Н.Алтанхуяг: Ойлголтын зөрүүг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Ойлголтын зөрүүг цэгцэлнэ

Монгол дахь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж сая өндөрлөлөө.

Хуралдаанаар даатгалын салбарын хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах, банк санхүүгийн салбарт татварын хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой бэрхшээлийг арилгах тухай асуудлуудыг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн явцад зарим асуудал дээр талуудын санал зөрөлдөж байв. Маргаантай асуудлыг хэрхэн зохицуулах талаар.хурлыг даргалсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаас тодруулав.

-Хуралдаанд оролцогчид даатгалын талын зарим хууль хэрэгжихгүй байгаа талаар ярьж байсан.Үүнийг яаж шийдэх вэ?

– Даатгалын чиглэлд зарим хууль хэрэгжихгүй байна гэж оролцогчид хэллээ. Төрийн зүгээс хариуцаж заавал даатгах ёстой зарим субъектын даатгал хийгдэхгүй байгаа юм байна. Тиймээс холбогдох хуулийг хэрэгжүүлэх талаар Засгийн газартай хамтарч ажиллая гэлээ. Энэ жил сум хөгжүүлэх санд 24 тэрбум төгрөг хуваарилсан. Тэр мөнгө банкаар дамжихгүй учраас эрсдэлтэй болж байгаа. Буцаж төлөгдөхгүй бол яах вэ. Энэ дээр даатгал хийвэл яасан юм бэ гэсэн санал гарлаа. Үүнийг нэлээд дэлгэрэнгүй томъёолоод Засгийн газартай хамтарч ажиллая гэлээ.

-Арилжааны банк, татварын байгууллагын хооронд үл ойлголцол гарч байсан.  Үүнийг яаж зохицуулахаар болсон бэ?

-Арилжааны банк, татварын  байгууллагын хооронд асуудал үүсээд байна. Асуудлыг хуулийн хүрээнд шийдье гэхээр шийдэх боломжгүй гэж байгаа. Ойлголтын зөрүү үүсч байна л даа. Тиймээс маш хурдан ажлын хэсэг байгуулж хуульд өөрчлөлт оруулъя гэж тохирлоо. 

-Тэр ойлголтын зөрүү нь юу вэ?

-Тухайлбал, банк  зээлдэгчээс барьцаа авдаг. Байр, байшин барьцаалж болно. Нөгөө хүн зээлээ төлж чадахгүй бол банк орон сууцыг нь борлуулна. Гэтэл орон сууц борлууллаа гээд татварын байгууллага банкнаас үндсэн хөрөнгө борлуулсны татвар, НӨАТ авч байгаа. Энэ бол буруу гэж банкныхан ярилаа. Яагаад гэвэл  зээлдэгч хүн зээлээ мөнгөөр нь буцаагаад төлсөн бол асуудал байхгүй. Гэтэл зээл авсан хүн мөнгөө төлж чадаагүйн төлөө зээлийг төлүүлсэн банк татвар төлөх нь буруу. Зээлээр барьцаалсан орон сууцыг банк  борлуулсан нь зээлийг төлүүлэх нэг хэлбэр болохоос биш банк үл хөдлөх хөрөнгө борлуулаад байгаа хэрэг биш гэсэн иймэрхүү мэтгэлцээн боллоо. Татварын байгууллага нь болохоор хуулиараа Монгол Упсын нутаг дээр борлуулж байгаа бүх үл хөдлөх хөрөнгөөс татвар авна гэж заасан гээд суучихаж байна. Хуулийн ийм хоёр заалтыг аль аль тал ишлэл болгоод мэтгэлцээд байгаа болохоор үүнийг нэг мөр болгох хэрэгтэй юм байна гэж үзлээ. Зээл гэдэг дотор барьцааны хөрөнгийг борлуулж байгаа үйлдэл багтаж байна уу, үгүй юү гээд хоёр хуулийг зэрэгцүүлээд харахаар хоёулаа эцэслэн шийдэж чадахгүй байна. Ийм болохоор хуульдаа өөрчлөлт оруулъя гэлээ. Жишээ нь, банкны барьцаанд байгаа хөрөнгийг шүүхийн шийдвэрээр борлуулж байгаа бол түүнд  НӨАТ төлөхгүй гээд заачихъя гэсэн санал гарлаа. Цаашдаа хуульд холбогдох өөрчлөлт оруулах талаар ярилцахаар боллоо.

                                Д.ОЮУН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж