Зуслангийн замыг шалгажээ

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Зуслангийн замыг шалгажээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зургадугаар сарын 10-ны өдөр хойд зуслан чиглэлийн Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын төмөр бетон гүүр, Хандгайт чиглэлийн 16.35 километр авто зам, засвар болон төв зам дагуух дулааны, цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажилд хяналт, шалгалт хийжээ. Өнөөдөр тус шалгалтыг дүнг танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, "Чингисийн гудамж"-д Эрчим хүчний яамны захиалгаар "Сээмий" компанид боловсруулсан зураг төслийн дагуу хотын дулааны 1в магистрал шугамыг солих ажлыг "Одкон" компани хариуцан хийсэн. Энэ онд нийт 300 метр хос шугам солиж, шинэчлэгдэхээр төлөвлөгдсөнөөс гүйцэтгэгч компанийн зүгээс буулгалтын ажлыг бүрэн дуусгасан. Шинээр солих ган хоолойн угсралтын ажлаас 10-аад холбоос гагнах дутуу. Мөн 50 метр орчим газарт хоолойн дулаан тусгаарлалт хийгээгүй бөгөөд шахаж шалгах, шороогоор булах ажлуудыг хийгээгүй дутуу үлдээсэн нь мэргэжлийн хяналтынханы шалгалтаар илэрчээ. Харин Төв шуудангаас Цэцэг төвийн уулзвар хүртэлх шугам сүлжээ солих ажлыг "Гандирс од" компани гүйцэтгэсэн. Засварын ажлын үед замын хөдөлгөөнийг хааж, ажлаа гүйцэтгэсэн ч анхааруулах тэмдэг тэмдэглэгээг бүрэн гүйцэт хийгээгүй, холбогдох зарим зураг төсөл байхгүй зэрэг зөрчилтэй байжээ.

Харин зуслангийн замыг шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа "Эрдэнэ зам" компани зураг төслийн дагуу замын даланг өргөсгөх ажил хийж байгаа үедээ хажуугаар нь зорчих тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг тусгаарлах хамгаалалт хангалтгүй байсан. Мөн зуслангийн зам засварын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан компаниуд захиалагч талтайгаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй бөгөөд барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй засвар шинэчлэлтийн ажлыг хийсэн нь илэрсэн гэдгийг улсын ахлах байцаагч Д.Дуламрагчаа онцоллоо.

Зуслангийн зам засвар ажил хийж байгаатай холбогдуулан түр зам гаргах боломжгүй учир замыг хэсэгчлэн хувааж, хөдөлгөөнөө зохицуулах, зам барилгын ажлаа хийхээр зохицуулсан. Гэвч шинэчлэлт, засварын ажил гардан хийж байгаа компаниуд анхааруулах тэмдэг тэмдэглээг хангалттай хэмжээнд байрлуулаагүй, хүнд даацын машин, механизм ажиллаж байх үед хөдөлгөөн тусгаарлалтыг хийгээгүйгээс осол, аваар гарах аюултай нөхцөл байдал үүссэн байсан гэж улсын байцаагчид мэдээллээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж