Олимпийн алтан медальт тамирчин, реалити шоуны од 65 настай Брюс Женнер өнгөрөгч тавдугаар сард хүйсээ солиулах мэс засал хийлгэж, нэрээ хүртэл Кэйтлин Женнер болгон өөрчилсөн билээ. Бүдүүн баараг эр хүнээс уян зөөлөн эмэгтэйн дүрд хувилаад буй тэрбээр Ванити Фэйр сэтгүүлийн энэ сарын дугаарын нүүрийг чимж, олны анхаарлыг татаад байна. Тиймээс энэ удаа Кэйтлин Женнерийн эмэгтэй хүний амьдралаар амьдрах түүний хувьд ямар эрхэм зүйл болох талаар өгүүлсэн сонирхолтой ярилцлагыг “Оддын цаг” буландаа орчуулан хүргэж байна.
-Та хамгийн түрүүнд юу хийхийг хүсч байна вэ?
-Би зүгээр л өөрийнхөөрөө аз жаргалтай амьдрахыг хүсч байна. Надад одоо нууж хаах юу ч байхгүй. Би эрх чөлөөтэй. Намайг юу өмсөх дуртай байсныг чи мэдэх байх. Брюс паппарацичдын дурангаас зугтахын тулд малгайтай цамц өмсөнө. Хэрвээ хумсаа будвал түүнийгээ бусдаас нуух хэрэгтэй болно. Энэ мэтээр л чи мэдэж байгаа шүү дээ. Тэр үед миний амьдрал там шиг л байсан.
-Та одоо энэ бүхнээс өөрийгөө чөлөөлж чадлаа. Танд сайхан мэдрэмж төрж байгаа болов уу?
-Өглөө босохдоо л өөрийнхөөрөө, өөрийн хүссэнээрээ хувцаслаж, гадагш гараад л жирийн хүн шиг амьдрах боломжтой боллоо. Энэ бол амьдралдаа мэдэрч байсан хамгийн сайхан мэдрэмж. Би үргэлж л төөрөгдөл дунд амьдарч байсан болохоор хэзээ ч шийдвэртэй алхам хийж байгаагүй. Үргэлж төөрөгдөж, нэг бол эрэгтэй хувцас өмсөж, харин нөгөө талд эмэгтэй хувцас өмсөөд л. Гэтэл одоо эрчүүдийн зүйлсээс өөрийгөө бүрэн чөлөөлсөн мэт санагдаж байна. Хүү Бурт маань нэг удаа надад “Тантай шударга баймаар байна. Миний бодлоор Кэйтлин Брюсээс илүү сайн хүн” гэж хэлж байсан юм. Үнэндээ түүний зөв байсан. Брюс үргэлж л худлаа хэлж, өдөр бүр худал хуурмаг дунд амьдарч байсан. Өглөөнөөс орой хүртэл нэг нууцыг сэтгэлдээ тээж амьдарсан. Харин Кэйтлинд нууц гэж байхгүй. Энэ нь надад сайхан байна. Ээж минь хараахан Кэйтлинтэй уулзаж амжаагүй байгаа л даа. Бид утсаар л ярьсан. Удахгүй ирэх байх.
-Ээж тань яг хэзээ ирэх юм бэ?
-Долоо хоногийн дараа. Би эгч, ээж хоёроо авахуулахаар усан онгоц илгээсэн. Ээж маань 89 настай болохоор онгоцонд сууж чадахгүй.
-Та миний уулзаж байсан хамгийн нарийн хүн бололтой?
-Мэднэ ээ. Гэхдээ ээжийнхээ төлөө л усан онгоц явуулсан юм. Би ээждээ “Кэйтлин илүү сайн найз тань болж чадах байх” гэж хэлсэн. Брюс хэзээ ч түүн рүү усан онгоц явуулахгүй байх байсан. Үгүй, үгүй гээд л. Харин Кэйтлин ээжийгээ энд авчрахын тулд усан онгоц явуулж байна. Нэг үгээр хэлбэл, Брюсээс илүү Кэйтлин ээжийнхээ сайн найз нь байж чадна. Миний ээж 89 настай ч, маш нээлттэй хүн байдаг юм. Бид нэг удаа янз бүрийн зүйлсийн талаар удаан ярилцсаны дараа ээж минь “За баяртай, Кэйтлин” гэж хэлсэн. Тэр үед маш хөгжилтэй, сайхан байсан.
-Та үнэхээр дур булаам харагдаж байна?
-Энэ зурагнуудыг Ванити Фэйр сэтгүүлийн зурагчин Энни авсан юм. Зураг авах үед хувцас солих өрөөнд маш олон хүн байсан. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байсан болохоор огт биеэ бариагүй. Тэр миний амьдралын хамгийн гайхалтай хоёр өдөр байсан. Зурагнууд минь сэтгүүлийн нүүрт гарч ирэх үед үүнийг хүмүүс яаж хүлээж авах бол гэж бодсон. Хамгийн гол нь даашинз нөмөрсөн эр хүн шиг харагдахыг хүсэхгүй байсан учраас маш их санаа зовж байсан. Би эмэгтэйлэг харагдах ёстой. Өөрийгөө хүмүүст танилцуулахын тулд энэ миний хийх ёстой хамгийн чухал зүйл байсан юм. Хэрвээ би ингэж чадвал хүмүүст амархан танигдаж, миний эргэн тойрон дахь хүмүүс тайван амьдрах боломжтой болох болно. Сэтгүүл дээрх зурагнуудыг хараад хүмүүс магадгүй миний нэрийг мэдэх байх, бурхан минь.
-Яагаад арай эрт энэ бүхнийг хийгээгүй юм бэ?
-Би хүмүүс миний өмнөөс баярлаж байгаа гэдэгт итгэж байна. Тийм биз дээ. Миний амьдрал маш төвөгтэй байсан гэдгийг бүгд мэдэж байгаа. 1976 оны олимпийн алтан медальт тамирчин гэдгээр минь тэд намайг таньдаг. Би чадсан. Тэр амжилтаараа үргэлж бахархдаг. Мэдээж надад ямар ч шалтгаан байгаагүй. Шийдвэр гаргах чадваргүй байсан болохоор хүйсээ солиулахаас санаа зовниж байсан юм. Миний амьдралд маш олон асуудлууд байсан ч, би спортыг илүүд үздэг байлаа. Магадгүй би бусад хүмүүсээс илүү спорттой холбогдсон байсан байх.
-Яагаад?
-Учир нь надад тэгэх шалтгаан байсан. Хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй зүгээр л эр зоригоо батлан харуулахын тулд жил жилийн тэмцээнд оролцдог байлаа. Дэлхийн шилдэг тамирчин болохын тулд бүх л чадлаараа хичээсэн. Ямар нэгэн чухал зүйл хийж, дэлхийн тавцанд гарах боломж минь энэ байсан байх. Спорт миний хувьд хамгийн чухал зүйл болж, маш их цаг хугацаа, эрч хүчээ үүний төлөө л зориулан хөдөлмөрлөсөн. Спорт миний нэг хэсэг болсон байсан. Олимпийн медаль авах тэр үед би дэлхийн хамгийн шилдэг тамирчин байсан гэдгээ бардам хэлж чадна. Гэхдээ тэр миний бүх зүйл байгаагүй.
-Та олимпийн алтан медалийг хүртэж чадсан шүү дээ. Олимпоос алтан медаль хүртсэн тэр өдөр сайхан байсан гэж хэлсэн. Гэтэл тэр мөчөөс тань илүү сэтгүүлийн зураг авалттай эл өдрүүд илүү сайхан байсан гэж үү?
-Тийм ээ.
-Яагаад. Бид энд хүн бүрийн хүсч, мөрөөддөг Олимпийн алтан медалийн тухай ярьж байна. Гэтэл өнгөрсөн хэдэн өдөр таны хувьд яагаад түүнээс илүү сайхан санагддаг билээ?
-Тэр бол спортын нэг тэмцээн. Харин өнгөрсөн хэдэн өдөр миний өөрийнхөөрөө амьдарсан амьдрал байлаа. Энэ миний амьдралын тухай асуудал, өөрөөрөө байх явдал. Хэрвээ би тэмцээнд оролцож байсан бол хол тасарч гүйсэн гэсэн үг. Маш их, маш хол. Би амжилтаа үгүйсгэхийг хүсээгүй, гэхдээ зураг авалттай байсан өнгөрсөн хэдэн өдөр хүн гэдэг утгаараа миний амьдрал байсан. Энэ бөмбөр нүргэлэх чимээ биш, цэнгэлдэхэд чамайг дэмжих хүний хашгиралдааны тухай биш, гудамжинд таарсан нэгэн чамайг хараад “энэ Брюс байна” гээд мөрөн дээр алгадах тэр зүйл биш. Энэ бол чи ер нь хэн юм бэ гэх өөрийн чинь хувийн амьдралын тухай асуудал. Сүүлийн хэдэн өдөр надад маш таатай байлаа. Би өмнө нь хэзээ ч ийм мэдрэмжийг мэдэрч байгаагүй.
Эх сурвалж: www.mminfo.mn