Л.Цог: Идсэн, уусан нөхдүүд төрийг хагалж байна

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Л.Цог: Идсэн, уусан нөхдүүд төрийг хагалж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгах шатанд УИХ-ын гишүүн А.Бакей "төслийг дахин ярилцах, бүлгүүд ойлголтоо нэгтгэх шаардлага байна" гэсэн горимын санал гаргасныг гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр хэлэлцүүлгийг долоо хоног хойшлууллаа. Дээрх шийдвэрийг гаргахын өмнө хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн дунд маргаан дэгдэв.

Хуулийн төсөлд Засгийн газар, нутгийн өөрөө удирдах шатанд, УИХ-ын төвшинд нийтийн сонсгол зохион байгуулахаар заасан байсан аж. Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаад зөвхөн УИХ-ын төвшинд нийтийн сонсгол зохион байгуулдаг байхаар болж, хумьсан аж.

Ингэхдээ УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь томилгооны сонсгол зохион байгуулах хүсэлт гаргасан нөхцөлд сонсгол хийх юм байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Нэг нөхрийг сайдаар томилохоор оруулаад ирье, ямар хэлбэрээр хийх юм. Санал хураах юм уу, байнын хорооны хуралдааны хэлбэрээр явах юм уу. Нийтийн сонсгол хийчихээд яах юм, тал талаас нь дайрч балбадаг нөхдүүдийг оруулж ирчихээд гаргах юм байх даа.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Томилгоотой холбоотой шийдвэр гаргахын өмнө мэдээлэл авах зорилгоор нийтийн сонсгол зохион байгуулна. Бусад улс орны туршлага, төсөл санаачлагчийн тайлбарлаж байгаагаар УИХ-ын гишүүнийг ард түмэн нэгэнтээ сонгодог, харин томилогдож байгаа албан тушаалтанд ард иргэдийн сонголт тусдаггүй учраас нийтийн сонсголоор дамжуулж тодорхой мэдэээлэл авах боломжтой. Жишээ нь, Улсын Дээд Шүүхийн шүүгчээр томилогдох гэж байгаа нэр дэвшигч өмнө нь шүүгчийн ажил хийж байхдаа арьсны өнгөөр ялгаварлах байдлаар шийдвэр гаргадаг байсан гэвэл энэ эргэлзээг гаргаж байж томилгоог хийх ёстой. Энэнтэй холбоотойгоор томилгооны сонсгол хийнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ хууль гарснаар дэгийг нарийвчлах ёстой.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Томилж байгаа албан тушаалтанг хуулийн дагуу томилдог. Энийг улс орнууд яаж шийдсэн бэ гэхээр тухайлбал, Герман хэлэлцүүлэггүйгээр томилдог. Энэ хуулиар бол томилох хүнээ шавартай хутгаад хаях нь. Болоогүй байхад нь нураах тухай яриад байгаа. Хардалтын систем яваад байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: УИХ-аар Элчин сайд юм уу, албан тушаалтан томилох болоход огт дуугүй явуулчих гэхээр болдоггүй. Алдааг нь нүдээ аниад явуулдаг, дахиад алдаагаа давтдаг. Тэгэхээр нээлттэй сонсголоор тухайн томилогдох хүн нь ямар ажил хийж байсан юм, урьд нь ямар түүхтэй байсан юм гэдэг мэдээлэл л сонсоно. Ямар шийдвэр гаргахаа гишүүд өөрсдөө шийднэ. Буруу зөвийг тогтоох, шийдвэр гаргах гэх мэтийн эрхэнд халдсан заалтыг хассан.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Энэ саналыг аймаар дэмжиж байна, гаргаач энийгээ. Яаж хэлэлцэх юм. УИХ-аар томилгоо хийх үед асуугаад, хариулаад явдаг биз дээ. Гэтэл давхар ийм л сонин юм хийж байна даа. Олон нийтийн эргэлзээг тайлна ч гэх шиг, сонин сонин юм хийгээд. Аргагүйдээд хийж байгаа юм байна. Төр үймүүлдэгээ больчихмоор байна. Үргэлж л төр үймүүлж байх юм. хүн болгоныг Ард аюуш кино шахаагаар гаргадаг ш дээ, Х.Баттулга бол сайн мэднэ, кино үзээд байдаг юм билээ.

Нэг л их ардчилал, шударга ёс ярьж, төр үймүүлсэн хүмүүс байх юм. Яршигтай байна ш дээ. Х.Тэмүүжин чи энэ үймүүлэх ажиллагаанд битгий оролц за. Эргэлээг тайлахын тулдд УИХ байдаг биз дээ. Болохгүй бол огцруулдаг биз дээ. Шүүгч нар л гэх юм, 50 хувь нь гомдоод, 50 хувь нь баярлаад гардаг. Ерөнхий прокурорт ямар шалгуур байгаа юм, байхгүй. Төрөөрөө тоглоод.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Ний нуугүй хэлэхэд хоёр талтай. Хариуцлагатай, ёс зүйтэй, боловсролтой хүн томилох ёстой, ийм шалгуур хангах хүнийг УИХ томилоод байсан бол Ерөнхийлөгч ийм санаачлага гаргахгүй байсан. Өөрсдөө хэлж чадахгүй учраас иргэдээр нь хэлүүлье гэж санаачилсан юм билээ. Би энэ хуулийг санаачлаагүй шүү. Гэрчилгээ байхгүй хүн прокуроор томилогдоод явчихсан байдаг юм шүү.

УИХ-ын гишүүн А.Бакей: Хуулийн төслийг дэмжиж байгаа, төрд нүүрлэсэн хариуцлагагүй байдлыг нимгэлэхэд сайжруулахад их хэрэг болно. Ц.Нямдорж гишүүн төрийг амраагаад өгөөч гэнэ, төр амарч болохгүй ард түмний төлөө ажиллаж байгаа бол. Хөнгөн байдлаар хараад дүгнэлт хийж болохгүй. Томилсон албан тушаалтнууд яаж ажиллаж байгаа билээ. Томилгоог сайжруулах гэж байна. Шийдвэр гаргах үйл ажиллагаа, сонсголын үйл ажиллагаа хоёр тусдаа. Шийдвэрээ УИХ өөрөө гаргана. Томилгооны сонсгол зохион байгуулахад УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь хүсэлт гаргавал зохион байгуулна. Сайжруулах асуудал байж болно.

УИХ-ын дэд дарга Л.Цог: Монголын төрийг хэн хагалж байгаа, идсэн уусан нөхдүүд хагалж байгаа. Өмчөө дагасан их тэмцэл болдог болж, энийг яагаад нуух ёстой юм. Айх хэрэггүй, ард түмэн сонсог. Ерөнхийлөгчид талархаж байгаа, өөрт нь ч хамаатай. Германаас хуулдаг гэдэг, авах ёстой юмыг нь авдаггүй, ийм байж болохгүй. Гол нь хүнийг гүтгэх юм болчих вий. Нэлээн юм хассан байна, ахисан юм байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга: Нийтийн сонсголыг сонсчихоор идээ бээр шахагдаад гарчихгүй, булхай луйвраа хаацайлах юм орж ирж байна. Төр болохгүй байгаа гэдэг сэтгэл зүй нийгэм даяар бий болсон. Гэхдээ олон асууж байна,жалга цэвэрлэсэн ч олон түмнээс асууна гэх юм. УИХ байх хэрэггүй юм биш үү гэж…

Нам дотроо фракци томилгоогоо хувааж авдаг, нийтийн сонсголоор юу ч шийдэж чадахгүй. Хэн ямар тендэр авсан юм бүгд мэдэж байгаа. Хаацайлдаг системийг нураахгүйгээр сонсгол зохион байгуулахаар шийдчих юм шиг ярих нь утгагүй гэсэн юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж