Йемений Ерөнхийлөгч уушгины дутагдалд оржээ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Йемений Ерөнхийлөгч уушгины дутагдалд оржээ

Саудын Арабид мэс засалд орж, хагалгаа амжилттай болсон талаар өчигдөр мэдээлж байсан билээ. Харин АНУ-ын Засаг захиргааны албан мэдээлэлд Али Абдулла Салехын биеийн 40 хувь түлэгдэлтэй, уушгины дутагдалд орсон гэжээ. Амь нас нь хутганы ирэн дээр байгаа Али Абдулла Салех Йеменд буцаж очих эсэх нь эргэлзээтэй байгаа ажээ.

Өнгөрсөн баасан гаригт ерөнхийлөгчийн байр руу босогчид  довтлох үеэр Али Абдулла Салех шархадсан байна. Арабын нэгэн дипломатчийн мэдээлснээр Али Абдулла Салех дэлбэрэлтийн үеэр цээжиндээ гүн шарх авсан гэнэ.

Йемений мөрдөн байцаагчид ерөнхийлөгчийн байранд гарсан халдлагаас ямар нэгэн ул мөр олохоор ажиллаж байгаа ажээ. Шинжээчдийн мэдээлж буйгаар бөмбөг амиа золиослогчийнх биш гэнэ. Йеменд өнгөрсөн нэгдүгээр сараас хойш Ерөнхийлөгч Салехыг огцрохыг шаардсан босогчид болон Засгийн газрын цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн тасраагүй байна. Таиз хотод одоо ч тэсрэх бөмбөг, буун дуу гарч байгаа бөгөөд хотыг хяналтандаа авах гэсэн босогчид, цэргүүдийн хооронд тулаан үргэлжилж байгаа гэнэ.  НҮБ Йемений эрх баригчдыг хүчирхийлэл явуулж, Засгийн газрыг эсэргүүцэгч 50 гаруй босогчдыг хөнөөсөн хэрэгт буруутгасан юм.

АНУ Саудын Арабаас Али Абдулла Салехыг явуулахгүй байхыг ятгаж буй гэнэ. Саудын Араб Йемений Ерөнхийлөгчийг Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн шийдвэрийг хүлээн авахыг ятгах нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байна.

Улс оронд нь үүсээд буй нөхцөл байдал болон биеийн байдлаас үүдэн Али Абдулла Салех  Йемений Ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирэх эсэх нь эргэлзээтэй байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж