Ц.Элбэгдорж: Тавантолгойд дэндүү их цаг алдлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Тавантолгойд дэндүү их цаг алдлаа

Ц.Элбэгдорж: Тавантолгойд дэндүү их цаг алдлаа

-Одоо дахин цаг алдмааргүй байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр жилийн өмнө “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлага гаргаж, энэ хүрээнд тодорхой хуулиудыг санаачлахаа мэдэгдэж байсан.

Түүнээс хойш 40 шахам хуулийн төсөл санаачилснаас одоогийн байдлаар таван төсөл УИХ-аар батлагдаж, 19 төсөл боловсруулагдаж байгаа, найман төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, мөн 14 төслийг УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болжээ. Энэхүү хуулийн төслүүдээс Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн төслүүдээ онцлон авч, сэтгүүлчдэд тайлбарлалаа.

Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн төсөлд нам нь бодлогын нам болж, төлөвши, ингэхдээ асуудлыг шийдэхийн төлөө бодлогоор өрсөлддөг болох заалтуудыг тусгаж өгчээ. Зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй, санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан зэрэг зөрчлийг улс төрийн нам гаргавал татан буулгана. Мөн нам болгоныг шилэн данстай байлгахаар хуулийн төсөлд тусгажээ.

Намуудыг сонгуульд нэр дэвшихийн төлөө гишүүдээсээ хандив барьцаа, дэнчин, мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хурааж, төрөөс олгох санхүүжилтийг нь бууруулах зэрэг заалтуудыг тусгаж өгсөн байна.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Төрийн алба нь мэргэшсэн байх, ашиг сонирхлын зөрчил, улс төрөөс ангид байх, нээлттэй, ил тод байх, хяналт, хариуцлагатай байх зарчмуудыг зааж өгчээ.

Төрийн албаны томилогоог өрсөлдөөний зарчмаар явуулна. Албан тушаал дэвшүүлэх, шагнал, урамшуулал олгохдоо мэдлэг, ур чадвар, ажлын туршлага, үр дүн, манлайлах чадварыг нь заавал харгалздаг болно.

Тухайлбал, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалд томилогдохын тулд нийт 20 жил төрийн албанд ажилласан байххыг шаардана. Ингэснээр хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлын журмаар төрийн удирдах албан тушаалд томилогддог байдал алга болно. Түүнчлэн үр дүн, мэргэшлийн түвшин, ёс зүй, зэргийг нь харгалзан үзэж 5 жилийн хугацаанаас нь өмнө шатлан дэвшүүлж болно гэж заагаад байна.

Ийн хуулийн төслүүдээ тайлбарласны дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өгснийг хүргье.

-Эдгээр хуулийг хэзээнээс мөрдөж эхлэхээр төсөлд тусгаж байгаа вэ. Сонгуулиас өмнө энэ хуулийг батлаж амжих уу?

-УИХ өргөн барьсан хууль хэлэлцэхгүй байх, унагадаг аргатай болоод байгаа. Миний өргөн барьсан хууль үндсэн төсөл болж хэлэлцэгдэх ёстой. Хэлэлцэж байгаад үүнийг батлахгүй гээд буцааж байсан тохиолдол бий. Хэрвээ ийм зүйл болвол би маргааш нь эргээд л өргөн барина. Тэр шаардаж байгаа шаардлагыг нь биелүүлээд өргөн барина. Одоо өргөн барихаар хаврын чуулганаар хэлэлцэх олон хууль байгаа учраас амжихгүй байх. Улс төрийн намын тухай хуулийг олон нийтийн хэлэлцүүлэг рүү гаргах бодолтой байгаа. Энэ үйл ажиллагаанд оролцож байсан олон мянган хүний сонирхлыг татсан хууль учраас нэлээн өргөн хэлэлцүүлгийг хийнэ. Намар УИХ цуглахад өргөн барина. Энэ хугацаанд ажлын хэсэг санал авахад идвэхтэй ажиллана. 2016 оны сонгуулиас өмнө батлавал сайн байна.

-УИХ-ын гишүүн болсон хойноо намаа сольдог асуудлыг Улс төрийн намын тухай хуульд зохицуулж байгаа юу?

-УИХ, ИТХ-д сонгогдож орж ирээд намаа сольдог асуудлыг Намын тухай хуулиар маш тодорхой зохицуулж өгч байгаа. Намаа соливол нөгөө тал нь нэмж тооцдогийг болиулж байгаа. Мөн улс төрийн намд, намаас гарч байгаа гишүүнийг дараа нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх эрхийг өгч байгаа. Ийм байдлаар хааж өгөхгүй бол намаа сольдог явдал зогсохгүй.

-Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах эрхийг авах гээд Н.Алтанхуяг гишүүн хуулийн төсөл санаачилсан. Гэвч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бичиг өгснөөр УИХ төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан. Энэ бичиг таны зөвшөөрлөөр очсон уу?

-Ер нь авлигатай тэмцэнэ гэдэг маш хэцүү. Нэг үе авлига Монголын хамгийн тулгамдсан асуудал байсан. Дураараа дургидаг, албан тушаалтай л бол болно гэдэг байсан үе дарагдсан. Шилэн дансны хууль гарч сумын даргаасаа эхлээд мөнгөний асуудал дээр гарын үсэг зурахдаа хуулиа хардаг болсон. Иймэрхий байдлаар хяналт тавигдаж байгаа. Авлигатай тэмцэнэ гэдэг ард түмнээ хамгаална гэсэн үг. Нөгөө талдаа өмгөөлж хамгаалж болохгүй нэг зүйл нь хүний эрхийг зөрчиж болохгүй. Хэрэг илрүүлнэ гэдэг нэрээр олон хоног хорьдог, байцаадаг үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй. Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягтай би уулзаад “янз бүрийн гомдол санал байвал нээлттэй ярь” гэж маш тодорхой хэлсэн.

-Засгийн газрын тухай хуулийг дахин өргөн барихаар бэлтгэж байгаа юм байна. Таны өргөн барьсан хуульд Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэж заасан. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байна гэсэн өөрчлөлт орж байгаа. Тэгэхээр энэ хоёр хууль зөрчилдөж байна. Намрын чуулганд Засгийн газрын тухай хууль өргөн барихдаа өөрчлөлт оруулах уу?

-Энэ хуулийг дахин өргөн барихдаа хугацааг нь бүр тодорхой болгож өгч байгаа. УИХ-ын ээлжит сонгууль болоод түүний дүнгээр байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлэх өдрөөс хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд томилогдсон өдрөөс Засгийн газрын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Миний хувьд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Гуравны нэг, эсвэл үндсэн яамдын сайд УИХ-ын гишүүн байх хэрэгтэй гэж ярьж байна. Гэхдээ ингэж батлаад л гуравны нэг дээрээ зодолдоод эхэлнэ. Яамдын тоогоо нэмээд л үүнийгээ тойрч гарах олон арга бий. Одоо УИХ-д нэр дэвших хүмүүс үүнийг сайн бодох хэрэгтэй. УИХ-ын гишүүн болвол намын дарга, олон хүний санал авбал Ерөнхий сайд болж болно бусад суудал хаалттай гэдгийг бодолцох хэрэгтэй. Сайд заавал намын гишүү байх шаардлагагүй. Тухайн салбарын хамгийн сайн ажилтан байхад Ерөнхий сайд оруулж ирээд батлуулж болно. Тэгвэл энэ УИХ-д мэргэжлийн хууль ярих гэсэн хүмүүс өрсөлдөж орж ирэх боломжтой.

-Улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Авсан саналынх нь тоогоор 1000 төгрөгийн санхүүжилт олгодог. Энэ тоо нэмэгдсэнээр улсын төсөвт очих ачаалал нь ямар байх вэ?

-Улсын төсвөөс санхүүжүүлж буй өнөөдрийн дундаж түвшингээс хэтрэхгүй юм байна лээ. Тиймээс улсын төсөвт айхтар ачаалал болохгүй. Жаахан нэмэгдэж эсвэл хасагдаж магадгүй.

-Төрийн өмчит томоохон, аж, ахуй нэгж байгууллагуудын удирдлагын томилгооны асуудлуудыг Төрийн албаны хуульд хэрхэн тусгаж өгсөн бэ? Тус газарт намын харъяаллаар хүмүүс очих бүрт улсын өмч, хөрөнгө үрэгдэж алга болдог?

-Улсын үйлдвэрүүдтэй холбоотой гурван хуулийг УИХ-аар батлах шаардлагатай байгаа юм. Засгийн газар дээр яриад Ерөнхий сайд боловсруулаад явах ёстой. Энэ цаг мөчөөс хойш Төрийн өмчит аж, ахуй нэгжийг одоогийнх шиг байгуулахаа больё. Төрийн хувь хэмжээ, стратегийн орд гэж ярихаар болбол төр өөрийн хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээр өмчөө эзэмш. Хийж чадахгүй бол тэр хувиа хөрөнгө оруулагчдад өг гэдэг зарчмаа хатуу баръя би хэлж байсан. Энэ зарчим болоод үлдчихсэн яваад байгаа. Тэгэхээр үүнийг хуулиар зохицуулаад төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах хэрэгтэй. Зохицуулалтад нь шаардлагатай зарим нэг зүйлийг бид Төрийн албаны тухай хуульд оруулахыг хичээнэ.

-Биднийг энд улстөржиж байх хооронд зуншлага хүндхэн болж байна. Монгол орны газар нутаг ган гачиг, түймэрт автчихсан байна. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Саяхан би “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцохоор явж байхдаа зуншлага хүнд байгааг харлаа. Мал хаврынхаараа явж байна. Үлээх салхинд уначихмаар л байна лээ. Энэ зун ган ихтэй хүнд байна. Алдарт бичин жил энэ жил дахин давтагдах вий дээ гэж хөгшчүүд ярьж байна. Тэгэхгүй байгаасай гэж залбирч байна. Хур бороо орж, зуншлага сайхан болоосой гэж хүсч байна. Гэхдээ энэ ажилд багийн дарга нараас эхлээд аймаг, сумын бүх Засаг дарга нар анхаарал тавьж ажиллаасай. Манай орон бараг 60 сая малтай байна. Үүнийг эзэн нь зохицуулахгүй бол байгаль зохицуулалтаа хийдэг хатуу хуультай. Монголын газар нутгийн бэлчээрт дунджаар 30 сая мал байх ёстой гэсэн судалгаа бий. Тэгэхээр малаа цөөлж нядалдаг ажилд малчид онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд нь зориулаад махыг нь авдаг агуулах, зоорийг байгуулах ажлыг хийгээд өгвөл. Зун их ган болж, намар жаахан цас ороод хөлдвөл идэх өвчгүй болж зуд болно. Наадам дөхөж байхад үхрийн нуруу толийчихсон байдаг. Гэтэл одоо шар үстэйгээ явж байна. Хонины ноос зунгаг гүйгээд хөвсийгөөд гараад ирсэн байдаг. Бас л тэгээгүй байдаг.

-Улс төрийн намын санхүүжилтийн хуулиар сонгуулийн ерөнхий хорооны эрх, үүргийг нэмэгдүүлж байна уу. Эсвэл өөр байгууллагын тухай яригдах уу?

-Сонгуулийн Ерөнхий хороо эрх, хэмжээ одоогийнх шигээ байсан нь дээр гэж би бодож байна. Нэр, усыг нь өөрчилж барих зүйл яригдаж байгаа юм байна лээ. Би тэгэх хэрэггүй гэж бодож байна. Зарим байгууллага байснаараа байгаад үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Тэр дотор уг асуудлыг хариуцсан тодорхой ганц, хоёр нэгж нэмж гарах байх. Бүтцэд өөрчлөлт нэг их орохгүй. Намын гишүүнчлэлийн бүртгэлийг Улсын бүртгэлийн газар давхар хийх юм. Улсын бүртгэлийн газар бүх аймагт салбартай учраас түүгээрээ дамжуулна. Сонгуулийн Ерөнхий хороо хяналтаа тавина. Эрх, үүргийн их тодорхой зааж өгч байгаа учраас гайгүй байх. Гэхдээ сонгууль явуулчихаад бусад үед суучихдаг байгууллага байж болохгүй юм. Бусад үед сонгуульд оролцдог гол субьект болох улстөрчид, намуудын үйл ажиллагаанд хяналт тавиад явдаг байхаар зохицуулж өгнө. Маш олонд оронд энэ зарчмаар ажилладаг. Монголд ч ингэж ажиллахад болохгүй зүйл байхгүй.

-Тавантолгой төсөл явсангүй, Оюутолгойн далд санхүүжилттэй холбоотой асуудал шүүмжлэл дагуулж байна. Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох төсөл УИХ-ын төвшинд уналаа. Энэ бүхэнд та ямар байр суурьтай байна вэ?

-Оюутолгойтой холбоотой асуудлаар би Ерөнхий сайдад нэг зүйлийг хэлсэн. Айлчлалаар явахаасаа өмнө УИХ дээр баасан гаригт мэдээлэл хийхдээ “Оюутолгойн хоёр дахь шатны ажлаа эхлүүлж байгаа, зарчмын тохиролцоонд хүрч байгаа, ордыг хариуцаж байгаа “Эрдэнэс МГЛ” компани хөрөнгө оруулагч талтай гэрээ зурна” гэдгээ яриад явсан бол ийм ярианд орохгүй. Яриагүй учраас зугатаад дуугүй явчихсан ч юм шиг ойлголт төрүүллээ. Чи энэ дээрээ алдаж… Би жишээ нь Ерөнхий сайд байсан бол араа бодно шүү дээ. Нэг юм зураад ирэхэд ийм хэмжээний ярианд орно гээд, УИХ дээр мэдээлэл хийж байхдаа “Араас битгий хашгираад байгаарай, энэ бол өмнө нь олон сар яригдаад дүрэм журмын дагуу хийгдэж байгаа, ийм арга хэмжээнд би оролцох нь байна шүү гэдгээ хэлээд явах байсан” гэж бодогдож байна. Би түрүүн хэлсэн, Засгийн газрын хийж байгаа ажил бүхний хойноос Засгийн газрыг огцруулдаг, тэр нам Засгаас гарна, тэр нам орно гэдэг УИХ-ын гишүүдийн ярьдаг сэдэв энэ болоод байна. Энийг зогсоохын тулд Ерөнхий сайдад тодорхой эрх мэдлийг өгөх ёстой. Наад зах нь өнөөдрийн Үндсэн хуулиар сайд нарын асуудлыг УИХ дахь намын бүлгээр оруулдаг, намаар ярьдагийг болиул. Ерөнхий сайд оруулж ир. Сайдыг огцруулах асуудлыг гишүүд санаачилж, УИХ-д асуудал өргөн барьдагийг болиул. Найман гишүүн наад зах нь гарын үсэг зураад Ерөнхий сайдад ханд. Хэрвээ Ерөнхий сайд нь огцруулах асуудлыг оруулж ирэхгүй байгаа бол тэр тайлбараа УИХ-даа хэл. Оруулж ирж байгаа бол УИХ шийдээд яв. Ерөнхий сайдын алба хашиж байхдаа би Засгийн газрын хоёр гишүүнээ огцруулах асуудлыг оруулж байсан, огцруулж л байсан. Тийм учраас Үндсэн хуулийн хүрээнд маш олон асуудлыг шийдэх боломжтой. Энэ тухай өмнө нь би ярьж байсан учраас дэлгэрүүлэх шаардлагагүй. Тавантолгой дээр дэндүү их цаг алдаж байна. Хугацаа нь хэтэрсэн хоол хор болдог, хугацаандаа шийдээгүй асуудал хог болдог гэдэг зүйр цэцэн үг хэлье. Би тэгж л боддог. Ачаа болоод л байдаг байхгүй юу. Ямар үр дүн гарч байгааг та бүхэн бараг мэдэж байгаа байх. Шаардлагатай байж уу, үгүй юу. УИХ яриад Засгийн газар татаж авч байгаа гэж би ойлгосон, өгч байгаа мэдээллээс. Засгийн газар цогцоор нь шийдье гээд. Тэр бас зөв санаа байж болно. Тавантолгойг урагшаа явах төмөр замтай холбоод шийдье гээд Засгийн газар гэрээ байгуулж байгаа нь, Тавантолгойн 50 хувь дээр асуудал бий. Дахиад цаад 50 хувийг нөгөө тийш явах төмөр замтай холбож шийдэх хэрэгтэй гээд иймэрхүү шийдэл ярьж байгаа бол гишүүд олон талаас нь ярьсаар байгаад зөв шийдэл болж болно. Өмнө нь хараагүй байсан, магадгүй шаталж шийдэх байсан, асуудлыг нэгмөр шийдэж болно. Одоо үүнээс цааш хугацаа алдмааргүй байна. Цаг алт гэдэг нь ийм зүйл дээр л гарч байгаа юм. Гацууртын ордын тухайд УИХ нэгэнтээ шийдчихсэн, түүн дээр би юу хэлэх вэ дээ.

-Таныг эрх мэдлээ нэмэгдүүлэх хэмжээнд 61 хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл унаж байна, шаардлага хангахгүй байна. Боловсруулалт муу байна гэдэг зүйл УИХ дээр яригдаж байна?

-Аль болох сайн боловсруулалт хийхийг хичээж байгаа. Хоёрдугаарт, оруулж байгаа хуулиудын нэлээн олон нь УИХ-аас дэмжлэг авсан. Өмнөх бүрэн эрхийн хугацааны юмыг ярьсангүй, шүүхийн шинэчлэлийн хүрээнд болон бусад асуудлын хүрээнд өргөн мэдүүлж, дэмжигдсэн 23 хуулийн төсөл байдаг. Өргөн барьсан хуулийн төслүүдээс 60-70 хувьтай явж байгаа, боломжийн.

УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд дээр судалгаа хийсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх санаатай хууль нэгийг ч боловсруулаагүй. Иргэдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрд хариуцлага бий болгох, ард түмний хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр хуулиуд өргөн барьж байгаа. Энэ зарчмаа барина.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж