Арабын Нэгдсэн Эмират улсад зурагдсан “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Содбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ төлөвлөгөө нь хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Гадаад, дотоодын ямар нэг шүүх дээр маргаан таслах баримт болж чадахгүй. Яагаад гэвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2009 оны тавдугаар сарын 9-ний өдрийн тэмдэглэлд “Оюутолгойн гэрээ байгуулагдаж, цаашид үүсэх аливаа нэг асуудлыг ҮАБЗ-д танилцуулж байх ёстой” гэжээ. УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолд “Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлэлцээ хийх ажлуудыг ил тод байлгах, уг ажлын явцыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд мэдэгдэж байх ёстой гэсэн тогтоол бий. Дубайд зурагдсан “Оюутолгой”-н санхүүжилт бол гэрээ биш төлөвлөгөө. Тийм учраас маргаан гарч, энэ нь олон улсын Арбитрын шүүхэд очиход хүчин төгөлдөр баримт бичиг болохгүй. Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой”-н гэрээг зурахын өмнө хэд хэдэн шат дамжлагаар дамжуулсан. УИХ-ын тогтоол гарч байсан. Аюулгүй байдлын зөвлөмж гарч байсан. Бүх яамдаас санал авч байлаа. Засгийн газрын тогтоолоор 3 сайд гарын үсэг зурсан. Харин Дубайд “Оюутолгой”-н төлөвлөгөөнд гарын үсэг зурахад Ерөнхий сайд дээр дурдсан шат дамжлагаар явж, зөвлөлдөж, дэмжлэг авалгүйгээр гарын үсэг зурсан. Тийм учраас энэ нь гэрээ биш төлөвлөгөө гэж ойлгох ёстой. Харин төлөвлөгөөг талууд хийж болдог. Заавал дагаж биелүүлэх гэрээний асуудал биш.
Анхны хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээнд оролцсон талууд бүрэн оролцоогүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд “Айвенхоу майнз”-ын төлөөлөл гарын үсэг зурсан. Харин төлөвлөгөөнд “Айвенхоу майнз” оролцоогүй.
Төлөвлөгөөг зурсны дараа Ерөнхий сайдын өгч байгаа мессеж буруу ойлголт төрүүлж байгаа. Яагаад гэвэл, “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдлээ гэсэн мессэж өгсөн. Хэрвээ шийдэгдсэн бол энэ нь гэрээ байх ёстой. Гэрээг талууд даган мөрдөх албатай. Дотооддоо эдийн засгийн хямралаас гарлаа гэсэн цаг зуурын хоосон хүлээлт үүсгэсэн. Валютын ханш буурсан ч бодитой хөрөнгө оруулалт орж ирээгүй. Тиймээс валютын ханш буцаад өссөн. Төлөвлөгөөгөө гэрээ мэт дагаж биелүүлэх ёстой гэсэн ойлголтыг өгч байгаа” гэсэн юм.
-Төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалт хийгдэж болох уу?
-Энэ төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалт орж ирж болно. Гэхдээ гэрээ шиг тогтвортой гүйцэтгэгдэх албагүй. Тийм учраас гадаадын банк санхүүгийн байгууллага ч анхааралдаа авсан байх. Гэрээ биш болохоор ямар эрсдэл хүлээх вэ гэдгээ дүгнэж үзнэ. Гэрээ байсан бол санхүүжүүлт тал мөнгө босгоход асуудалгүй. Олон улсын шүүхэд хандахад гэрээ биш учраас хариуцлага үүрэхгүй. Нийгэмд эерэг хөөс үүсгэсэн цаг зуурын зүйл байна. Энэ төлөвлөгөө анхны суурь гэрээтэйгээ уялдахгүй байгаа.
Г.ДАРЬ