АНУ Францыг тагнахаа больсон

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

АНУ Францыг тагнахаа больсон

 

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг “ҮАБА” (NSA) 2006-2012 оныг хүртэл Францын ерөнхийлөгчийн ордныг тагнаж байсныг гэрчлэх баримтыг “WikiLeaks” сайт дэлгэсэн нь том шуугиан тариад байна. Энэ асуудлаар Францын ерөнхийлөгч өчигдөр /VI.24/ үндэсний аюулгүй байдал болон засгийн газрын албаны шуурхай хурал хийж, Парис дахь АНУ-ын элчин сайдаас тайлбар авч, Цагаан ордны тэргүүн Барак Обаматай утсаар ярьжээ.

 

Барак Обама Францын ерөнхийлөгч Франсуа Олландад АНУ тагнах ажиллагаагаа зогсоосон гэдгийг батлан мэдэгджээ.  АНУ-ын тагнуулын агентлагийн хараанд Францын экс ерөнхийлөгч Жак Ширак, Никола Саркози болон одоогийн төрийн тэргүүн Франсуа Олланд нар байсан хэмээн “WikiLeaks” мэдээлсэн юм. Үүний дараа Францын ерөнхий сайд тагнуулын хэргээс үүдэн хоёр орны харилцаанд үүссэн үл ойлголцлыг даруй залруулахыг АНУ-аас шаардаж байв. Түүнчлэн Францын тагнуулын албаныхан Вашингтонд айлчилж, АНУ-ын талтай яриа хэлцэл хийх гэнэ.

 

“WikiLeaks”  сайт АНУ-ын тагнуулын агентлагийн маш нууц ангилалд багтсан техникийн бичиг баримтыг "Espionnage Elysee" нэртэйгээр олон нийтэд цацжээ. Тодруулбал, 2012 онд Франсуа Олланд Грек Евро бүсээс гарах асуудлыг хэлэлцсэн болон 2011 онд Никола Саркози Израиль, Палестины энхийг яриа хэлцлийг АНУ-гүйгээр хэлэлцэхээр төлөвлөсөн зэргийг тагнаж мэдсэн байжээ. АНУ-ын тагнуулын агентлаг  Францын гурван ерөнхийлөгч, сайд нар, Вашингтон дахь элчин сайдыг хүртэл тагнаж байсан аж. Одоогоор АНУ-ын тагнуулын агентлагийн нууц материалуудыг экс ажилтан Эдвард Сноуден “WikiLeaks” сайтад өгсөн эсэх нь баттай биш.

 

Өмнө нь ҮАБА Германы канцлер Ангела Меркелийн гар утсыг чагнадаг байсан нь илчлэгдсэнээр АНУ хүндхэн байдалд орж байсан юм. Хэдийгээр АНУ  Ангела Меркелийг тагнаж байсан гэдгээ албан ёсоор хүлээгээгүй боловч хоёр талын харилцаанд үл ойлголцол үүсч байжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж