Байрны урьдчилгааг 10 хувь болгож, төр баталгаа гаргана

Хуучирсан мэдээ: 2015.06.24-нд нийтлэгдсэн

Байрны урьдчилгааг 10 хувь болгож, төр баталгаа гаргана

Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь төр баталгаа гарах боломжтой гэж Засгийн газар тогтоолын төсөл боловсруулсан. Одоо энэхүү хуулийн төслийг Улсын их хурал /УИХ/ баталчихвал дундаж орлоготой, шалгуурт нь тэнцсэн, зорилтот бүлгийн иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг өөрсдөө төлж, үлдэгдэл 20 хувийн төлбөрийн баталгаагаа төрөөс гаргуулж, авч болно. УИХ-д өргөн барихаас өмнө зээлийн баталгааг чухам ямар иргэдэд гаргаж өгөх вэ, тэдэнд ямар шалгуур үзүүлэлтүүдийг тавих вэ гэдгийг тодорхойлох судалгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам хамтран хийхээр болжээ. Гэхдээ энэ ажлыг долдугаар сард багтааж Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм. Нэг ёсондоо долдугаар сард багтаан иргэдэд орон сууц авахад нь урьдчилгаа төлбөрийн батлан даалтыг Засгийн газраас гаргаж эхлэхээр төлөвлөжээ. Дараа нь ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан, 20 хүртэл хувийн урьдчилгаанд хамрагдах эрхтэй иргэдийн төлбөрт 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл хариуцан ажиллах юм. Мөн цаашид нийгмийн даатгалын санг мөнгөжүүлж, түүнээс санхүүжилт татах байдлаар ажиллана гэж Барилга хот, байгуулалтын сайд Д.Цогтбаатар мэдэгдлээ.

Хэрэв энэхүү тогтоолын төсөл батлагдвал:

1. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд түлхэц болох
2. Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх,
3. Барилгын салбарыг санхүүгийн эрсдлээс хамгаалах
4. Иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох боломж бүрдэх,
5. Хүн амын орон сууцын хангамжийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж Барилга, хот байгуулалтын сайд тайлбарлав.

Цаашид худалдан авах орон сууцны талбайн хэмжээг 80 метр квадратаас нэмэгдүүлэн ипотекийн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох боломжийг холбогдох байгууллагууд судалж эхэлжээ.

Д.УЛАМБАЯР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж