“Манай улсад татвар төлөгчдийн хүчирхэг арми хэрэгтэй. Гэтэл баялаг бүтээгчдээ гэмт хэрэгтэн болгож буй нь хуулийн тогтолцоо буруу байгаагийн илрэл” гэж Ерөнхий сайдын хэлсэн лут үг бий ч, хэрэгжитлээ өдий бололтой. Торгоно, эрх хасна, татан буулгана, хуулийн этгээдийн хувьцаа, хөрөнгө орлогыг хураана гэх мэтчлэнгээр баялаг бүтээгчдийг 48 зүйл заалтаар буруутган эрүүгийн хэрэгт татахаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн төсөлд заасан нь УИХ-ын төвшинд маргаан дэгдээж, МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авав. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, Г.Уянга нар ч дээрх заалттай эвлэрэх боломжгүйгээ хэвлэлээр дамжуулан дайлаа. Ийм заалтыг Эрүүгийн тухай хуульд тусгах нь татвар төлөгчдөд аюултай болохыг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдээс мөн онцолжээ.
Анхны хэлэлцүүлгийн шатанд ирсэн Эрүүгийн тухай хуулийн төслийг Засгийн газар 2015 оны хоёрдугаар сард УИХ-д өргөн мэдүүлснээр сар шинийн өмнөхөн УИХ төслийн хэлэлцэх эсэхийг шийджээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхний тайлбараар бол Эрүүгийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд мэргэжлийн холбоодын саналыг аваагүй биш авсан. Нийтдээ 150 орчим санал “цугларснаас” 100-г нь багцалж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон нь энэ. Гэвч хуулийн төсөлд анхнаасаа баялаг бүтээгчдэд халгаатай хатуухан заалт туссан нь хэлэлцүүлэг ирэх долоо хоног хүртэл хойшлогдоход хүрээд байна.
ОЛОН ЖИЛИЙН НЭМЭГДЭЛ “БУДАА” БОЛНО
Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн мөнгө хэзээ орж ирэх нь тодорхойгүй, Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газар буцаан татаж, дахин өөр хувилбар оруулж ирэхээр болж, баялаг бүтээгчдийн тэвчээрийг шалгах энэ мөчид Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлсэн нь бас л шүүмжлэл дагууллаа. Учир нь, уг хуулийн төсөлд ээлжийн амралтын үндсэн хоногийг 20 байхаар болгож, одоо мөрдөж буй хуулиас тав хоног илүү тавьж өгсөн нь сайшаалтай ч, ажилласан жилээсээ хамаарч, амралтын хоног нэмэгддэг заалтыг устгасан нь шүүмжлэлийн бай болсон хэрэг.
Ажилласан жилээсээ хамаарч, амралтын хоног нэмэгддэг асуудлыг тухайн аж ахуйн нэгж дотоод журмаараа зохицуулах юм байх. Энэ бол ёстой “нохойн” зам руу нь л явуулж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, олон жилийн хөдөлмөрөө иргэд амралтаараа үнэлүүлж, давхар нэмэгдэл амралтын мөнгө авдаг байсан нь байхгүй болно гэсэн үг.
Төрийн алба бол хуучин жишгээ мөрдөөд олон жилийнх нь нэмэгдлийг амралтынх нь мөнгө, хоногт нь шингээгээд өгчих л байх. Гэхдээ зарим дарга нугалаа гаргахыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл улирал тутамд олгодог урамшууллыг боловсролын салбарынхан бол үзэмжээрээ л хүртдэг. Сургуулийн захирлын эхнэр, түүнийг тойрон хүрээлэгчид л хамгийн өндөр урамшуулал авч, шөнө өдөргүй зүтгэдэг нь хамгийн бага урамшууллыг нь аваад л хохироод үлдэж байгаа жишээ цөөнгүй. Ийм л юм руу орох замыг нь засч өгнө.
Өөрөөр хэлбэл, төсөв ерөнхийлөн захирагч нэг иддэг байснаа хоёр иддэг болгож, тоог нь олшруулна гэсэн үг.
Хоёр дахь “проблем” нь уул уурхай, ашигт малтмалын салбарынханд хамаарна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд ажилчдаа 28 хоног ажиллуулаад, 14 хоног амраах, эсвэл 41 хоног ажиллуулаад 21 хоног амрааж, өөрсдийн онцлогт тохируулаад ажиллаад ирсэн.
Харин дээрх хуульд “Гэрээсээ алс ажиллаж байгаа ажилтныг 21 хоног ажилуулаад 14 хоног амардаг байх”-аар зааж өгсөн нь уул уурхайн салбарынхны уурыг барах болов.
Гэртээ харих дургүй хэн байх билээ, гол нь ингээд хатуу заачихаар компанидаа ч, хувь хүндээ ч хүнд тусах аж. Монгол Улсын баруун хязгаар, хойд хязгаараас Оюутолгой, Тавантолгойд ажиллаж, амьдралаа залгуулах иргэд олон. Хол газар сар тутам явахад зардал өндөр гарах гэнэ.
Одоогоор энэхүү хуулийн төслийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэхийг нь дэмжээд байна.
ҮЛ МАРГАХ ЖУРМААР ГАЗРЫГ БАРЬЦААЛАГЧ АВНА
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөлд “Үл маргах журмаар газрыг нь барьцаалагч авна” гэсэн заалт тусгасан нь “но”-той заалтын нэгд багтаад байгаа юм.
Засгийн газар энэхүү хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд хурдан оруулах боломжийг бодож, гурван шатны шүүхээр хэлэлцэгдэн эцсийн шийдвэр гардаг байсныг хөнгөвчилсөн нь мөн л УИХ дахь МАН-ын бүлгийн эсэргүүцэлтэй тулж, завсарлага авахад хүргээд байна. Уг хуулийн төсөл дээр тус бүлэг өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан, завсарлагын хугацаа өнөөдөр дуусна.
Үл маргах журмаар газрыг нь барьцаалагч шууд авдаг байх энэхүү зохицуулалтыг УИХ дахь бие даагч гишүүд мөн эсэргүүцэж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар уг хуулийн төслийг “Мөнгө хүүлэгчдэд” зориулсан хуулийн төсөл хэмээн тайлбарлаж буй. Тэр тусмаа ард иргэдийнх нь 23.6 хувь нэн ядуу амьдарч байгаа үед үл маргах журмаар газрыг барьцаалагч авдаг байхаар УИХ хууль баталбал мөнгө хүүлэгчдийн парламент болж хувирна гэх хатуухан шүүмжлэл сонсогдож байна.
Г.ДАРЬ