“Хувьсах зардлаар мөнгө завшвал яах вэ”

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

“Хувьсах зардлаар мөнгө завшвал яах вэ”

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Ж.Батсуурь: Дөнгөн данган стандартад хүрч ядаж байгаа цэцэрлэгүүдтэй болсон. Өчнөөн жил сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагын тухай яриад, арай гэж стандартад нийцүүлэх гэж байтал ахиад самарч болохгүй л дээ.

Д.Батцогт: Бүгдийг нь засч янзлаад өөрчилсөн. Аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахгүй. Иргэн явуулна. Үүнийг буруу ойлгоод байх шаардлагагүй. Их зөв боломжийн хууль болсон гэж бодож байна.

Ц.Оюунгэрэл: Зөвшөөрлийн асуудал хоёр гурван санал хураалт дээр нэмж орж ирнэ. Аж ахуйн нэгжид олгодог тусгай зөвшөөрөл биш иргэнд олгодог зөвшөөрлийг дэмжъе гэсэн санал оруулж байгаа юм.

О.Баасанхүү: Аль болох популист хууль битгий гарчихаасай гэж бодоод байгаа. Асрамжийн газрын хүүхэд харж байгаа хүмүүст дэмжлэг туслалцаа байдаггүй. Гэтэл хүүхэд харах үйлчилгээний хажууд хэд дахин гэр бүлийн амьдрал үүсгээд явж байгаа. Эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авна гэж хуулийн төсөлд суулгасан байна. Хүүхэд харагчийг ямар шалгуураар зөвшөөрөл олгох юм бэ? Долоон буудлын Дондог эмээ таван ачаа тойруулж суулгачихаад улсаас 500 мянган төгрөг аваад сууж байвал яах вэ?

Д.Батцогт: Хүн ам, нийгмийн хөгжлийн яам зөвшөөрөл олгоно. Хүүхдийн хязгаарыг 15 гэж заасан байгаа.

Я.Содбаатар: Хүүхэд харах явуулын үйлчилгээ гэж юуг хэлээд байгаа юм бэ. Энэ чинь сонгуулийн сурталчилгаа маягаар явуулын үйлчилгээ явах гэж байна л даа. Хүүхдийн аюулгүй байдал, стандарттай холбоотой асуудал яригдаж байгаа. Гэтэл боловсрол олгох юм алга. Боловсролын яаманд харъяалагдахгүй, халамжийн маягийн юм болоод байна. Хүүхдээрээ туршилт хийе гэж бодож байгаа бол явуулын үйлчилгээг больж болдоггүй юм уу.

Ж.Батзандан: Хүүхэд харах үйлчилгээг Ардын намыхан дэмжиж байгаад баярлаж байна. Энэ бол бидний улс төр хийдэг хуулийн төсөл биш. Ашигтай талбай нь нэг хүүхдэд 2 метрээс доошгүй байна гэсэн санал байгаа юм. Мөн 15 хүүхэдтэй байна гэж хатуу тоо оруулж ирж байгаа юм. 16, 17 хүүхэд харахаар бол яах вэ. Үүнийг юугаар зохицуулж байгаа юм бэ?

А.Телейхан: Ардын нам огт дэмжихгүй байгаа юм биш. Гол нь хүний хүүхдийг харж байгаа хүмүүс эрсдэл оруулах вий гэж эмээж байгаа юм.

Г.Уянга: Ядарсан төсөв дээр мөнгө саах хууль бус үйл ажиллагааг хязгаарлаж чадаж байна уу? Хувийн цэцэрлэгүүд хувьсах зардал нэрээр төрөөс мөнгө аваад яваад байдаг. Хүний бизнест мөнгө өгөх гэж байгаа заалт болчихоод байгаа шүү дээ?

Д.Батцогт: Энд бизнесийн тухай ойлголт байхгүй. Шаардлагатай бол эцэг эхтэй тохироод тодорхой хэмжээний мөнгө авах бололцоог хуулиар нээж өгч байгаа. Ямар нэгэн бизнесийг нээж өгч байгаа юм биш. 18-60 насны монгол иргэн байна гэсэн байгаа. Бид ажлын хэсэг дээр ярилцаад 65 болгож сунгасан байгаа. Тиймээс 18-65 насны гэдгээ санал хураалгаж өгөөч ээ?

Ц.Оюунгэрэл: Байнгын хороон дээр 65 гэсэн санал хураалтаар дэмжигдсэн юм. Энэ тоогоор нь санал хураалгаж өгнө үү?

Ингээд хүүхэд харагч 18-65 насны байна гэсэн хуулийн төслийн зүйл заалтыг анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонх дэмжлээ.

Я.Содбаатар: Энэ хууль дээр яригдах нэг зүйл нь хяналтын тогтолцоо байгаа юм. Энэ хуулийн бас нэгэн санал зовоож байгаа асуудал бол тэнд байгаа хоолны чанар стандарт, эрсдэл болон аюулгүйн орчин гээд бусад асуудлыг яаж шийдэх юм бэ. Хүүхэд харах үйлчилгээ гээд хувьсах зардал авчихаж байгаа юм. Энэ хувьсах зардал хүүхдийнхээ тоотой нийцэж байгааг хэн хянах юм бэ. Хэрэв эдгээрийг зөрчвөл ямар арга хэмжээ авах юм бэ. Хэрвээ 15 хүүхэд гэж бүртгүүлээд 10 хүүхэд хардаг байлаа гээд бодохоор хувьсах зардлыг нь бүтэн, хагас авч байгааг хэн хянах юм бэ. Гэгээн сайхан бодож хууль баталж болно. Гэхдээ цоорхой гаргаж болохгүй. Ялангуяа татвар төлөгчийн мөнгөөр хэрэгжиж байгаа нөхцөлд. Улаанбаатарт явуулын үйлчилгээ явуулбал яах уу?

Ц.Оюунгэрэл: Хүүхэд харагчийг харах жижиг хөтөлбөр гэсэн сургалтт зохион байгуулна. Хоёрдугаарт эцэг, эх хянана. Нэг талаасаа төрийн хяналт байна, нөгөө талаасаа эцэг эхийн хяналт байна.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж