Хөрөнгийн биржийг дэлгүүрийн лангуутай зүйрлэн бодвол гүйлгээнд оруулах бараагүй болж хоосорсон хэмээн өмнөх жилүүдэд салбарынхан хэлж байсан. Эрх зүйн хувьд тогтворгүй, хөрөнгө оруулагчдын итгэлийг удаа дараа алдсан, тодорхой зохицуулалтгүйн улмаас ийм нөхцөл үүссэн хэмээн тайлбарласан. Харин үүнээс гарах арга замыг эрх зүйн орчинг сайжруулах явдал хэмээн санал нэгтэй дүгнэсэн билээ. Эрх зүйн орчныг сайжруулж, тодорхой болгосноор хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эргээд хөрөнгийн зах зээлийн нөхцөл сайжирна хэмээн тайлбарлаж байсан удаатай. Энэ ч үүднээс өнгөрсөн оны нэгдүгээр сараас Үнэт цаасны зах зээлийн тухай, Хөрөнгө оруулалтын сан, Хөрөнгө оруулалтын тухай хуулиудыг мөрдөж эхэлсэн билээ. Тэгвэл эдгээр хууль хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хөрөнгийн зах зээлийн нөхцөл сайжирсан уу. Эерэг үр дүн мэдрэгдэж эхэлсэн үү? Хөрөнгийн биржийн лангуу хэзээ дүүрэх вэ гэх асуултыг салбарынханд тавилаа.
“Гурван компани нэмж үнэт цаас гаргана”
Санхүүгийн зохицуулах хорооны газрын дарга Т.Гандуламаас тодрууллаа.
-Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдолтой уул уурхайн компанийн хувьцааны 10 хүртэлх хувь нь дотоодын зах зээлд арилжаалагдана гэх зүйл заалт бий. Энэ заалтын хэрэгжилт ямар байна вэ?
-Стратегийн ач холбогдолтой ордоос дотооддоо хөрөнгийн урсгалыг оруулах зорилгоор ийм заалтыг оруулсан. Одоогоор төрийн өмчит компанийг хувьчлах ажлын жагсаалт батлаж байгаа. Батлагдаад, хэрэгжиж эхэлсэн тохиолдолд эдгээр компанийн хувьцааг арилжаалах эрх нээгдэнэ.
Ер нь Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох яамдуудтай хамтран орд газрын үнэлгээ хийж, аргачлал тогтоох, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, хувьцааг нь хөрөнгийн биржээр арилжаалдаг болохоор ажиллаж байгаа. Ялангуяа төрийн өмчит компаниудын хувьчлалын үйл ажиллагааг биржээр дамжуулан хийхтэй холбоотой санал гаргаад яамдуудад хүргүүлсэн.
-Эрх зүйн орчин нэг үеэ бодвол сайжирсан. Эерэг дүн мэдрэгдэж байна уу?
-Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Үүнийг дагаж 40 гаруй журам гарсан. Гол нь биржийг лангуугаар бодвол сайн бараа хэрэгтэй. IPO хийх, шинээр үнэт цаас гаргах компаниудын хувьд эдийн засгийн хямралаас үүдэн хүнд байдалд орсон. Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл үүссэн ч 2015 он гарсаар гурван компани нэмж үнэт цаас гаргахаар болсон. Хөрөнгө татан төвлөрүүлэх шийдвэр гарган, хөрөнгийн бирж дээр арилжаалагдаад явж байна.
Эдийн засгийн хямралтай энэ үед анхаарал татсан асуудал бий. Тухайлбал, банк зээл олгоод явж байна. Банкны зээлийн хүү, хувь, олгогдож буй мөнгөний бололцоо хэд билээ гэх асуудал хөндөгдөнө. Зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх нь тодорхой хэмжээний зардал шаарддаг. Гэхдээ тухайн компанийн хувьд нээлттэй хувьцаат компани болно гэдэг засаглалаа сайжруулах боломжийг олгож байгаа юм. Ийнхүү нээлттэй байснаар харилцагчдын итгэлийг олно. Итгэлийг олно гэдэг тухайн компанийн үнэ цэнэ өснө гэсэн үг.
“Андеррайтер компаниуд ажилламаар байна”
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга А.Батболдоос тодрууллаа.
-Хөрөнгийн зах зээлийн нөхцөл ямар байгаа вэ?
-Хөрөнгийн зах зээл хүндрэлтэй үеэ туулж байна. Энэ зах зээлд хувьцааны арилжаа хийгдэхгүй байгаа. Гэхдээ Засгийн газрын бондуудыг хөрөнгийн биржээр арилжаалах зэргээр хэрэгтэй шийдвэр гаргасан. Энэ нь хөрөнгө оруулагчдад эхнээсээ итгэл төрүүлж эхэлсэн. Энэ нь зах зээл сэргэхэд тодорхой нөлөө үзүүлэх болов уу гэж харж байна. Хувьцааны арилжааны хувьд зогссон. Хороо, биржийн зүгээс тодорхой анхаарал хандуулах шаардлагатай болсон.
Мөн андеррайтер компаниудын хувьд хөрөнгийн зах зээлд олон аж ахуйн нэгжийг татах шаардлагатай. Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох боломж бий юу гэдэг дээр компаниуд эргэлздэг. Энэ эргэлзээг тайлахын тулд аль ч талаасаа анхаарах шаардлагатай болов уу. Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг урт хугацаанд хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө баталсан байна. Энэ нь тодорхой үр дүн авчрах байх. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах компанид дэмжлэг, хөнгөлөлт үзүүлж эхэлбэл идэвх нь сэргэнэ.
-Хөрөнгө оруулагчдын итгэл сайжирсан зүйл мэдрэгдэж байна уу?
-Энэ бол санаа зовоосон асуудал. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаад арилжаалахад хөрөнгө оруулагчид сонирхох уу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Хөрөнгийн зах зээлийн зохицуулалт хангалттай юу гэдгээс эхлээд эргэлзээтэй асуудал бий.
-Уг нь эрх зүйн орчинг сайжруулахад асуудал аяндаа шийдэгдэнэ гэж ярьж байсан?
-Зөвхөн зохицуулагчид ажиллаад хангалтгүй байна. Андеррайтер компаниуд ажлаа хийж, хөрөнгийн биржийн ажиллагааг сайжруулах зэрэг асуудал бий. Үүнээс гадна хөрөнгийн бирж дээр гарах компаниудын сонирхлыг өдөөх хэрэгтэй.
Дээрээс нь хөрөнгө оруулагчид хувьцааг сонирхохгүй байна. Ихэнх компанийн хувьд 80, 90-ээд хувийн хувьцааны төвлөрөл үүссэн. Тиймээс хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол бага байна. Энэ мэтчилэн хөрөнгө оруулагчдын итгэл сайжирсан зүйлгүй.
“Эдийн засаг сайжрахыг хүлээж байна”
Монголын хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн Т.Мөнхтуяагаас тодрууллаа.
-Хөрөнгийн биржид хэчнээн компани бүртгэлтэй байдаг вэ?
-Өнөөдрийн байдлаар Хөрөнгийн биржид 237 компани бүртгэлтэй байна. 2005 оноос хойш IPO хийсэн 14 компани 70 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт татсан.
-Хэдийгээр эрх зүйн орчны өөрчлөлт 2-3 жилийн дараа мэдрэгддэг ч гэсэн жилийн дотор ямар нэг нааштай зүйл ажиглагдав уу?
-Хөрөнгө оруулалт эдийн засгийн макро үзүүлэлтээ дагаж явдаг. Тиймээс эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа энэ үед хөрөнгө оруулалт хангалттай сайн байж чадахгүй. Гэхдээ нэг үеэ бодвол үйл ажиллагаа нь муудсан компаниуд эргээд жигдрэх шатандаа орж хөрөнгийн зах зээлээ сонирхож буй нь ажиглагдаж байна. Одоогоор шууд зах зээлд гарахгүйгээр хүлээлтийн байдалтай компаниуд бий. Зах зээл сайжрахаар гаргахаар бэлдсэн, нэг ёсондоо бойжуулж буй компаниуд байгаа.
-Хөрөнгийн биржийн лангуу хоосорсон хэмээн мэдээлж байсан. Одоо дээрдсэн зүйл байна уу?
-Хөрөнгийн бирж дээр бүтээгдэхүүн алга хэмээн өмнөх жилүүдэд ярьж байсан. Гэхдээ өнгөрсөн жилээс Засгийн газрын үнэт цаас орж ирснээр арилжаа сайжирсан гэж болно. Хувьцааны хувьд ганц, хоёрхон компани үнэт цаас оруулснаас өөр зүйл алга. Гол нь ихэнх компани макро эдийн засгийн нөхцөл сайжрахыг хүлээж байна.
Б.ЗАЯА