Б.Жамъяндагва: Дэлхийн сонгодог бүтээлд 10-аад жил бэлтгэсэн

Хуучирсан мэдээ: 2015.06.25-нд нийтлэгдсэн

Б.Жамъяндагва: Дэлхийн сонгодог бүтээлд 10-аад жил бэлтгэсэн

-Монголын тайзнаа “Хунт нуур” балет тоглогдсоны 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтууд зургадугаар сарын 27, 28-ны 17.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно-

УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковский “Хунт нуур” балетын Монголын тайзнаа тоглогдсоны түүхт 40 жилийн ойг ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд “Хунт нуур” алдарт балетыг тайзнаа хоёр удаа тоглох юм. Энэ талаар өчигдөр(VI.24) сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.


УДБЭТ-ын уран бүтээлчид 2015 онд олон бүтээлийг ард түмэндээ толилуулж байгаа билээ. Тэр дундаа Оросын алдарт зохиолч П.И.Чайковский “Хунт нуур” балетыг Монголын тайзнаа тавьсны 40 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Чайковский амьдралдаа “Щелкунчик”, “Нойрсон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван балет бичсэн байдаг. Энэ дотроос “Хунт нуур” балет нь дэлхийн сонгодог балетын оргил нь гэж үздэг. Учир нь тус балетад бүжиглэсэн бүжигчид бол академизм буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг аж.

П.И.Чайковский “Хунт нуур” балет нь анх 1877 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Их театрт тоглогдож байжээ. Тус бүтээлийг зохиогч анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээсэн ч удалгүй хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн таашаал, хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болж хөгжсөн байна. Манай дуурийн тайзнаа энэхүү бүтээл 1975 оны зургадугаар сарын 28-ны өдөр Ардын жүжигчин Б.Жамьяандагвын дэглэлт, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар тоглогдож байсан байна. Анхны тайзны зураачаар Ардын зураач, урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх ажиллаж байжээ. Мөн “Хунт нуур” балетын гол дүрүүдэд Одетта, Одиллияд Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфрид Гавьяат жүжигчин Э.Оюунбат, Ротбарт Гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбадайд Ардын жүжигчин Х.Ганбаатар нар тоглосон түүхтэй.

Мөн анхны хөгжмийн гоцлолуудыг Гавьяат жүжигчин Л.Аюуш (хийл), Гавьяат жүжигчин Б.Батчулуун (Волторн), Ж.Жиняаз (Виолончель), Ч.Наранхүү (Труба), Бү.Чинбат(Арф), Н.Даваадорж (Гобой), Г.Гомбосүрэн (Кларнет), Н.Даржаа (Флейт), Л.Мягмарсүрэн(Фагот) нар тоглосон байна.

“Хунт нуур” балет анх УДБЭТ-ын тайзнаа театрын шилдэг уран бүтээлчдийн нөр хөдөлмөрөөр тоглогдож байснаасаа хойш даруй 40 дэх жилдээ 140, 141 дэх удаагаа тоглогдох гэж байна.

 


 

“ХУНТ НУУР” БАЛЕТЫГ ТАВИХЫН ТУЛД АРВААД ЖИЛ СУДАЛГАА ХИЙСЭН

 

Ингээд “Хунт нуур” балетыг Монголын тайзнаа анх дэглэн тавьсан УДБЭТ-ын зөвлөх балетмейстер, Ардын жүжигчин Б.Жамъяндагвагийн сэтгэгдлийг хүргэж байна.

-Миний бие 1962 онд Москва хотноо театр, урлагийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Ховд аймагт нэг жил ажилласан. Тэгээд 1963 онд УДБЭТ-т ажиллаж эхэлсэн. Надад “Хунт нуур” балетыг монголын тайзнаа тавих хүсэл эрмэлзэл их байлаа. Тэр ч утгаараа энэхүү балетыг тавьж, балетмейстер болно гэсэн хүсэл мөрөөдөл минь намайг хурцалж байсан. Ингээд “Хунт нуур” балетыг тавихын тулд олон улс орны балетмейстерүүдийн дэглэлт, найруулгыг үзэж, гарал үүслийн судалгаа, дүгнэлт зэргийг хийж эхэлсэн. Магадгүй миний энэ судалгаа арваад жил болсон түүхтэй. Тэгээд би хунгийн эрэлд гарсан. Тэгсэн 1972 онд Ленинградын (одоогийн ОХУ-ын Санкт-Петербург) хотын А.Я.Вагановагийн нэрэмжит сонгодог бүжгийн урлагийн сургуулийг хэдэн хүүхдүүд төгсөөд ирсэн. Гэтэл тэдэн дунд хунд тохирох нэгэн охин байсан нь Ю.Оюун байсан. Ингэж миний арваад жил судалсан дүр маань олдож билээ. Бас нэг олзуурхашгүй зүйл байсан нь хослон бүжиглэх залууг амархан олсон. Тэр бол Э.Оюунбат.

Энэхүү дэлхийн томоохон бүтээлийг тавихын өмнө үндэсний бүтээл болох алдарт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” балетыг дэглэн найруулж, гол дүрд нь Ю.Оюун, Э.Оюунболд нарыг тоглуулж байсан юм.

Ю.Оюун, Э.Оюунбат нарын хувьд нэг сургуульд хамт сурч байсан болохоор хоорондоо маш сайн хослон бүжиглэж, бие биенийгээ маш сайн мэдэрч чаддаг нь гол дүрд тоглох болзлыг хангаж байлаа. Ингээд 1975 онд Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг Монголын тайзнаа анх удаа дэглэн тавьсан түүхтэй. Энэхүү дэлхийн томоохон бүтээлийг тавихын өмнө үндэсний бүтээл болох алдарт хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран хас” балетыг дэглэн найруулж, гол дүрд нь Ю.Оюун, Э.Оюунболд нарыг тоглуулж байсан юм. Мөн тэр жил буюу 1975 онд “Хунт нуур” балет Монголын тайзнаа тоглогдох цаг нь болсон мэт санагддаг. Учир нь тухайн үед балетын анги 80 гаруй бүжигчдийн бүрэлдэхүүнтэй байсан. Тэдэн дунд Хун л гэхэд 26 бүжигчинтэйгээр тоглуулж байлаа. Дэлхийн сонгодог бүтээлийг Монголынхоо тайзнаа тавихын тулд найруулгыг өөрчилж, үзэгчдэд ойлгомжтойгоор тависан бөгөөд энэ бүтээл маань амжилттай болсон түүхтэй. Энэ бүтээлийг анх тавихад Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун удирдан, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх тайз хувцсыг хийж, балетыг 1975 оны зургадугаар сарын 27-ны өдөр тоглож байсан юм. Өнөөдөр 40 жил энэхүү балет тасралтгүй тоглогдож, хамгийн их үзэгчтэй бүтээл болж ирсэнд үнэхээр баярласан сэтгэл минь сайхан байна. “Хунт нуур” балетыг Монголын тайзнаа тайзнаа тавьсны 40 жилийн ойг тохиолдуулан хамтран ажилласан үе үеийн төгсөгчид, балетын жүжигчид, уран бүтээлчид, гол дүр Ардын жүжигчин Ю.Оюун агсаны гэр бүл, үр хүүхдүүд, Гавьяат жүжигчин Э.Оюунбат болон шавь нартаа чин сэтгэлээсээ баярлаж явдгаа илэрхийлж байна. Та бүгдэд баярын мэнд хүргэе.” гэсэн юм.

 


 

Ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 17.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа тоглогдох “Хунт нуур” балетын 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын гол дүрүүдийг танилцуулья:

VI.27 (Бямба)

        Гол дүрүүдэд:

  • Одетта, Одиллия – Ч.Ганчимэг (МУГЖ)
  • Зигфрид – О.Ганцоож (CTA)
  • Ротбарт – А.Өлзий-Орших (CTA)
  • Алиа Салбадай – Б.Төгөлдөр (CTA)
  • Па Де Тура – Б.Баасансүрэн(CTA), О.Олонбаяр
  • Па Де Труа – Б.Пүрэв-Очир
  • Том хун: У.Анужин, Б.Энхтуул, Б.Мөнхтуяа
  • Жижиг хун: Г.Цолмон (МУГЖ), Б.Алтаннамар (CTA), О.Анужин, Ж.Ханбулнай

VI.28 (Ням)

        Гол дүрүүдэд:

  • Одетта, Одиллия – Б.Саруул (СТА)
  • Зигфрид – М.Од
  • Ротбарт – Э.Эрдэнэжаргал
  • Алиа Салбадай – Саора Кояами
  • Па Де Тура – Г.Цолмон (МУГЖ), О.Анужин
  • Па Де Труа – А.Эрдэнэболд
  • Том хун: У.Анужин, Б.Энхтуул, Б.Мөнхтуяа
  • Жижиг хун: Г.Цолмон (МУГЖ), Б.Алтаннамар (CTA), О.Анужин, Ж.Ханбулнай
  • Хөгжмийн гоцлолууд: Хийл – Ц.Мөнхболд (УГЗ), виолончель – Ц.Ариунаа (СТА), гобой – Г.Долгорсүрэн (CTA), кларнет – Б.Энхтуул, флейт – Г.Ганчимэг (CTA), фагот – Н.Сэргэлэнбат, Волтоон – Б.Чинбат(CTA), Төгөлдөр хуур – Т.Гэрэлцэцэг(CTA)

Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn-р худалдаалж байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж