Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тэргүүн нүүрүүдэд хэт халуунаас болж, улс орнуудад ард иргэд нь хэдэн зуугаараа амь эрсдэж буй тухай мэдээлэл гарах боллоо.
Өнгөрсөн тавдугаар сард Энэтхэг, Ойрхи-Дорнод, Египет, Ливи зэрэг орнуудад агаарын хэт халалт үргэлжилж үүнээс үүдэн нас барагсдын тоо 2000 орчим хүрсэн. Харин зургадугаар сарын эхлэлтэй зэрэгцэн Япон, Өмнөд Солонгос, Пакистан зэрэг орнуудад хэт халалт эхэлсэн юм.
Хамгийн сүүлийн мэдээгээр Пакистаны өмнөд хэсгээр л гэхэд агаарын хэм +47 хэмд хүрснээр нас барагсдын тоо 700-д хүрээд байна.
Өнгөрсөн сард Энэтхэг улсад хэт халалтын улмаас 1700 орчим хүн амь үрэгдсэн. Энэ зуны хэт халалт дэлхийн улс орнуудад харилцан адилгүй сард тохиох тухай Үндэсний цаг уурын албанаас мэдээлж байна. Тиймээс улс орнууд хэт халууны үед иргэддээ зөвлөмж хүргэн, ундны ус, хоргодох байр зэргээр хангахыг зөвлөжээ.
ӨНГӨРСӨН ТАВДУГААР САРЫН АГААРЫН ХЭМИЙН МЭДЭЭЛЭЛ
ХЭТ ХАЛАЛТ БОЛЖ, АГААРЫН ХЭМ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООСОН БҮСҮҮД ТОД УЛААНААР ТЭМДЭГЛЭГДСЭН БАЙНА.
Хэт халалт хүн төрөлхтний хувьд шинэ зүйл биш ч жил ирэх тусам агаарын хэм өмнөх жилийнхээс давж, дээд амжилт тогтоож байна. Дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлттэй холбоотойгоор 2070 он гэхэд одоо бидний хэт халалт хэмээн нэрлээд буй 40 дээш хэмийн халуун нь хэвийн үзэгдэл болно гэжээ.
XX зууны дунд үеэс хойш дэлхийн дундаж температур өссөн гол шалтгаан бол хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн агууламж ихэссэнтэй шууд холбоотой.
Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш тогтмол өссөн ба 1970-аас 2004 оны хооронд 70 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс СО2-ийн ялгаралт 80 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо байдаг байна. Үүний нэг гол шалтгаан бол ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ ихсэж, ой мод, өвс ургамал, далайн усны шингээж буй хэмжээ буурч байгаатай холбоотой юм.
Үүнээс үүдэн хэт халалт, ган гачиг болох нь ихэсч, дэлхийн түүхэн тэмдэглэгдсэн хамгийн халуун жилүүдийн давтамж улам ойртож буйг анхааруулж байна.
Хэт халуунаас болж хамгийн их хүн амь үрэгдсэн жил, байршил
| Байршил | Он | Нас барсан хүний тоо |
1 | Европ | 2003 | 71,310 |
2 | ОХУ | 2010 | 55,736 |
3 | Европ | 2006 | 3,418 |
4 | Энэтхэг | 1998 | 2,541 |
5 | Энэтхэг | 2015 | 2,000+ |
6 | АНУ, Канад | 1936 | 1,693 |
7 | АНУ | 1980 | 1,260 |
8 | Энэтхэг | 2003 | 1,210 |
9 | Энэтхэг | 2002 | 1,030 |
10 | Грек, Турк | 1987 | 1,030 |
Эх сурвалж: Дэлхийн гамшиг тархвар судлалын төв
Дээрх жагсаалтад Энэтхэг улс дөрвөн удаа орсон байгаа нь тус орны хүн амын тоо болон орон гэргүй гудамжинд амьдардаг ядуусын тоо ихтэй байдагтай шууд холбон тайлбарлажээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн төрөлхтний амиа алдах эрсдэлт хүчин зүйлийн хамгийн эхэнд байгалийн давагдашгүй хүчин зүйл болох газар хөдлөлт, цунами, үер, хэт халалт зэрэг бичигдэж байгааг мэдээлжээ.
Гэтэл дэлхийн улс орнууд дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт зэрэгт төдийлэн анхаарал хандуулахгүй, түр зуурын дэгдэлтэй халвдарт өвчинтэй тэмцэхэд илүү их хөрөнгө мөнгө зарцуулж буйг ихэд буруушаажээ.
Энэ жилийн хэт халалт ч олон хүний аминд хүрэх эрсдэлтэй, өмнөх жилийн агаарын хэмийн рекордыг эвдэн 0,5-1 хэмээр илүү халуун байх магадлалтай тухай Үндэсний цаг уурын алба анхааруулсан байна.
Тиймээс дэлхийн бүсчлэлийн дагуу дараагийн саруудад хэт халалт болох улс орнуудыг эртнээс бэлтгэлтэй байхыг зөвлөжээ.
Н.ЦЭНД