Манаачийг хэн манах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Манаачийг хэн манах вэ?

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа яваа билээ. Уг хууль УИХ дахь Ардчилсан намын болон “Шударга ёс” эвсэл болон Хууль зүйн байнгын хорооноос олонхийг дэмжлэг авсан юм. Гэвч, өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан уг хуулийн төслийг ҮАБЗ-өөс ирүүлсэн бичгийн дагуу гэх шалтгаанаар хасч орхисон нь УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхгүй юу гэсэн шүүмжлэл дагуулаад байна.

Монгол Улс парламентын засаглалтай. Төрийн эрхийг барих дэд байгууллагын хувьд Үндсэн хуульд заасны дагуу хууль санаачлах, хууль хэлэлцэх, хууль батлах, хууль тогтоох бүрэн эрх УИХ-д бий. Тиймээс өнгөрөгч пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтад багтсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг олонхиороо шийдэлгүй, УИХ-ын дарга үзэмжээрээ хассан нь парламентын гишүүдийн хууль санаачлах, УИХ-ын хууль тогтоох эрхэнд халдсан явдал боллоо гэж харах хүмүүс байгаа билээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхэнд халдах нь эргээд парламентын засаглалын чадамжийг бууруулна гэж үзэж байгаа юм.

Хууль зүйн байнгын хороон хуралдаан дээр хуулийн төслүүдийн талаар хэлэлцэх үеэр АТГ-ын дарга Н.Ганболд “Энэ дотроос албан тушаалын буюу авлигын гэж томъёолдог төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх замаар бусдад давуу байдал олгож хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх эс үйлдэл, үйлдлийн хор хохирол маш том. Үүнийг аваад хаячихаар АТГ Авлигын эсрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд боломжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл АТГ хээл хахуультай тэмцэх байгууллага болж хувирч байгаа юм. АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна” гэсэн бол үүний дараахан АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс мэдэгдэл гаргаж, “АТГ-ыг шүдгүй арслан болгох нь” хэмээн мэдэгдэв.

Чухамдаа бол АТГ-аас мөрдөх албыг татан буулгах эсэхийг УИХ хэлэлцээгүй, хэлэлцлээ гэхэд олонх дэмжих үгүй нь тодорхойгүй байгаа шүү дээ.

Сүүлийн жилүүдэд АТГ улстөрчдийн хувьд “Хадны мангаа” болж хувирсан. Адаглаад л айж ичихгүйгээр хулгайж, хумсалдаг албан тушаалтнууд айдаг, эмээдэг болсон. Арван долоон тэрбумыг халаасалдаг татварын байцаагчид ч алга болохгүй юмаа гэхнээ цөөрсөн биз. Энэ бол яах аргагүй АТГ-ын ажлын нэг үр дүн. Харин нөгөө талдаа эрүүдэн шүүх процесс АТГ-т УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг нэгтгэснээс хойш Монгол Улсад нэмэгдсэн байна гэсэн дүгнэлтийг Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасныг бас бодолцох ёстой. Өнгөрсөн гурван жилд 11 мянган бизнес эрхлэгчид хууль, хүчнийхэнд шалгуулсан гэх баримтыг Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэх болсон билээ.

Мэдээж, АТГ-ыг хадны мангаа болгон харагдуулах, намын бүлгүүд, намын фракцуудын бие, биенээ намнах хэрэгсэл болгон ашиглах сонирхол улстөрчдөд бий. Тэр утгаараа ч АТГ-ын нэр хүнд олон нийтийн дунд давхар унах болсон билээ. Үүнийгээ ч АТГ засах хэрэгтэй болов уу.

Болж байгаа үйл явдлыг хөндлөнгөөс харахад нэг талдаа АТГ-ыг өөрсдийнх нь хэлснээр “Шүдгүй арслан” болгочихож бас болохгүй. Тэгвэл албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн мөнгийг хулгайлж, хумслах хүмүүс айхаа болино. Харин нөгөө талдаа АТГ-ыг “хадны мангаа” болгож бас боломгүй. Тиймээс энэ хоёрын тэнцвэржүүлсэн хууль хэрэгтэй байна уу гэвэл тийм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор улстөрчид тэмээ, ямаа хоёроо ялгаж салгах ёстой болов уу? Ямар ч байсан АТГ –г манаач гэвэл манаачийг бас манах нь зөв.

Б.ХОНГОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж