Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах Хөгжим бүжгийн коллежийн дэргэдэх Циркийн сургуульд мягмар гаригт(VI.23) орой гал гарч байгууламжийн 70 хувь шатсан билээ. Монголдоо цор ганц Циркийн сургууль гэгдэх уг сургуулийн байранд засварын сантехникийн ажлыг хийж байжээ. Тиймээс үүнээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэх эхний дүгнэлтийг гаргаад байгаа юм.
Гал гарах үеэр байгууламжид хүн байгаагүй учир галын дуудлагыг хожуу өгснөөс үүдэн Онцгой байдлын аврах ангийнхан гал нилээн газар авсан хойно иржээ.
Энэхүү байрыг 1903 онд VIII Богдын их хатан Дондогдулам бариулж байсан бөгөөд тухайн үедээ “Их дагины дуган” нэртэй байж. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд энэхүү дуган нураах байруудын жагсаалтад багтсан түүхтэй. Харин 1930-аад онд сайд нарын тушаал гарч циркийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авч 1940 оноос циркийн сургуулилт эхэлжээ. Энэ жил циркийн сургууль болсны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд өдгөө энэхүү циркээс 1800 орчим уран бүтээлчид төрөн гарсан байна.
Хөгжим бүжгийн коллежийн дэргэдэх МУГЖ Раднаабазарын нэрэмжит Циркийн сургуулийн тэнхмийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатартай ярилцлаа.
-Монголд цор ганц байсан Циркийн уран бүтээлчдийг төрүүлдэг циркийн байр галд өртсөн харамсалтай хэрэг боллоо. Галын талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч?
-Энэ байр 100 гаруй жилийн настай хуучны байр. Мэдээж засвар их хийх хэрэгтэй байсан. Гал гардаг өдөр (VI.23) cантехникийн ажил хийсэн юм. Өчигдөр буюу мягмар гаригийн 21.20 цагийн хувьд гал гарч эхэлсэн гэсэн. Тухайн үед циркийн байранд нэг ч хүн байгаагүй. Мөн анх гал гарсан газар нь сантехник хийж байсан газраас эхэлсэн. Тэгээд хуучны байр болохоор их амархан гал авалцсан байна. Онцгой байдлын аврах ангийнхан шуурхай ирсэн ч ихэнх хэсэгт шатсан байдалтай байсан. Аврах ангийнхан шөнийн 03.00 цагт галыг бүрэн унтраасан.
-Гал юунаас гарсан гэж үзэж байгаа вэ? Шинжээчдийн дүгнэлт хэзээ гарах вэ?
-Шинжээчдийн дүгнэлт 13 хоногийн дараа гарах юм. Циркийн байранд өдрийн цагаар гагнуурын ажил хийж байсан. Гал хамгийн их өртсөн газар бол циркийн агуулах байсан. Энд өдрийн цагаар гагнуур хийж байсан нь тодорхой болсон. Мэдээж бид ч бас эндээс гал гарсан байх гэж үзэж байгаа. Шинжээчдийн дүгнэлт удахгүй тодорхой болох байх. Нэгд, соёлын том өв, хоёрт 75 жилийн түүхтэй циркийн сургууль маань ингээд галд өртчихлөө. Байгууламжийн 70 хувь шатаж, бидэнд цөөхөн хэрэгсэл үлдлээ.
-Одоо Циркийн сургуулийн багш, сурагчид хаачих вэ?
-Улсын ганц циркийн хувьд арваад багштай. Энэ хичээлийн жилд 64 оюутан элсүүлээд байна. Мэдээж бидэнд циркийн орон зайтай тийм орчин хэрэгтэй. Тиймээс үүнд төр захиргааны зүгээс анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байна. Бид холбогдох байгууллагуудад хандах болно. Төв циркийг түрээслэх ч юм уу бидний боломжид таарсан шийдэл гаргах байх гэж найдаж байна. Одоогоор хаачихаа мэдээгүй сууна. Байгууламжаас үлдсэн цөөхөн зүйлийг хадгалах газар олдох байх. Эхний ээлжинд ХБК-ийн байранд хадгалах ч юм уу, ямар нэгэн арга хэмжээг авах болно.
-Соёлын түүхэн өв гэж яриад байдаг. Гэтэл үүнд тавьдаг анхаарал хэр байдаг вэ?
-Бидний хувьд соёлын өв гэж их ярьдаг. Гэхдээ яг бодит байдал дээр түүнийгээ анхаарч байгаа нь маш бага. Үндэсний соёлын өв маань дэлхий дахинаа Монгол Улсаа сурталчилж буй нэг хэлбэр шүү дээ. Энэхүү циркийн тайзнаас гарсан уран бүтээлчид бүгд дэлхий дахинаа эх орныхоо нэр хүндийг гаргаж байна. Бид ийм л өөрсдийн соёлын өвөөрөө бахархах ёстой шүү дээ. Цаашид соёлын өвдөө ихээхэн анхаарах хэрэгтэй болсныг харуулж байна. Уран бүтээлчдийн хувьд Циркийн байранд өөрсдийнхөө хүчээр л бага сага засварыг хийж ирсэн. Харин сантехникийн асуудлыг тухай бүрд нь хийгээд явсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан болов уу.
Энэхүү байр Дондогдулам хатны өргөө байсан түүхтэй. Энэхүү дуган циркийн байр болсноос хойш Дашчойлин хийд агуулах болж байсан юм. Шашин төрийн үймээний үед нураах байранд Циркийн байр багтаж байсан гэдэг. Энэ нь хожим батлагдсан. Харин 1930 онд сайд нарын тушаал гаргаад циркийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авсан байдаг. Тэгээд үүнийг циркийн зориулалттай болгох гэж архитектор Намсрайжавын заслаар бэхжүүлж, 1940 оноос албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ жил түүхэн 75 жилийн ой тохиож байгаа энэ үед ийм хэцүү зүйл боллоо.
-“Монголын үндэсний цирк” та бүхэнд нээлттэй байж чадах уу?
-Үүнийг сайн мэдэхгүй. Одоо байгаа төв циркийн тухайд 1971 онд Румыны дэмжлэгтэйгээр шинэчлэгдэж байсан. Хожим хувьчлагдаад төрөл бүрийн арга хэмжээ болж байна. Тэнд уран бүтээлээ туурвиж буй уран бүтээлчид ч энэхүү Циркийн сургуулийн төгсөгчид байдаг. Цирк бол орон зайны урлаг. Мэдээж бидэнд циркийн байгууламжийн орон зайг багтаасан тийм орчин хэрэгтэй шүү дээ. Бид төр, засгийн гаргаж байгаа дэмжлэг, тусламжийг л авах үлдлээ. Мэдээж улсын ганц Циркийн сургуулийн үйл ажиллагаа ингээд зогсохгүй гэж найдаж байна. Байгууламжид гарсан галаас цөөхөн хэрэгсэл үлдсэн. Циркийн сургуульд орчин үеийн шинэчлэгдсэн зүйл их байлаа. Даанч харамсалтай нь галд өртлөө.
-Энэхүү байр Дондогдуламын хатны үеээс эхлээд их өвийг хадгалж байж?
-Энэ байр олон түүхийг багтаасан. Хамгийн гол үнэтэй зүйл барилга байна. 125 жилийн настай энэхүү байр ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг. Соёлын өвийг багтаасан энэхүү байр өнөөдөр ийм хүнд байдалтай үлдлээ.
Яг өнөөдөр бидэнд маш хүнд асуудалтай тулгарлаа. Циркийн урлагийг цааш хөгжүүлэх тал дээр одоо төр засгийн бодлого үлдлээ. Боловсролын яаманд харьяатай Циркийн сургуульдаа хурдан анхаарч сургалтын үйл ажиллагааг зогсоохгүй байх нь чухал болоод байна. Мэдээж эхний ээлжинд бидэнд түрээсийн байрыг хурдан гаргаж өгч, дэмжлэг үзүүлэх болов уу гэж найдаж байна. Олон улсын стандартад нийцсэн орон зайтай циркийн барилга барих төлөвлөгөө бий. Энэ ажил хурдан эхлээсэй. Биднийг ийм хэцүү байгаа зүйлд хаях юм бол цааш яах нь тодорхой шүү дээ. Цорын ганц улсын Циркийн сургууль Монголын нэрийг дэлхийд түгээх уран бүтээлчдийн үргэлжлэл байх юм.
-Циркийн сургуулийг хичнээн төгсөгч төгссөн бэ?
-1800 орчим уран бүтээлчид циркийн сургуулийг төгсөөд байна. Эндээс гарсан бүх уран бүтээлчид Монголдоо төдийгүй дэлхийн олон оронд очиж, эх орныхоо нэр хүндийг гаргасан чадварлаг уран бүтээлчид юм. Харахад жижигхэн хэрнээ энэ байгууламж дотор бэлтгэл сургуулилалтаа хийж байсан үе үеийнхэн дундаас алдартай олон хүн төрөн гарлаа шүү дээ. Олон улсын А зэрэглэлийн тэмцээн зэрэг дэлхийн томоохон наадмуудаас шагнал хүртэж байсан уран бүтээлчид ч энэхүү циркийн бүтээгдэхүүн юм.
-Циркийн сургуулийн тухайд элсэлтээ хэрхэн авдаг вэ?
-Наймдугаар анги төгссөн сурагчид хамрагддаг. Таван жилийн хугацаанд циркийн урлагт суралцаад төгсдөг юм. Эндээс Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхий дахинд өргөж яваа циркийн үе үеийн төгсөгчид төгссөн. Дараа үеийн залгамж халаа болох шинэ элсэгчдээ авсан бөгөөд бидэнд цааш шинэ сайхан ирээдүй байгаа гэдэгт итгэж байна.
Ч.БОЛОРЧУЛУУН