингэж жолооны үнэмлэхний хэвлэлт зогсоод байгаа юм бэ?

-Уг нь жолооны үнэмлэх улсын нууцад хамаарч Улаанбаатар хотын замын цагдаагийн газар "Смарт солюшн" ХХК-тай хамтран ажиллаж, жолооны бэлдэцийн үнэмлэхийг хэвлэдэг байсан. Гэвч Тагнуулын ерөнхий газраас жолооны үнэмлэхийг улсын нууцаас гаргаж, байгууллагын нууцад шилжүүлсэн юм. Иймээс "Смарт солюшн" ХХК-тай хамтран ажиллах боломжгүй болж жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх тендэрийг цагдаагийн байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сард зарласан.

Уг тендэрт "Смарт солюшн" ХХК дахин шалгараад байгаа. Одоо тус компанитай Цагдаагийн байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа буюу ирэх долдугаар сардаа багтааж жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлнэ.

Д.УЛАМБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж